О.Батнайрамдал: "Петрочайна Дачин Тамсаг"-ийн олборлолт тогтвортой явах нь манайд чухал

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалтай уул уурхайн салбарын цаг үеийн сэдвүүдээр ярилцлаа.


-Манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчилсан. Түүний өмнө ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров айлчилсан шүү дээ. Хоёр хөрш улсын Гадаад хэргийн сайд нарын айлчлалаас танай салбартай холбоотой онцлох шийдвэр юу байсан бэ?

-Манай салбарын хувьд хоёр хөршийн Гадаад хэргийн сайд нарын айлчлал өндөр ач холбогдолтой байлаа. Айлчлалуудын хүрээнд ярьсан сэдвүүдийн дийлэнх нь манай салбартай холбоотой төсөл хөтөлбөрүүд байсан. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровыг айлчлах үеэр Роснефть компанитай гэрээ хэлцлийн ажил ид өрнөж байсан юм. Улмаар АИ-92 шатахууны үнийн хэлцлийг эцэслэж чадсан.

Хэлцлийг эцэслэснээр шатахууныг тогтвортой ханган нийлүүлэх, одоогийн нөхцөл байдалд шатахууны үнийг тогтвортой байлгах ач холбогдолтой юм. АИ-92 шатахууны үнийг дөрөв, тав болон зургаадугаар сард 2390 төгрөгт барьж чадсан. Ингэснээр 36 сая ам.доллар буюу 110 тэрбум төгрөгийг гурван сарын хугацаанд иргэдийн халааснаас хэмнэж чадсан юм. Тухайн үед зах зээл дээр нефтийн ханш өндөр байсан ч бид дотооддоо үнээ барьсан учраас дээрх үр дүнг үзүүлсэн. Тиймээс АИ-92 шатахууны үнийн хэлцлийг эцэслэснээр дээрх бодит хэмнэлт он дуустал үргэлжилнэ.

Манай нүүрсний салбарын гол асуудал, бэрхшээл нь тээвэрлэлт, боомтын хүчин чадалтай холбоотой гацаа юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалын үеэр боомтын хүчин чадлыг нэн тэргүүнд ярилцсан явдал маш чухал байлаа. Төмөр зам, нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны хэлцэл хийхэд хоёр тал харилцан тохиролцсон өндөр ач холбогдолтой айлчлал болсон.

Манай нүүрсний салбарын хамгийн оргил үе бол цар тахлын өмнө буюу 2019 онд юм. Тус онд 37 сая тонн нүүрсийг экспортлосон. Харин 50 сая гаруй тонн нүүрсийг олборлож чадсан юм. Гэвч Гашуунсухайт боомтын ТЭЗҮ-ийн хүчин чадал нь 87 сая тонн, Шивээхүрэн боомтын ТЭЗҮ-ийн хүчин чадал нь 39 сая тонн юм. Ингээд үзвэл манай нүүрсний салбарын ТЭЗҮ-ийн нийт хүчин чадал 100 сая гаруй тонныг олборлох боломжтой. Гашуунсухайт боомт дахь нүүрсний нөөц 3.5 тэрбум тонн бий. Шивээхүрэн боомтод 1.3 тэрбум тоннын нөөц байгаа. Бидэнд нүүрсний нөөц болон ТЭЗҮ-ийн хүчин чадал нь хангалттай байна.

Хэрэв нүүрсээ тээвэрлэх төмөр замыг 2017 онд ашиглалтад оруулсан бол сүүлийн таван жилийн хугацаанд 4.9 тэрбум тонн нүүрс экспортлож, төмөр замаар нийт 7.7 тэрбум тонн тээвэрлэлт хийх байсан. Тэгэхээр алдагдсан боломжийн өртөг 10 гаруй тэрбум тонн болж байгаа юм. Тиймээс Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаар төмөр замыг гол сэдэв болгож, үүний хүрээнд боомтын сэргэлтэд ач холбогдол өгсөн нь онцлох зүйл байлаа. БНХАУ-тай нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ хийхийг сүүлийн 10 жилийн турш ярьсан. Гадаад хэргийн сайд Ван Игийн айлчлалаар энэхүү асуудлыг нэг тийш нь шийдэж, ажил хэрэг болгохоор боллоо.

-Урт хугацааны гэрээ гэдгийг хэдэн жилийн гэрээ гэж тооцож байгаа вэ?

-Гэрээний талаарх нарийвчилсан мэдээлэл буюу жилд хэдэн тонныг, хэдэн жилийн хугацаанд нийлүүлэх гэх мэт мэдээллүүд одоогоор тодорхойгүй байгаа.

-Манай улс энэ онд 37 сая тонн нүүрсийг экспортлоно хэмээн оны эхэнд төлөвлөж байсан. Харамсалтай нь энэ тооцоололд хүрэх боломжгүй учраас 18 сая тонн нүүрсийг экспортлохоор болсон шүү дээ. Манай улс өнөөдрийн байдлаар хэчнээн тонн нүүрсийг экспортлосон бэ. Мөн энэ оны зэсийн баяжмалын экспортын гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа бол?

-Төсвийн тодотголоор энэ онд экспортлохоор төлөвлөж байсан нүүрсний хэмжээгээ багасгаж 18 сая тонн болгосон. Гүйцэтгэл нь энэ сарын 4-ний байдлаар 64.2 хувьтай байгаа. Нийт 11.6 сая тонн нүүрсийг экспортлосон. Сүүлийн хоёр сарын хугацаанд нүүрсний экспорт нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт 900 машин нүүрсийг экспортлосон. Тиймээс энэ оны сүүлээр төлөвлөгөөт тооцоололдоо хүрч чадна хэмээн харж байгаа. Мөн энэ сарын 4-ний байдлаар 871 мянган тонн зэсийн баяжмалыг гаргасан. Энэ оны төлөвлөгөөтэй харьцуулахад 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

-Энэ жил хайгуулын лиценз олголтын тоог нэмэгдүүлсэн. Хайгуулын лицензийн зөвшөөрөлтэй компани орон нутагт хайгуул хийхдээ малчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа шүү дээ?

-Тийм ээ. Энэ бол олон жилийн турш үргэлжилж буй асуудал. Зөвхөн манай улсад тохиолдоогүй. Бусад улс орон ч уул уурхайн салбараа хөгжүүлэх үед тулгардаг асуудал. Хайгуулын лиценз олголтын тоог нэмсэн нь гол зүйл биш. Харин хайгуулын лиценз олголтыг цахимжуулж чадсан нь чухал юм. Үүний журмыг бичих амаргүй байсан. Засгийн газрын хуралдаанаар оруулахад эргүүлэн татаж байсан тохиолдол ч бий. Хайгуул ямар ач холбогдолтой хийгээд тулгарч буй асуудал, ямар аймгуудад хэдэн лиценз олгосон, тэдгээр нь нийт газар нутгийн хэдэн хувийг эзэлдэг талаарх мэдээллээс эхлүүлээд бодит баримтыг нээлттэйгээр Засгийн газрын хуралдаанаар ярилцах ёстой.

Мөн гарц гаргалгаа, шийдвэрийг нь ч ярилцах хэрэгтэй юм. Тиймээс л Засгийн газрын хуралдаанаар оруулж, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, шийдлээ гаргаад ажиллана. . Аж ахуйн нэгжүүдийн хувьд хайгуулын лиценз олголтыг цахимжуулсан явдалд дэмжсэн байр суурьтайгаар хүлээж авсан. Учир нь тэдний зүгээс нэг лиценз авахын тулд 100 гарын үсэг цуглуулдаг байсан юм. Энэ бол байж болохгүй зүйл шүү дээ.

Манай улсын нийт газар нутгийн 3.9 хувийг уул уурхайн ашиглалтын болон хайгуулын талбай эзэлдэг. Нийт газар нутгийн 2.8 хувийг хайгуул, 1.1 хувийг ашиглалтын талбай эзэлдэг юм. Өмнө нь замбараагүй лиценз олголтын үед нийт газар нутгийн 20 хувийг хамарч байсан жишээ бий. Малчид болон орон нутгийн иргэдийн хувьд замбараагүй лиценз олголтын үеэр одоогийн лиценз олголтыг төсөөлөөд байна. Тиймээс л компаниуд болон иргэд хооронд зөрчилдөөн үүсэж байгаа.

Мөн орон нутгийн иргэдэд уул уурхайн салбарын мэдээлэл дутмаг, тэдэнд зөв ойлголтыг өгөөгүй нь ч нөлөөлж байна. Тухайлбал, хайгуулыг газар ухаж, хөрсийг сүйтгэдэг хэмээн ойлгодог. Энэ нь мэдээллийн тэнцвэргүй байдлыг харуулж байгаа юм. Тиймээс оролцогч талууд харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгахад анхаарч ажиллах хэрэгтэй. Манай яамны зүгээс Байгаль орчин, аялал жуулчлал болон Зам тээврийн яам гэх мэт холбогдох яамдын төлөөлөгчидтэй хамтран зүүн таван аймгийн Засаг дарга, аж ахуйн нэгжүүд, иргэдтэй хоёр өдрийн хурал хийсэн юм. Энэ үеэр уул уурхайн салбарын талаарх ойлголтгүй, мэдээллийн тэнцвэргүй байдал хамгийн их байгаа нь ажиглагдсан.

-Петрочайна Дачин Тамсаг компанийн асуудлыг та юу гэж харж байгаа вэ. Иргэд болон компани хоорондын зөрчил ширүүссэн шүү дээ?

-Газрын тосны салбар бусад ашигт малтмалын салбартай харьцуулахад хайгуулаасаа эхлээд хэдэн арван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилт хэрэгтэй болдог. Монгол Улсын хувьд тийм их хэмжээний хөрөнгө оруулж чадахгүй учраас тухайн аж ахуйн нэгж нь бүхий л эрсдэлээ дааж, бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг юм. Петрочайна Дачин Тамсаг компанийн хувьд бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээгээ байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус компанийн асуудалд Засгийн газраас ажлын хэсгийг гаргаад ажиллаж байгаа. Тухайн ажлын хэсгээс судалгаатай үр дүн гарах болов уу хэмээх хүлээлттэй байна.

Петрочайна Дачин Тамсаг компанийн олборлолт цаашдаа тогтвортой явах нь манай улсын хувьд чухал. Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход түүхий газрын тосны олборлолтын тогтвортой байдал нэн чухал юм. Мөн тус компани нь Дачин Тамсаг ордын хайгуул, олборлолтод гурван тэрбум орчим ам.долларыг зарцуулсан байдаг. Тиймээс их хэмжээний хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгахад анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор хийсэн судалгаагаар таван жил тутамд Европын банкны хөрөнгө оруулалтаар хийдэг бөгөөд өнгөрсөн онд уг судалгааг хийсэн/ хуулийн маргаан, гэрээний зөрчил зэрэг асуудал манай улсын уул уурхайн салбарыг гацаах гол хүчин зүйл болж байгаа нь ажиглагдсан.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярихгүй юу. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хүлээлттэй байгаа юу?

-Манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоогоор 4000 орчим ам.доллар байдаг. 2009-2013 оны хооронд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4700 орчим ам.доллар болж өсөж байсан. Тухайн үедээ 2.5 дахин өссөн үзүүлэлт нь тэр л дээ. Тухайн цаг үеэс хойш буюу 2013 оноос хойш нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтсон. Өсөлт болон бууралт байхгүй. Бид энэ хэмжээ яагаад тогтчихсон бэ гэдэгт анализ хийх хэрэгтэй.

Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4000 ам.долларт хүрснээр энгийн хэрэглээ буюу хувцас, хоол хүнс зэрэгт голчлон анхаардаг. Харин 4000 ам.доллароос хоёр, гурав дахин нэмэгдвэл тухайн орон өөрсдийн энгийн хэрэглээнээс гадна томоохон хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлдэг. Төмөр зам, дэд бүтэц, томоохон аж үйлдвэржилтийг бий болгосноор нийгмийн үсрэнгүй хөгжлийн үе шатыг бий болгоно. Хөгжлийн дээд шатанд хүрсэн үе буюу томоохон дэд бүтэц нь хөгжсөн тохиолдолд тухайн улс энтертайнментад хөрөнгө оруулдаг. Энэ бол хөгжсөн орон болох гурван үе шат юм. Тэгэхээр манай улсын хувьд үсрэнгүй хөгжлийн үе шат руу орох замдаа гацсан гэсэн үг. Гацаанаас гарах алхам бол томоохон хэмжээний буюу мега төслүүддээ хөрөнгө оруулж, ажлыг нь эрчимжүүлэх юм. Үүнийг дурдсан шалтгаан нь баялгийн сантай холбоотой.

Мега төслүүдийг эрчимтэй явуулахад хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй учраас Засгийн газар зайлшгүй оролцох хэрэгтэй болдог. Манай улс мега төслүүдийг өөрсдийн 100 хувийн хөрөнгөөр бий болгох шаардлагагүй. Үүнд гаднын хөрөнгө оруулалт ямар нэгэн байдлаар орж ирэх ёстой. Гаднын хөрөнгө оруулагчдын тавьдаг шаардлага бол Засгийн газар мега төслүүдэд эрсдэлийг хуваан үүрч, оролцох юм. Төр эрсдэлийг хуваалцаж, нийт хөрөнгө оруулалтын тодорхой хувийг өөрөөсөө гаргана гэсэн үг. Гэтэл тэр хөрөнгө оруулалтыг төрөөс бус Эрдэнэс Тавантолгой компаниас гаргадаг. Тус компани нь бүхий л төслүүдийн дийлэнх хувийг эзэмшигч болоод байгаа юм.

Энэ нь манай улсын зүгээс хөрөнгө оруулах механизм буруу байгааг харуулж, үүнийг зохицуулах шаардлага бий болсон. Зохицуулах арга нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль юм. Үндэсний баялгийн сангаар газрын баялгийн өгөөжийг дамжуулж хүртэнэ хэмээн 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндэсний баялгийн сан гэдгийг хоёр төрлөөр харж байгаа. Нэгдүгээрт, ирээдүй үедээ хадгалах ёстой сан буюу уул уурхайгаас орж ирж буй орлогын тодорхой хувийг хадгалахыг хэлж байгаа юм. Хоёрдугаарт, хөгжлийн сан. Эрдэнэс монгол компанийг хөгжлийн сангийн зарчим руу оруулж, эрх үүрэгтэй болгож, түүгээр дамжуулж мега төслүүдэд төрийн өмнөөс хийх санхүүжилтийн механизмыг гаргаж ирэх нь Үндэсний баялгийн сан юм. Мега төслүүдийг санхүүжүүлэх механизмыг бид зайлшгүй үүсгэх ёстой. Тэгсэн цагт мега төслийн ажлууд эрчимжинэ. Үүний тулд Эрдэнэс Монгол компани хөгжлийн сан болж хувирах ёстой.

Ингэснээр дэлхийн томоохон компаниудтай хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт татах боломжтой болж байгаа юм. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраар хэлэлцсэн. УИХ-д өргөн барихын тулд Сангийн яам болон Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авах ёстой. Уг хуулийн төслийн зөвшөөрлийг авсан учраас УИХ-ын намрын чуулганаар ярилцах байх хэмээн хүлээлттэй байгаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд түлшний үнийн талаар тодруулмаар байна. Намрын ургац хураах, хадлан хадах улирал ирлээ. Наадмын өдрүүдэд түлшний үнэ нэмэгдсэн шүү дээ. Тиймээс түлшний үнэ дахин өсөх вий гэх болгоомжлол тариаланчдын дунд үүсээд байна л даа?

-Засгийн газрын зүгээс энэ асуудлыг авч хэлэлцсэн. Намрын ургац хураалтад 10 мянга орчим тонн түлш шаардлагатай хэмээх тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан. Бид 10 мянган тонн түлшний үнийг өмнөх жилүүдийнхтэй адил ханштай байхаар зохицуулалт хийх юм. Тэгэхээр түлшний үнэ өсөхгүй. Харин одоогийнхоос хямд байна гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.65.119) 2022 оны 08 сарын 17

Дайчин тамсгийн нууц ноёнтон П.Очирбат,Энэ хүн дээлээ тосдоод зүгээр хараад суудаг гэж ойлговол том эндүүрэл.Тэнд охин нь гол үүрэгтэй Хятадын инженер,санхүүгийн хүмүүс нь Очирбатын 3/Завхан аймагт байх үеийн жинхэнэ эцэг,нутаг яваад буцаж ирээгүй, дараачийн нас барсан-хойд аав,амгалан суурингийн буюу сүүлчийн аав/ аавын садан төрлийн хүмүүс гэсэн.Гэхдээ Дайчин тамсаг Хятад-Монголын хамтын ажиллагаанд ямар нөлөөтэйг ”шугамаараа”судлах ,уян хатан байдал хэрэгтэй байхыг үгүйсгэх аргагүй

0  |  0
гэрэл(202.131.245.154) 2022 оны 08 сарын 16

Нийт 4,8 тэрбум тн нөөцтэй гэчихээд 7,7 тэрбумыг гаргах байсан гэж донгосох юм,Юм худлаа бичсээр байгаад юу бичиж байгаагаа ч мэддэггүй юм байхдаа хөөрхиө

0  |  0
Ханр(66.181.179.220) 2022 оны 08 сарын 14

Тоонууд буруу бна аа. Наад захын мэдлэггүй бацаан. Зайлуулаад.

1  |  0
Зочин(192.82.88.91) 2022 оны 08 сарын 12

Петро дачин тамсаг компани одоо австралийн ТМК компанитай хийн хайгуул дээр хамтрахаар гэрээ бгуулчихлаа. Одоо тун удахгүй австралийн компанийн лицензийг нь авна. Тэгээд дахиад л бгаль орчин сүйтгэж эхлэнэ дээ. Уул уурхайн яам энэ асуудлыг анхааралдаа аваач эээ

0  |  0
zochin(202.179.21.199) 2022 оны 08 сарын 12

davartsan kompaniin gereeg uurchluh zaluuchuudaa demjii Enhbayr gishuunees ehleed zondoo baigaa shu

0  |  0
Z(202.9.46.170) 2022 оны 08 сарын 13

Энэ банди хол явахгүй э

2  |  1
Зочин(202.126.90.44) 2022 оны 08 сарын 12

С.Баяр,Сү.Батболд 2-нхоо луйврын учрыг ард түмэнд эхлээд тайлбарла, тэр 2 - оос хойш хятадууд Монгол дарга нарыг нь огт хүн гэж тоохоо больсон гэж дотор нь олон жил ажилласан хүн ярьж байна лээ. Энэ 2 хулгайч дээрэмчингүй юм алга.Монголыг аль л өнгөтэй өөдтэй болгон руу хуруу хумсаа дүрсэн Хогийн шарилжууд билээ шд.

1  |  0
Top