Дүрслэх урлагийн салбартаа “Далны Тоогий” хэмээн алдаршсан сийлбэрч, уран бүтээлч Т.Баттогтох бол олон талын авьяастай, уран сэтгэмжтэй, эрэл хайгуулч хүн. Тэрбээр 700 ширхэг далны ясаар бүтээсэн “Шүүлт” хэмээх бүтээлээрээ нийгэмд томоохон сэрэмж дохио, утга учрыг сануулаад байгаа билээ. Эл бүтээл төдийгүй түүний олон зуун бүтээл нь өөр өөрийн гэсэн өгүүлэмжтэй, баялаг ур ухааныг шингээсэн байдгаараа онцлогтой. Улс хувьсгалын 100, 101 түүхт жилийн ойн баяраар МУУГЗ цол хүртсэн сийлбэрч Т.Баттогтохтой уран бүтээлийн талаар ярилцлаа.
-Монголчууд бэлгэдэл ёс ихтэй ард түмэн. Далаар мэргэлэх, далыг хураасан айл баяждаг, далыг далуулаа гэх зэргээр аливаа зүйлийн цаана заавал нэг утга учрыг багтааж байдаг. Таны хувьд далны ясаар уран бүтээл туурвидаг хүн учир энэ талаар яриагаа эхэлье?
-Монголчуудын эртний язгуурын соёл, энэ цагийн хүмүүст мартагдсан ур ухаан гэдэг өөрөө үнэ цэнтэй. Дал гэдэг монголчуудын хамгийн хүндтэй зоог, хамгийн хүндтэй хүндээ барьдаг идээ шүүс юм. Далны холбогдолтой маш олон судар, толь бичиг байдаг. Соён гэгээрүүлэгч Л.Түдэв гуай “Дал” гэдэг сонинг хүртэл эрхлэн гаргаж байсан шүү дээ. Тэр сонинд шинжлэх ухаан, танин мэдэхүйн бүтээл нийтэлдэг байлаа.
Дал гэдэг эртний нүүдэлчин монголчуудын мэдээллийн толь байсан. Орчин цагаар яривал интернет сүлжээ лугаа адил. Монголчууд дал идчихээд сэтэлж хаядаг журамтай. Тэр нь янз бүрийн мэдээллүүдийг устгаж байна гэж ойлгож болно.
Уг нь хаядаггүй хадгалдаг байсан юм билээ. Далан дээр аливаа амьтны цог золбоо, сүлд хийморь оршиж байдаг. Эртний археологийн малтлагаас судлахад язгууртнуудыг далны идээ шүүстэй хамт оршуулдаг ёс уламжлалтай байж. Тийм ч учраас монголчууд далны ястай харьцах урлаг соёлыг эртнээс хөгжүүлэн өвлүүлсэн байдаг. Дал гэдэг өөрөө гурвалжин хэмжээстэй, далны хот, далны нуруу зэрэг орон зайг ашиглаж уран бүтээлээ туурвидаг. Гурвалжин хэмжээс гэдэг ертөнцийн бүх дүрсийг бүтээж болох талбар. Дан далаар биш олон тооны далыг бүрдүүлж 800-2000 далаар орчин үеийн контемпорари урлагийг буй болгож далны урлагийг хөгжүүлээд явж байна.
-Таны хамгийн сүүлд толилуулсан “Шүүлт” бүтээл олны сонирхлыг ихээхэн татаж хүн бүр өөрийнхөөрөө тайлж уншлаа шүү дээ. Харин таны хувьд юу гэж тайлбарлах вэ?
-Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо “Grand Gobi” амралт цогцолборын газарт болсон “Spirit of Gobi” фестиваль буюу контемпорари арт, электрон хөгжмийн наадам амжилттай болсон. Энэ наадамд “Шүүлт” нэртэй бүтээлээрээ оролцлоо. Контемпорари чиглэлээр бүтээл туурвидаг Монголын болон олон улсын, тухайлбал, Солонгос, Герман, Японы уран бүтээлчид ирж оролцсон. Манай улсын хувьд, контемпорари чиглэлээр бүтээл туурвидаг 60 артистаас 15-ыг шалгаруулж авсан юм. Шалгарсан уран бүтээлчид 4-5 км талбайд өөр өөрсдийн контемпорари бүтээлээ байршуулж, “Уяхан замбуутивийн наран дор” нэртэй үзэсгэлэн гаргасан.
“Шүүлт” бүтээл маань 700 ширхэг далаар бүтсэн бөгөөд далаа улаан өнгөөр будаж, дөрвөн хөлтэй болгосон. Ямар өнцгөөс харах нь хувь хүний сонирхол. Мэдээллийнхээ хэмжээгээр л ойлгоно. Реалист зүйл бол нэг л хэв шинжтэй. Энэ бүтээл маань шинэ зууны хэлээр ярьж, маш олон өнцгөөр хязгааргүй сэтгэлгээг харуулсан. Дал дэлхийн хэлээр ярьж эхэллээ.
Хүнд сайхан сэтгэгдэл ч төрүүлж болно, муухай сэтгэгдэл ч үлдээнэ. Энэ л уран бүтээлчийн эрх чөлөө шүү дээ.
Хүн энэ ертөнцөд төрөөд буцахын хооронд хэрхэн амьдарсан нь тэнгэр бурхны өмнө шүүгдэнэ. Тийм учраас эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэдгийг энэ ертөнцийн долоон тэрбум хүмүүсийг төлөөлж 700 ширхэг далаар бүтээлээ хийсэн. Улаанаар будсан нь анхааруулгыг илэрхийлж байгаа юм. Дэлхий дахинд гай гамшиг, аваар осол, ган гачиг, үеэр усны аюул ойр ойрхон болоод байгаа нь хүмүүс байгальтайгаа зүй бус харьцсаных. Тийм учраас дараа дараагийн үедээ эх дэлхийгээ сайхан амьдрах боломжийг үлдээгээч гэдгийг сануулсан. Дал гэдэг мэдээлэл хадгалж байдаг учраас хүний бүх сайн, муу мэдээллийг бурханд илчилнэ шүү дээ.
Энэ бүтээл маань олон ч хүнийг цочирдуулж, сэртхийлгэх шиг боллоо. Уран бүтээлч хүн нийгэмд дохио өгөх үүрэгтэй шүү дээ. Энэ бүтээл маань миний төрсөн нутаг Налайхын Сайханы саравч гэдэг газар “Нүүдэлчин Монгол” наадмын үеэр тавигдсанд тун баяртай байна. Энэ наадамд дөрвөн уран бүтээлчийн бүтээл уригдаж толилуулсан. Монголчуудын сэтгэлгээний түвшин хөгжиж байгаад таатай байна. Уран бүтээл гэдэг хүчирхэг мэргэн санаа гэсэн үг шүү дээ. Тэр бүтээл хүмүүст хүчтэй мэдрэмж төрүүлэх ёстой юм.
Улс хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойгоор төр засаг намайг үнэлж МУУГЗ гэдэг том цолоор мялаасан тэр баярт агшинд энэ бүтээл маань төрсөн. Цаашдаа олон улсын уралдаан тэмцээнүүдэд оролцоно. Гадаадын уран бүтээлчид Европ руу гарах боложтой юу гэж асуусанд олзуурхаад байгаа юм.
-Та ямар ямар амьтны далаар бүтээл туурвиж байсан бэ. Тэдгээрийг хэрхэн олж авч цуглуулах уу?
-Таван хошуу малын дал болон ховор амьтдын далны ясаар сийлбэр хийдэг. Албан ёсоор нь агнасан ховор амьтдын далаар бүтээл хийлгэе гээд хүмүүс авчирна аа. Ерөнхийдөө таван хошуу малын далаа махны үйлдвэрүүдээс түүж шилж авдаг. Боловсруулахын тулд удаан хугацаанд чанана, тосыг нь хөөж гаргана. Заримдаа химийн урвалууд явуулна. Далтайгаа ярилцана. Чамд ямар ид шид, ямар гайхал төрүүлэм зүйл байна гээд л ярилцана шүү дээ. Саяын 700 далтайгаа ойлголцох гэж их л хичээсэн.
Уран бүтээл гэдэг нь хүмүүсийн урд хожид үзээгүй тийм зүйлийг дэлгэж тавьснаараа оюун санаанд ямар нэгэн гэрлийг асаадаг байх.
Дал гэдэг өөр өөрийн араншинтай, дахин давтагдашгүй байдаг. Хониных өөр, мориных өөр өөр өнгө төрхтэй. Зэрлэг амьтдын дал их хатуу, нимгэн байдаг. Монголын хамгийн том биетэй амьтан болох хандгайн далаар бүтээл хийж байсан. Хот нь их өргөн, нимгэн хэрнээ маш том байдаг. Хөхтөн амьтан бүр далтай, хулгана хүртэл далтай шүү дээ. Хандгай, хулгана хоёрын далыг харьцуулаад харахад их сонин шүү. Хулганын далаар хийсэн бүтээлээ та бүхэнд тун удахгүй толилуулна.
Миний бүтээлийг Монголд, Өвөрмонголд дуурайгаад бүтээлээ хийж байгаад баярладаг, өөр өөрийн хэмжээнд хөгжүүлээд бүтээгээд явах хэрэгтэй. Гэхдээ миний бүтээлийг шууд хуулах зэрэг нь зохиогчийн эрхийг зөрчсөн хэрэг учраас анхаарвал зүгээр байх гэж боддог. Монголчуудыг эртнээс Далч монголчууд гэж нэрлэдэг байсан гэдэг. Чингис хааны шадар мэргэн Юлюй Чуцай болон алтан ургийн хаадууд далыг уншдаг, далаар мэргэлдэг, даланд зориулж өргөө хүртэл барьж байсан түүхтэй.
-Та чухам хэзээнээс далны ясаар бүтээл хийх санаа төрсөн бэ. Олон оронд үзэсгэлэнгээ толилуулж байв уу?
-Миний хувьд 1994 оноос уран бүтээлээ туурвиж байна. “Тэмээ тэнгэрийн амьтан” хэмээх тэмээний музей байгуулах уралдаан зарлаж үхрийн далан дээр тэмээн жингийн цуваа сийлсэн. Мөн тэмээний 300-аад тамганаас 100-аад тамгыг сорчлон сийлж байлаа. Тус уралдаанд хоёрдугаар байранд орж урам зориг авч байлаа.
МУУГЗ Г.Цогбаяр багшийнхаа удирдлага дор Дүрслэх урлагийн сургуулийг уран сийлбэрчээр төгсөж, дараа нь МУГБ Д.Дашмаа багшийн удирдлага дор СУИС-ийн дуурийн дуулаачийн ангийг төгсөж байсан. Далны бүтээлүүдээрээ 2000 оноос хойш бие даасан есөн үзэсгэлэн гаргажээ. Англи, Франц, Польш, Тайван, Орос, Унгар, Итали, Солонгос зэрэг гадаадын 10 гаруй оронд үзэсгэлэнгээ толилуулж байлаа. Украйн, ОХУ, БНХАУ зэрэг улсуудад хамтарсан үзэсгэлэнгээ гаргаж байсан.
-Та далны урлагаа олон төрлийн урлагтай хольж тун сонирхолтой бүтээлүүдийг амилуулдаг. Энэ төрлийг мэргэжлийн нэршлээр нь юу гэх вэ. Дэлхий дахинд дүрслэх урлагийн салбар ямар түвшинд хөгжиж байна гэж та хардаг вэ, мөн манай улсын хувьд ямар хэмжээнд байна гэж боддог вэ?
-Манай Монгол орон бол мал аж ахуйн орон. Уран бүтээлч хүн өөрийн гэсэн өнгөтэй, бусдаас ялгарах онцлогтой байх ёстой. Миний бүтээлийг хараад энэ бол Баттогтохын бүтээл байна гэж танигдах учиртай. Тийм ч учраас энэ төрөлдөө 20 гаруй жил үнэнч явж байна. Далны урлагийг сийлбэрийн бүтээл, уран дарханы урлаг, арьсан урлаг, модон бүтээл, төмөрийн урлагтай хослуулж ирсэн. Сүүлийн үед Ковидын үед уран зурагтай хүртэл сүлэлдүүлж маш сонирхолтой дүрслэлүүдийг бий болгож үзлээ. Дал гэдэг өөрөө арван мянган нууцтай гэж эртний сударт бичсэн байдаг. Орчин цагийн хүн төрөлхтний таашаах хэмжээнд хүргэхийн тулд ямагт эрэл хайгуул хийж, олон төрөлд хольж урлагийн түвшинд аваачихыг зорьж ажилладаг даа. Уран бүтээлч хүн мөнхийн эрэл хайгуулчин байх ёстой. Далны олон мянган нууц өдрөөс өдөрт үүцээ задалсаар л байна шүү дээ.
Дэлхий дээр модернист, постмодернист гээд маш олон урсгал чиглэл байдгаас энэ төрлийг “Дализм” гэдэг “изм”-д багтааж болох юм.
Уран зургийг зөвхөн цаасан дээр будгаар бүтээнэ гэдэг ойлголт үеэ өнгөрөөж урлагт техникийн дэвшил гэрлийн хурдаар нэвтэрч, дуу авиатай, боди арт, ленд арт буюу байгалийн урлаг, видео арт зэрэг шинэ шинэ төрлүүд үүсэж хөгжөөд байна шүү дээ. 20 дугаар зууны дундаас дээрх урсгалууд илүү хөгжсөн бол контемпорари урлаг нь 1990-ээд оноос шинэ зууны босгон дээр хөгжиж бидний амьдарч буй эринд энэ урлаг хүн төрөлхтний сонирхлыг маш их татаж байгаа юм.
“Дэлхийн урлагийн олимп” гэгддэг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд орчин цагийн контемпорари бүтээлүүд тавигддаг. Энэ олимпоор тухайн улс гүрэн сэтгэлгээний хувьд хэр хүчтэй хөгжиж байна вэ, урлаг соёлдоо хэр анхаарч байна вэ гэдэг нь ялгарч харагддаг. Манайх Соёлын яамтай болсноос хойш тус наадамд оролцох мөнгө санхүү, дэмжлэгийг шийдэж байгаад уран бүтээлч хүний хувьд баяртай байна.
-Таны бүтээлээс Асашёорюү аварга Японы ханхүүд бэлэглэж байсан гэдэг байх аа?
-Далны бүтээлүүдийг маань төр засаг болон бизнесменүүд үнэлж Японы ханхүү, Малайзын хатан хаан, Казакстаны ерөнхийлөгч, Арабын тэрбумтан зэрэг гаднын нэр хүндтэй зочид төлөөлөгчдөд бэлэглэж байсан. Г.Өсөхбаяр, А.Сүхбат аварга хоёрыг далай аварга цолтой байхад нь дүрсийг нь тэмээ болон үхрийн далан дээр сийлж байлаа. 2006 онд дуудлага худалдаанд орсон. Миний бүтээлүүд дэлхийн таван орны галерей музейд хадгалагддаг. Жишээ нь, Италийн Миланы галерей музейд “Дэлхийн төсөөлөл” бүтээл маань бий.
-Та одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Налайх дүүрэг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ жил тохиож буй. Налайхын уурхайчны хүү гэдэг утгаараа ойн наадамдаа “Нарны гэрэлтэй Налайх” сүлд дуугаа дуулсан. Энэ дууг 2010 онд ганцаараа дуулсан байсан бол энэ жил МУГЖ Ж.Алтанцэцэг болон “Увертюра” хамтлагтай хамтарч дуулсан. Нутгийнхаа ойгоор “Дуудлага” хэмээх 21 метр өндөр, 30 метрийн урттай орчин үеийн монументал уран барималаа налайхчуудын хандиваар босгож байгаа. Энэ санааг минь дэмжсэн унаган нутгийнхандаа талархсанаа илэрхийлье. Монголынхоо язгуурын соёлыг шүтэн дээдэлдэг монголчууд минь дал илүү насалж, далай их жаргалыг эдэлж, далны хуудсыг даяараа хүртэж, даамай их жаргалыг хотлоороо хүртэх болтугай.
А.Сүглэгмаа
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )