БНХАУ-ын 33 хот бүтэн болон хэсэгчилсэн хөл хориотой байна

2022 оны 09 сарын 08

Өнгөрсөн сарын сүүлчээс хойш Хятад 70 гаруй хотыг бүрэн буюу хэсэгчлэн хөл хорионд оруулж, 300 сая гаруй хүнд нөлөөлжээ. Наймдугаар  сарын 20-ноос хойш нийтдээ 313 сая хүн амтай дор хаяж 74 хотод бүхэл бүтэн эсвэл хэсэгчлэн хөл хорио тогтоосон байна. Эдгээрт Тяньжин муж ч багтжээ. Тус мужид одоо ч хязгаарлалтууд үргэлжилсээр байна.

Хятадын “Caixin” санхүүгийн сэтгүүлд мэдээлснээр одоогоор 33 хот хэсэгчлэн эсвэл бүрэн хөл хорионд байгаа аж. Эрүүл мэндийн салбарын холбогдох албаны хүмүүс өндөр настнуудын вакцинжуулалтын түвшин харьцангуй бага, хөдөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгаа нь хязгаарлалтыг зөөлрүүлэхэд саад болж байна гэж тайлбарлаж байгаа ч Хятадын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд улс төрийн хүчин зүйл бас чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Тус улсын "Тэг Ковид" стратегийг тууштай дэмжигч Ши Жиньпин ирэх аравдугаар сарын 16-нд эхлэх Намын XX их хурлаар дахин таван жил улс орны тэргүүнээр томилогдох юм. Энэ үйл явдал нь намын болон Ши Жиньпингийн 10 жилийн хугацаанд  засгийн эрхэнд гарсан ололт амжилтыг бататган тэмдэглэх чухал мөч байх учиртай.

Хүчтэй дэгдэлт нь энэхүү ялалтын дүр төрхийг сүйтгэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн ахлах ажилтан Янжун Хуан "Нам нь томоохон дэгдэлт зэрэг ямар ч сөрөг зүйл нийгмийн тогтвортой байдалд заналхийлж, удирдагчдын шилжилтийн үйл явцад сөргөөр нөлөөлж, Ши Жиньпиний хувийн удирдлагын итгэлийг гутааж болохгүй гэдгийг батлахыг хүсэж байна" гэжээ.

 

Хөл хорионоос үүдэлтэйгээр сэтгэл ханамжгүй байдал нэмэгдэж байна

 

Хөл хорио нь 10 сая гаруй хүн амтай хэд хэдэн метрополис, түүнчлэн томоохон аж үйлдвэрийн төвүүдийг хамарч байна. Хятадын баруун өмнөд хэсэгт орших мега хот Ченду пүрэв гарагт 21 сая оршин суугчаа хөл хорионд оруулсан.

Ковид тестийг бүртгэхэд ашигладаг хотын дижитал систем удаа дараа гацаж, туршилтын цэгүүд дээр урт дараалал үүсгэсэн. Энэхүү программ хангамжийг нийлүүлдэг Хятадын “Neusoft” корпораци амралтын өдрүүдэд гаргасан мэдэгдэлдээ "сүлжээний доголдол"-ын улмаас осол гарсан гэж үзжээ. Ням гарагт Чендугийн нэгэн ээж нулимс дуслуулсан видео монологоороо хүнд өвчтэй хүүгээ долоо хоногийн турш албадан хорио цээрийн дэглэмд оруулсны дараа зүрхний өвчнийг эмчлэх чухал цаг хугацааг алдсан тухайгаа ярьжээ. Зүүн хойд Хэйлунцзян мужийн газрын тосны орд газруудаараа алдартай 2.7 сая оршин суугчтай Дачин хотын томоохон дүүргүүдэд мөн хөл хорио тогтоожээ. Баасан гарагт 27 настай оршин суугч Су Гуаню жирэмсэн эхнэрээ хөл хорионы улмаас эмнэлгийн тусламж авч чадахгүй байсаар  зулбасан тухай мөн нийтэлсэн байна. Онлайнаар шуугиан тарьсны дараа Дачингийн эрх баригчид бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ энэ хэргийг мөрдөн шалгах болно гэжээ. Шиньжяны баруун бүсийн Инин мужийн зарим оршин суугчид олон нийтийн сүлжээгээр нэг сар үргэлжилсэн түгжрэлийг зогсоохыг уриалж, хоол хүнс болон бусад өдөр тутмын хэрэгцээт зүйлсийн хомсдолд хүрсэн тухайгаа дурджээ. Харин Ухань хотын Панлонгчен дүүргийн   оршин суугчид долоо хоног үргэлжилсэн түгжрэлийг цуцлахыг  шаардан жагсчээ. Хятадууд  эхэндээ хөл хориог дэмжиж байсан ч өдөр тутмын амьдралд нь  хязгааргүй хязгаарлалт тавьж, эдийн засагт нь хүнд цохилт болсонд улам бүр бухимдаж байна. Гэвч Гадаад харилцааны зөвлөлийн гишүүн Хуан  “Намын XX их хурал нь "Тэг Ковид"-оос холдох боломжтой бодлогын өөрчлөлтийн улс төрийн цонхыг нээж чадна. Их хурлын дараа бодлогын томоохон өөрчлөлт гарна гэсэн хүлээлт байна” гэжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top