Цусны даралт өвчнөөс цугтаа сэргийлж чадна

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Хэлж, сануулж ирдэггүйгээрээ өвчин, тахал хамгийн аюултай хэмээн ярьдаг. Гэсэн хэдий боловч хүн өөрийн биеэ сайтар мэдэж, оношилгоо, эмчилгээнд хамрагдан урьдчилан сэргийлж чадвал ихэнх өвчнөөс сэргийлж чадна.

Нэг үгээр бол орчин цагт өвчин урьдчилан сануулж, хэлж, мэдрүүлж байж ирдэг болсон. Харамсалтай нь өнөөх л манай монголчуудын хэнэггүй, хээгүй зан нь хэтийдээд тэр бүр өөрийгөө оношлуулж, чухам ямар өвчин тусах гээд, тэр нь яаж хүндэрч, улмаар амь насанд нь аюул учруулж болохыг мэддэггүй. Харин энэ байдал сүүлийн жилүүдэд алхам, алхамаар багасаж, хүмүүсийн хандлага засарсаар байна. Төр, засгаас ч гэсэн эрүүл мэндийн салбарт шат дараатай томоохон ажлуудыг эхлүүлж байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байгаа.

Тэдгээрийн хамгийн чухал нь бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо юм. Ингэснээр эхний хэдэн жилдээ өвчлөлийн тоо асар ихээр нэмэгдэх ч аажимдаа буурч, үхлийн аюулгүй өвчнөөр амь насаа алдах нь эрс багасна гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа. Тухайн өвчний учир шалтгааныг олж тогтооно гэдэг эмчлэхийн, урьдчилан сэргийлэхийн нэг үндэс болно. Түүнээс биш эцсийн шатандаа ортол хүндэрчихээд эмнэлгийн байгууллагад хандахаар ямар ч мундаг эмч, сүүлийн үеийн тоног төхөөрөмж байгаад амь насыг нь аврах магадлал буурч таарна.

Сүүлийн үед даралт ихсэх, улмаар харвах нь залуужиж байна гэсэн мэдээлэл нэмэгдэж байгааг мэргэн уншигч та анзаарч харсан л биз ээ. Тэгвэл бидний хэлдгээр даралт ихсэх буюу цусны даралт ихсэхийн учир шалтгааныг нь мэддэг байвал түүнээс бүрэн сэргийлж чадах аж.

Тэгвэл энэхүү нийтлэлээрээ та бүхэнд цусны даралт гэж юу болох, чухам яагаад нэмэгддэг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар цухасхан мэдээлэл өгөхийг хичээлээ.

Хамгийн энгийнээр тайлбарлавал цус судасны ханыг дарж буй хүч буюу даралтыг цусны даралт гэдэг аж. Харин дээд буюу систол даралт 140, доод буюу диастол даралт 90-ээс хэтрэхгүй байвал хэвийн хэмжээ гэж үздэг болохыг мэргэжлийн эмч сануулж байна. Үүнээсээ хэтэрсэн байвал л ихэссэнд тооцдог гэнэ. Ингэж цусны даралт нэмэгдэж явсаар зүрх судсанд эмгэг үүсвэл зүрхний дутагдал, шигдээс, цус харвалт зэрэг аминд халтай хүндрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Гэтэл бид энэ өвчний учир шалтгааныг нь өөрсдөө эхлүүлж байдаг аж. Хүний нас, хүйс, удамшил зэрэг биологийн хүчин зүйлсийг өөрчлөх боломж байхгүй нь мэдээж. Үүнээс гадна цусны даралт ихсэхэд уурлаж бухимдах, буруу хооллолт, архи, согтууруулах ундааг удаан хугацаагаар хэтрүүлэн хэрэглэх, тамхи ихээр татах, хөдөлгөөний дутагдал гээд хүмүүс бид л өөрсдөө хичээвэл сэргийлж болох алдаа дутагдлууд учир шалтгааны хамгийн тэргүүн эгнээнд байна. Үүнээс харахад цусны даралтаа ихэсгэхгүй байхын тулд хорт зуршлуудаасаа хамгийн түрүүнд салж, эрүүл зөв хооллон, тогт­мол дасгал хөдөлгөөн хийхэд л хангалттай. Хувь хүн аливаа зүйлд ганцаараа хичээгээд төдийлөн үр дүн муутай байдаг. Тиймээс л цусны даралтаас цугтаа сэргийлж чадна гэж хэлээд байгаа хэрэг. Гэр бүлээ­рээ, найз нөхөд, ах дүүсээрээ идэж буй хоолондоо анхаарч, хамтдаа хөдөлж, бусаддаа сануулж, анхаарал халамж тавих нь чухал юм. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэж үг байдаг шүү дээ. Ямар ч хүнд хажуунаас нь хэлж яриад, урамшуулаад байхад хорт муу зуршлаа хаяж чадна.        

Монгол Улсын хүн амын өвчлөл, эндэгдлийн шалтгаанд 1990 оноос хойш зүрх судасны шалтгаант эмгэгүүд тогтмол тэргүүлсээр иржээ. Мөн нийт өвчлөлийн 11.1 хувь, нас баралтын 31.2 хувийг эзэлж, өнгөрсөн онд л гэхэд 10 мянган хүн тутамд зүрх судасны өвчлөл 936 болж ихэссэн байна. Энэ нь сүүлийн арван жилийн дунджаас 128-аар илүү гэдгийг мэргэжилтнүүдийн гаргасан тоо, баримтаас харж болно.

Дээрээс нь цусны даралт ихсэх өвчин жил ирэх бүр залуужиж байгаад мэргэжилтнүүд санаа зовж, энэхүү аюулт өвчинтэй тэмцэхээр Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХААН Банк Сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 2018 оноос эхлүүлсэн нь тодорхой үр дүнд хүрснийг энд дурдах нь зүйтэй.

Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 12 аймгийн нийт 23 мянга гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийсэн бол зөвхөн энэ онд л гэхэд Өмнөговь, Дорноговь, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаж, нийт 7777 иргэнд үзлэг оношилгоо хийж, 240 эмч мэргэжилтнийг чадавхжуулах сургалтад хамруул­сан байна. Гэсэн хэдий боловч энэ өвчнөөс нэг аян тогтмол хэрэгжүүлснээр урьдчилан сэргийлж, өвчлөлийг тогтмол бууруулж чадахгүй бөгөөд та, бидний оролцоо буюу мэргэжлийн байгууллага, эмчид хандах нь чухал гэдгийг л улиглан хэлээд байгаа юм.

Хэрэв бид эрүүл мэндийн анхан шатны мэдлэгтэй, орчин үеийн анагаах ухаанд итгэдэг, амь насандаа хайртай байсан бол ДЭМБ-аас гаргасан хүн амын нас баралтын шалтгааны эхний хоёрт Зүрхний титэм судасны нарийсал, Цус харвалт орохгүй байж. Дотны найз маань хэрэв өөрийн биеэ хянаж, эмнэлэгт тогтмол үзүүлж байсан бол асуудал хүндэрч, зүрхний ховдол солих хагалгаа хийлгэхгүй байлаа. Амьдралынхаа үлд­сэн хугацаанд гам барьж явах­гүй байх боломжтой байсан ч эрүүл мэндийн үзлэгт хамрагдалгүй хүндрүүлснээс л ийм зүйл болчихсон юм. Тэгэхээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны даралт өвчнөөс цугтаа сэргийлэхийн тулд тогтмол эмчийн үзлэгт хамрагдаж, нэгэнт ихэсдэг болсон бол эмээ тогтмол ууж, эмчээсээ байнга зөвлөгөө авч байх хэрэгтэй гэдгийг дахин хэлье. Үүнийг би биш мэргэжлийн эмч хэлснийг давхар сануулж байгаагаа ч хэлмээр байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top