Киргиз, Тажикистаны хил дээр долоо хоног үргэлжилсэн мөргөлдөөний улмаас хоёр талаас нийт 100 гаруй хүн амиа алджээ.
Киргизийн талаас 59 хүн амиа алдаж, 144 хүн гэмтэж бэртсэн талаар мэдээлсэн бол Тажикистаны талаас 47 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан тухай мэдэгджээ.
Есдүгээр сарын 19-ний өдрийг Киргизэд Үндэсний гашуудлын өдөр болгон зарласан байна.
Талууд баасан гарагт гал зогсоох тохиролцоонд хүрч, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров нар Узбекистанд болсон ШХАБ-ын чуулганы үеэр уулзсан билээ. Гэвч хэдхэн цагийн дараа талууд гал зогсоох тохиролцоогоо зөрчиж, харилцан буудалцаж эхэлсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров болон Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон нартай утсаар ярьж, мөргөлдөөнийг даамжруулахаас урьдчилан сэргийлэхийг уриалжээ.
Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хоёр улсын удирдагчдад гал зогсоох яриа хэлэлцээ эхлүүлэхийг уриалсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )