БНХАУ-д халдварт сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн ерөнхий тархвар судлаач Ву Зунью ард иргэддээ хандан, гаднын иргэдийн биед хүрэхгүй байхыг анхааруулсан байна. Тэрбээр мөн сүүлийн гурван долоо хоногт гадаад улс орноос ирсэн хүмүүстэй ахуйн хавьталд орохгүй байхыг анхааруулжээ. Хятад улсад үйлчилж буй халдвар хамгааллын арга хэмжээнүүд болон хилийн хатуу хяналт өнөөг хүртэл сармагчны цэцэг өвчин дэлгэрэхээс хамгаалж байсан гэж тэрбээр онцолжээ.
Өнгөрсөн баасан гарагт Хятадын баруун өмнөд Чунчин хотод халдвар бүртгэгджээ. Өвчтөн саяхан гадаад орноос ирсэн байна. Түүнийг Чунчин хотод ирсэн даруйд тусгаарласан тул халдвар тархах эрсдэл бага гэж үзэж байна. Түүнтэй хавьтал болсон хүмүүсийг мөн тусгаарлаж, эмнэлгийн хяналтад оруулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, сармагчны цэцэг дэлхийн 90 орчим улсад бүртгэгдээд байна. Нийт халдвар авсан хүний тоо 60 мянгыг давж, нас баралтын 22 тохиолдол бүртгэгджээ.