Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Монголбанкнаас боловсруулж дууссан байна.
Уг төслөө Монголбанкны Ерөнхийлөгч өчигдөр УИХ-д өргөн барилаа. Харин өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг буцаалаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, зарим тооцоо судалгааг дахин нягталсны үндсэн дээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг дахин боловсруулж, зохих бэлтгэл ажлыг хангаад УИХ-ын намрын чуулган эхлэхээс өмнө танилцуулах үүрэг чиглэлийг Монгол банкны удирдлагуудад өгч буцаалаа" гэж мэдэгдээд байна. Буцаагдаад буй төсөлд 2023 оны эцэст инфляцыг нэг оронтой тоонд хүрнэ гэж тооцсон байв.
Монголбанкнаас Мөнгөний бод Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барихаасаа өмнө тус төслийнхөө талаарх танилцуулгыг парламентын сэтгүүлчдэд танилцуулах уулзалт зохион байгуулсан юм. Өмнөх жилүүдэд дандаа өргөн барьсныхаа дараа мэдээлэл өгдөг байсан бол энэ жилээс ийнхүү өргөн барихаасаа өмнө мэдээлэл хийж байхаар зорьж байгаа гэдгийг онцолж байв. Энэ нь хаа хаанаа нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй болох, иргэд уншигчдад үнэн зөв мэдээлэл олгох давуу талтай гэдгийг албаныхан тодотгосон.
Тус уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өөрийн биеэр оролцож мэдээлэл хийсэн. Тэрбээр, Үндсэн хууль дээр УИХ-ын эрх, үүрэг гэдэг хэсэг дээр жил бүр Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталж явна гээд заагаад өгчихсөн байдаг учраас Монголбанк мөнгөний бодлогоо өргөн барьдаг. Мөнгөний бодлого маань хоёр хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь яг мөнгөний бодлогын үндсэн чиглэл, нөгөөх нь УИХ-аас тогтоол хэлбэрээр гардаг. Ингэхдээ Засгийн газар, бусад төрийн бусад байгууллагатай ажлаа яаж уялдуулж хийх вэ, 2023 онд юу хийхийг зорьж байгааг тусгана.
Ноднин жилийн хувьд мөнгөний бодлогыг өргөн барихдаа экспортын чиглэлийн бизнесийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээ нь хаанаа доголдохоор байна, санхүүжилтийн схем нь хаанаа гацаж байна гэдгийг судлахаар оруулж өгсөн. Ингээд ноолуурыг сонгон авч хийж үзсэн. Ажлуулах юм бол ямар нэгэн гацаа үүсэхгүйгээр маш сайн ажиллах юм билээ. Нэгдүгээр сард санхүүжилтийг нь олгоод гуравдугаар сарын сүүл гэхэд сүлжмэл утас болоод Италийн зах зээлд оччихож байгаа юм гэсэн мэдээллийг хийсэн.
Үүний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсныг тоймлон хүргэе.
Б.ЛХАГВАСҮРЭН: ФАТФ-ЫН ШАЛГАЛТАД БИД БЭЛЭН БАЙГАА
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын зээлийн зохистой харьцаа ямар байгаа вэ?
-Энэ бол жаахан харьцангуй ойлголт. Банк өөрөө ямар чиглэлийн бизнесийг сонгож, зээл олгож байна гэдгээрээ янз бүр байгаа юм. Бид саяхан Активийн чанарын үнэлгээг нэг банкны зээлийн багцийн 70 хувийг хамруулан хийсэн. Ингэхэд зарим банкны 40 том зээлийг нь авахад л 70 хувьдаа хүрчихэж байгаа юм. Гэтэл зарим нь хэдэн мянган зээл үзсэн ч 70 хувьдаа хүрэхгүй байсан. Маш олон жижиг зээлтэй гэсэн үг. Төрийн банк, Хаан, Хас банкууд илүү их жижиг бизнес, иргэдэд чиглэсэн үйлчилгээ явуулдаг. Харин Голомт, Худалдаа хөгжлийн банкууд том зээлүүд олгодог. Тиймээс Монголбанкны зүгээс төвлөрөл их, эрсдэл өндөр байна гэдэг талаас нь харахаас бус тэдний үйл ажиллагаанд оролцох боломж байхгүй. Том зээлтэй газрын нэг зээл л чанаргүй зээл болоход том доргио үүсэхээр байгаа талаас нь л хардаг.
-Төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь алдагдсан банк байгаа юу?
-Хоёр банкны хувьд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын асуудал байгаа. тэдгээр нь Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд юм. энэ хоёрын асуудал ер нь нэлээд удаж байгаа. активын чанарын үнэлгээг 2017 онд хийсэн. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжээд, үүний хүрээнд тус үнэлгээг хийж 2018 онд дүн нь гарсан. Үүнээс өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх үүргийг нэлээд хэдэн банканд өгсөн.
Энэ үүргийг зарим нь биелүүлээд цаашаа хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа. харин биелүүлээгүй байсан гурван банкны нэгийг нь буюу Капитал банкыг 2019 оны дөрөвдүгээр сард татан буулгасан. Банкыг татан буулгаад явахад маш төвөгтэй байгаа нь харагдсан. Яагаад гэхээр Нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн 230-аад тэрбум төгрөгийн асуудал босож ирж байсан. нэгэнт татан буугдсан банк учраас зээл төлүүлэх, төлүүлсэн мөнгөнөөс хувиарлах гээд бүхий л асуудал шүүхээр явдаг. Харин хоёр жижиг банкны хувьд өөрсдөө харилцагчийнхаа мөнгийг барагдуулаад явъя гэсэн тогтворжуулах төлөвлөгөө гаргаж ирүүлсэн. Уг төлөвлөгөөний дагуу явж байгаа. Жижиг хадгаламж эзэмшигчдийн төлбөр бүрэн төлөгдөөд бараг дууссан. Одоо дандаа томоохон харилцагчдынх нь мөнгө зээл нь орж ирэх хэрээр төлөгдөөд явж байгаа. Харилцах хадгаламж дандаа богино, зээл нь урт хугацаатай байдаг манай нэг онцлог байна. Нэгэнт гэрээ хийгдсэн учраас банк дампуурах гээд байна, зээлээ одоо өг гэж болдоггүй. Тиймээс зээлийн эргэн төлөлт орж ирэхийн хэрээр барагдуулаад явж байгаа юм билээ.
-Ирэх онд ФАТФ-ийн тав дахь жилийнх нь шалгалт болно. Үүнд Монголбанк, Монгол Улс бэлэн байгаа юу?
-ФАТФ-ын Саарал жагсаалтад 2019 онд Монгол Улс орсон. Гэсэн хэдий ч зургаан сарын дотор амжилттай гарсан. Энэ байгууллагаас гаргасан хоёр янзын зөвлөмж бий. Нэг нь техникийн хувьд биелүүлэх ёстой 40 зөвлөмжтэй. Нөгөө нь хэрэгжүүлэх ёстой 11 зөвлөмж байдаг. ФАТФ-ын үнэлгээний баг 2017 онд орж ирэхэд манай улс дээрх зөвлөмжүүдийн талыг нь ч биелүүлээгүй байсан болохоор тус жагсаалтад орсон. Өнөөдрийн байдлаар 11 зөвлөмж бүгд биелэсний дотор нь долоо нь бүрэн, дөрөв нь хагас биелэсэн байдалтай байна. Техникийн зөвлөмжийн хувьд 39-ийг нь биелүүлсэн. Үлдсэн нэг нь Олон нийтийн байгууллагын тухай хууль байгаа. их хурал дээр өргөн баригдчихсан байгаа юм билээ. Энэ үзүүлэлтээрээ Ази тив дотроо хамгийн өндөр биелэлттэй улс болоод явж байна. Тиймээс дараагийн шалгалтад бид бэлэн байгаа.
-Ипотекийн зээлийг Монголбанк Засгийн газарт ирэх онд шилжүүлэхээр болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Ипотекийн зээлийг 2013 оноос Монголбанк анх эхлүүлээд хэрэгжүүлээд явж байна. ОУВС-гийн хөтөлбөрт 2017 онд ороход Монголбанканд тавьсан шаардлага, нөхцөлд нь иргэдийг тав тухтай орон сууцанд оруулах бодлого нь нийгмийн шинжтэй бодлого байна, тиймээс Засгийн газар авч явж, хэрэгжүүлэх ёстой гэсэн. Төсвийн шинжтэй үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлага тавьсан. Энэ бол хэдийгээр улс болгонд байх ёстой ч гэсэн өнөөдрийг хүртэл шилжүүлж чадахгүй яваад байгаа юм.
Төв банкны тухай хуульд 20148 онд өөрчлөлт орсон учраас 2020 онд шилжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явж байсан. Тэр оныхоо эхний 2-3 сар ипотекийн зээлийг хэрэгжүүлэлгүй, зогсоосон. Угаасаа хууль эрх зүйн орчин ч байхгүй болчихсон байсан. Ингээд байж байтал ковидын хууль гараад сунгаад явж байна. Харин энэ хууль 2022 оны 12 дугаар сарын 31-нээр дуусгавар болохоор бидний хувьд хууль эрх зүйн гарцгүй болчихно. Тэр утгаараа ирэх онд шилжүүлье гээд байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Монголбанкнаас энэ зээлд нийтдээ дөрвөн их наяд төгрөг гарчихсан байгаа. Шилжүүллээ гэхэд дээрх мөнгийг бид хэн нэгнээс авлага болгож бүртгэх ёстой.
Харин Засгийн газар руу шилжүүлчих гэхээр Засгийн газар Монголбанканд дөрвөн их наяд төгрөгийн өртэй болчихно. Тэгэхээр нөгөө өрийн таац нь хэтрээд сэт цохигдоод явчих гээд байгаа юм. Тиймээс энэ тал дээр шийдэл олох гээд Барилга хот байгуулалтын болон Сангийн яамтай уулзаад байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн хүрээнд Монголбанкнаас энэ зээлд нэг ч төгрөг гаргах ямар ч боломжгүй болно. ТОСК, НОСК зэрэг байгууллагад шилжүүлье гэхээр Хөгжлийн банканд өртэй зэргээс нь болоод болохгүй байгаа юм. Тэгэхээр БХБЯ дэргэд төрийн өмчит газар байгуулаад Монголбанкнаас шилжүүлж аваад, явцын дунд дөрвөн их наяд төгрөгөө төлөөд яваач гэсэн хүсэлтийг тавьсан. Ипотекийн зээлд дахин шинээр мөнгө гаргах ямар ч шаардлага байхгүй. Дөрвөн их наяд төгрөг нь эргэлдээд өөрийгөө нөхөөд явчихна.
-Төв банканд улс төрийн нөлөөлөл хэр ирдэг вэ?
-Монголбанк бол өөрөө мэргэжлийн л байгууллага. Манай захирлууд бүгд мэргэжлийн хүмүүс. Төв банк улс төрийн хараат байх ёсгүй. МАН засаг барихаар улаан өнгөтэй мөнгө хүчтэй, АН засагт гарахаар цэнхэр өнгөтэй нь хүчтэй гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Манай улсын гүйлгээнд байгаа 11 төрлийн мөнгөн дэвсгэрт хэний халаасанд байхаас үл шалтгаалан адилхан шүү дээ. Аль ч нам байсан Монгол Улсад худалдан авах чадвар л байх ёстой. Тэрний төлөө л энэ мэргэжлийн байгууллага байгаа.
Б.БАЯРДАВАА: МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН ТОМ МӨНГӨН ДЭВСГЭРТ 6-7 АМ.ДОЛЛАРТОЙ ТЭНЦДЭГ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулах ажил тухайн оныхоо зургаадугаар сараас эхэлдэг аж. Ингэхдээ Монголбанкан дээр ажлын хэсэг гарч эхний саналуудаа гаргаж, бусад төрийн байгууллагуудаас санал авдаг юм байна.
Үүний дараагаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд танилцуулж, Мөнгөний бодлогын хороогоор хэлэлцүүлсэнээр УИХ-д өргөн барихад бэлэн болдог гэнэ. Уулзалтын үеэр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн талаар танилцуулга хийсэн. Энэ үеэрээ Мөнгөн тэмдэгтэд өөрчлөлт оруулах тухай судалгаа хийгдэж байгаа. Бүрэн дуусахаар УИХ-д танилцуулж, яг хэдэн төгрөгийн дэвсгэрт гаргах эсэхийг УИХ-аар шийднэ гэж хэллээ. Мөн манай улсын хамгийн том мөнгө болох 20 мянган төгрөгийн дэвсгэртийг 2006 онд хэвлэж байсан.
Тэгвэл манай улс өнөөдрийн байдлаар 11 мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд ашиглаж байна. Үүнээс хоёр мөнгөн дэвсгэрт л нийт гүйлгээний 88 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд 20 мянгатын дэвсгэрт 67 хувь, 10 мянгатын дэвсгэрт 21 хувийг эзэлж байна.
Энэ бүхнээс манай улс гүйлгээнд ашиглагдахгүй байгаа тавт, хорьт гэх мэт дэвсгэртүүдийг хэрэглээнээс чөлөөлж, том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах шаардлагатай гэх судалгаа гарсан гэсэн юм. Үүнээс гадна тэрбээр, 20 мянган төгрөгийн бодит худалдан авалтын чадварыг /инфляцаас хамааран/ өнөөгийн байдлаар тооцвол анх гүйлгээнд гарч байсан үеэс 70 хувиар буурсан. Тодруулбал, 20 мянган төгрөгийн бодит худалдан авалтын чадвар анх 2006 онд гарч байсан үнээр 5960 төгрөгтэй тэнцэж байгаа гэсэн юм. Мөн Монгол Улстай ойролцоо хөгжлийн түвшинтэй улс орнуудын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь ойролцоогоор 40 ам.доллартой тэнцэж байгаа бол манайх 6-7 ам.доллар байгаа аж.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд нийтдээ найман зорилт тусгасан байна. Энэ дотор Гадаад төлбөрийн чадварыг сайжруулж, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хадгалахад чиглэсэн төсөв мөнгө санхүүгийн бодлогыг уялдуулан хэрэглэх, Гадаад худалдаа, тээвэр логистикийн хүндрэлийг шийдвэрлэж, түүхий эд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой зэрэг зорилт байгаа юм.
Импортын үнэ шууд болон шууд бус байдлаараа нийт инфляцын 3/2 хувь, өнөөгийн 15 хувьтай байгаа инфляцын 10 хувийг нь бүрдүүлж байгаа аж. Харин үүний 40 хувь нь тээврийн зардалтай холбоотой гэнэ. Тээврийн зардал 2-5 дахин нэмэгдэж, тээвэрлэлтийн хугацаа нь 2-4 дахин буюу 30-90 хоногоор урт болсон байна. Энэ нь үнэ өсөхөд хамгийн том шалтгаан болжээ.
Монголбанк уул уурхайн бус салбарыг бүхэлд нь дэмжинэ гэсэн ноднин жилийн зорилтоо больж, илүү нарийвчилж авч үзжээ. Уул уурхайн бус бүх салбарыг хөгжүүлэх нь Засгийн газрын салбар яамдуудын хийх ажил гэж үзээд Монголбанкнаас ирэх жил Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зорилтыг оруулж өгчээ.
Харин ирэх жилд инфляцийн хувьд зургаа дээр нэмэх, хасах хоёр гэсэн зорилтыг хэвээр нь үлдээсэн байна. Энэ талаар зорилт, төсөөлөл хоёр нь өөр зүйл гэдгийг Б.Баярдаваа захирал онцолсон юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )