ДЭМБ-аас өнгөрсөн жил манай улсыг сүрьеэ өвчний дарамт өндөртэй 30 орны тоонд багтсаныг зарласан. Тархалт багатай оронд тус өвчнөөр голдуу өндөр настангууд өвчилдөг байна. Харин манай улсад энэ өвчний тархалт бүх насныхны дунд жигд байгаа нь санаа зовоосон асуудал болжээ. Мөн улс орны эдийн засгийн хөгжил сайн байхын хэрээр энэ өвчний тархалт буурдаг байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээн дэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой чуулга уулзалтыг ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран зохион байгуулжээ.
Эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх болсон нь дэвшил
Тус чуулга уулзалтыг Ерөнхий Сайд С.Оюун-Эрдэнийн ивээл доор есдүгээр сарын 30-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулсан байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайдын ивээл дор Сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулснаас хойш даруй урт хугацаа өнгөрсөн. Мөн энэ цаг хугацааны бараг гурван жилд нь КОВИД-19 халдварын үе таарсан. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү чуулганд оролцохдоо цар тахал нь манай улс төдийгүй дэлхийн олон улс оронд сүрьеэгийн илрүүлэлт оношилгооны хожимдлыг үүсгэж байгааг онцолсон юм. Мөн тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан зэрэг олон улсын байгууллагын хамтын хүчээр 1990 оноос хойш сүрьеэгийн тусламж үйлчилгээнд чамгүй ахиц дэвшлийг гаргаж чадсан. Аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах гинж хэлхээг таслан зогсооход чухал байдгийг цар тахал бидэнд харуулсан.
Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж орчин үеийн Молекулбиологит суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүллээ. Томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд нийт 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдсэн. Мөн лабораторийн шинжилгээнд чанарын хяналтыг гадаад сайжруулан 2021 оноос ЖенеЭскперт шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг Өмнөд Африкийн “Смартспот” байгууллагатай хамтран эхлүүлж, 2021, 2022 онд бүх лабораториуд амжилттай хэрэгжүүлж, гүйцэтгэл нь олон улсын түвшинд хүрсэн байна” гэв. Түүнчлэн сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд нэн чухал дүрс оношилгооны орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байгаа нь томоохон дэвшил болсныг онцолжээ.
Сүрьеэгийн эмчийн тоо арван жилд 15.4 хувиар нэмэгджээ
Манай улс 2018-2022 онд Булган аймгийн Булган сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дорноговь аймгийн Сайншанд сум зэрэг хүн ам олноор төвлөрсөн, дотоодын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал ихтэй, сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт Халдварт болон сүрьеэгийн 30 ортой эмнэлгийг ашиглалтад оруулсан байна. Мөн ДЭМБ-аас зөвлөмж болгож буй сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийг богино хугацаанд өөрийн оронд хэрэгжүүлж эмд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн 60 хувь нь богино горимоор эмчлэгдэж байгаа аж.
Тус өвчний эмчилгээний чанарыг сайжруулахын тулд энэ чиглэлээр мэргэшсэн эмч нарыг бэлтгэх хэрэгтэй. Тиймээс сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүний нөөцийг бэхжүүлэх бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, “Сүрьеэгийн эмчийн мэргэшил олгох” сургалтыг есөн сарын хугацаатай, тэтгэлэгтэй болгосон байна. Одоогоор 2018-2020 оны хооронд Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн эмчийн мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг төгссөн 28 эмчээс 25 нь сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа аж. Мөн 2020-2021 онд 22 эмч суралцаж төгссөн байна. Энэ нь өнгөрсөн онд хийсэн сүрьеэгийн хүний нөөцийн судалгаагаар 2011 онтой харьцуулахад 15.4 хувиар нэмэгдсэн аж.
Үүнээс гадна тус өвчний хувьд далд хэлбэр байдаг нь эрт илрүүлэхэд саад болдог байна. БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, КОЙКА байгууллагатай хамтран сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээг энэ оны аравдугаар сараас ХӨСҮТ-д хийхээр болжээ. Мөн ирэх онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдан байна. Тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, урт хугацааны асаргаа сувилгаатай, хавсарсан өвчин эмгэгийн улмаас Өрхийн эрүүл мэндийн төвд ирж явуулын идэвхтэй илрүүлгэд хамрагдах боломжгүй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн хавьтлыг гэрт нь очиж үзлэгт хамруулах аж. Үүнд зориулсан зөөврийн "Mine X-ray" аппаратыг энэ оны аравдугаар сараас эхлэн ашиглахаар болжээ. Тиймээс энэ ажил нь хэнийг ч сүрьеэгийн тусламж үйлчилгээнээс орхигдуулахгүй байх бидний зорилго юм гэдгийг Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр онцолсон юм.
Сүрьеэ амьсгалын замаар халддаг ч нийгмийн өвчин
Глобаль сангийн сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Ганзаяа “Монгол Улс 2014-2015 онд сүрьеэгийн тархалтын судалгааг хүн амынхаа дунд анх удаа зохион байгуулсан. Энэ судалгааны дүнд үндэслэн хүн амын дунд байгаа бодит сүрьеэгийн өвчлөлийн тоо нь жил бүр улсын хэмжээнд бүртгэгддэг тооноос даруй 2-3 дахин өндөр байна гэсэн үр дүн нотлогдсон. Энэ судалгааны үндсэн дээр ДЭМБ-аас аль өвчлөл ямар оронд өндөр байгааг ангилдаг. Ингээд тус судалгааг манай оронд хийснээр Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй орны тоонд орсныг мэдсэн юм. Өвчлөл өндөртэй орны тоонд орсон гэдэг нь өмнө нь огт арга хэмжээ авахгүй байж байгаад гэнэт л энэ өвчин ихэсчихсэн гэсэн үг биш. Уг чанартаа бол нотолгоонд суурилсан аргаар хүн амынхаа дунд судалгаа явуулаад үр дүнд нь ДЭМБ-ийн гаргасан өндөр эрсдэлтэй гэсэн ангилал орчихсон. Одоо цаашдаа авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ арга барилд анхаарах, ямар чиглэлээр ажиллах ёстойг тодорхойлсон дүр зургийг гаргах шаардлагатай байна.
Сүрьеэг нийгмийн халдварт өвчин гэж нэрлэдэг. Яагаад гэвэл нийгмийн эмзэг ядуу бүлгийн дунд байгаа хоол тэжээлийн хангамж, амьдралын боломж бололцоо гээд нэрлэвэл дуусахгүй хүчин зүйлээс болж энэ өвчин илэрдэг. Сүрьеэгийн нянгийн халдварыг дэлхий нийт хүн амын гуравны нэг нь авчихсан байдаг. Тиймээс нянгийн халдвар цаашид өвчлөл болж хүндрэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг юм.
Манай байгууллага сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор үндэсний хэмжээнд 340 сайн дурын идэвхтэнг ажиллуулдаг. Тэд өдөр бүр сүрьеэтэй өвчтөний эмийг гэрт нь хүргэж өгөх ажлыг хийдэг юм. Сүрьеэгийн эмчилгээ урт удаан хугацаа шаарддаг. Хамгийн багадаа 6-18 сар үргэлжилнэ. Алслагдсан сум, суурин газарт сүрьеэг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийдэггүй. Тэгэхээр суманд амьдардаг иргэнд сүрьеэгийн сэжигтэй шинж илэрвэл сорьцийг аймгийн төв рүү тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эрт илрүүлгийн хувьд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн гишүүд, гэр бүлд сүрьеэтэй өвчтөн илэрсэн бол урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Одоогоор урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг бүх нийтийг хамарч чадахгүй байгаа ч эмзэг бүлгийн иргэдэд хүрч чадаж байгаа” гэв.
Тоонд бус чанарт анхаарлаа хандуулъя гэв
Сүрьеэгийн дарамт хэд хэдэн шалтгаанаар үүсдэг байна. Үүнд урт хугацааны эмийн эмчилгээний улмаас эдийн засгийн дарамтанд орох нь багтдаг. Анх удаа өвчилж байгаа, эмэнд мэдрэг сүрьеэ туссан иргэний эмийг Засгийн газар, Глобаль сангаас бүрэн хариуцдаг байна.
Гэвч урт хугацаанд эмэнд дасал болсноор хордлого, гаж нөлөөнөөс үүдсэн харшил хүний биед үүсдэг аж. Тиймээс үүний эсрэг тэмцэхийн тулд хордлого тайлах, нөхөн сэргээх гээд олон төрлийн эмчилгээнд мөнгө зарцуулснаар эдийн засгийн хувьд хямардаг байна.
Мөн нийгмээс ирэх ялгаварлан гадуурхалт, өвчний улмаас үүссэн сэтгэл зүйн хямрал өвчтөнд ихээхэн дарамт үүсгэдэг. Түүнчлэн тус өвчнийг туссан хүн ид халдвартай байх үедээ ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болно. Тиймээс энэ хугацаанд цалин орлогогүй болох, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж нь амьдралд хүрэлцэхгүй байх гэх мэт олон хүчин зүйлээс дарамт мэдэрдэг байна.
Манай улс тус өвчнөөр өвчилсөн иргэдэд ирэх дарамт өндөртэй орны тоонд багтсан нь нийгмийн зүгээс ирэх ялгаварлал, доромжлол, хөдөлмөр эрхлэх таатай бус орчин нөлөөлж буйг мэргэжилтнүүд онцолж байв.
Энэ удаад илтгэл хэлэлцүүлж, үр дүнгээ танилцуулсан мэргэжилтнүүд тус өвчнийг эмчлэхэд тоонд бус эмчилгээний чанарт анхаарах ёстой болсонг хэлж байсан юм. Учир нь, өнгөрсөн хугацаанд тус өвчний талаар мэдээлэхдээ жилд тэр хэмжээний хүн өвчилж байна, тохиолдлын тоо тийм хэмжээгээр нэмэгдлээ гэсэн статистик үзүүлэлт танилцуулаад өнгөрдөг байжээ. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж эмнэлгийн байгууллагад нэвтэрч, тусламж үйлчилгээ сайжирч байгаа ч цаашид жилд хэдэн хүн өвчилсөн тоог зарлахаас илүү, хэд нь эдгэрч хэвийн амьдралдаа орон тус өвчнийг ялан дийлсэн үр дүнг шаардах нь чухал болсон байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )