Төрийн өмчит компани, хоёр улсын хамтарсан хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд алдагдал их хүлээх болсон. Үүний дотор Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг багтжээ.
Тус байгууллага өнгөрсөн онд 39 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тэгвэл энэ оны эхний долоон сарын байдлаар 37 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Мөн төмөр замын зорчигч тээврийн салбарын хэмжээнд 60 гаруй хувийн алдагдал үүссэн байна.
Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт төмөр замын салбарт тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монголын төмөр зам, УБТЗ ХНН, Болд Төмөр Ерөө голын төмөр зам, Зүүнбаян төмөр зам зэрэг нийтдээ 40 гаруй байгууллагын төлөөлөл иржээ.
УБТЗ ХНН ЖИЛДЭЭ НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙДЭГ
УБТЗ ХХН-ийн дарга Х.Хэрлэн хэлэхдээ “Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн сарын 1-ний өдөр УБТЗ-ын үйл ажиллагаатай танилцахдаа манай салбарын тулгамдсан асуудлыг сонссон. Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөхцөл байдал амаргүй байсан ч манай байгууллага төмөр замын найдвартай, тасралтгүй байдлыг хангахын төлөө бүхий л хүчин чадлаа ашиглалаа. Мөн цар тахал нь Монгол, Хятадын хил дээрх ачаа тээврийн огцом бууралт болон Улаанбаатар хотын терминалууд дээрх ачаатай болон хоосон чингэлгийн хуримтлал зэрэг харилцан хамааралтай гинжин урвал бүхий төмөр замын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөхцөл байдлыг үүсгэсэн байдаг. Юуны өмнө хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт болсон. Уг ажлыг шийдэхийн төлөө шаргуу ажилласны үр дүнд Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоногт найм хүртэл буурсныг энэ оны долоодугаар сард 11-12 болгож нэмэгдүүлсэн.
Мөн сүүлийн хоёр жил БНХАУ-ын Тяньжин боомтод бөөгнөрсөн ачааг богино хугацаанд Монгол Улсад оруулж ирсэн” гэв. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “УБТЗ бол Монголын хамгийн том ажил олгогч компанийн нэг мөн. Ачаа барааны эргэлтийн дийлэнх нь тус төмөр замаар дамждаг. Жилдээ нэг их наяд орчим төгрөгийн борлуулалт хийдэг байгууллага юм. Тулгамдсан асуудал олон байна. Тяньжин боомтод үүссэн чингэлгийн бөөгнөрөл хоёр жил үүслээ. Замын-Үүд боомт дээр зургаа, долоодугаар сараас эхлэн ачаа бараагаа авч чадахгүй болсон гээд асуудал байна. Мөн экспортын ачаа нүүрс, жонш, төмрийн хүдэр болон бусад ачааг гаргаж чадахгүй хоёр жил болсонг шийдэх хэрэгтэй, авлига хээл хахууль байдаг гэсэн яриа өрнөдөг салбар. Түүнчлэн УИХ-д Төмөр замын тухай хууль хэлэлцүүлгийн шатанд явж байгаа. Энэ хуулийг бид нэн яаралтай батлуулах шаардлагатай байна” гэв.
АЧАА БАРААГ ЦАХИМААР АНГИЛАХ СИСТЕМИЙГ ТУРШЖЭЭ
Өмнө нь манай улсын 1100 км үргэлжлэх гол төмөр замыг УБТЗ хариуцаж галт тэрэг явуулан, зам талбайг нь арчилж явсаар иржээ. Харин сүүлийн үед Зүүнбаян төмөр зам, Болд Төмөр Ерөө гол зэрэг олон төмөр замын компани байгуулагдсан.
Тиймээс олон төмөр замыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шийдэл хэрэгтэй байгаа аж. Иймд Төмөр замын тухай хуульд энэ асуудлыг тусгах нэн шаардлагатай байгааг салбарын сайд нь дурдсан юм. Мөн транзит тээврийн тарифийн хөнгөлтөөс үүдсэн ачааллыг бууруулах нь тулгамдсан нэгэн асуудал болжээ. Энэ чиглэлд салбар яамнаас ажил хэрэгжүүлж байгаа ба дунд болон урт хугацаанд үр гарна гэдгийг онцлов. Богино хугацаанд гарах өөрчлөлт буюу тус уулзалтын зорилго удаан хугацаанд гацсан ачаа барааг хүлээн авч, илгээж, тээвэрлэж байгаа хүмүүст тулгамдсан асуудлыг хурдан шийдвэрлэхийг зорьсон аж.
Замын-Үүд чиглэлийн ачаа тээврийн түгжрэлийг шийдэхийг өнгөрсөн сарын 1-ний өдрийн уулзалтаар УБТЗ-д үүрэг болгосон. Тэгвэл сарын хугацаанд чингэлгийн гацаа үндсэндээ арилсан гэдгийн С.Бямбацогт сайд мэдэгджээ. Одоогоор Замын-Үүдээс 290 орчим чингэлэг Улаанбаатар хот руу хөдлөх гэж байгаа аж.
Мөн есдүгээр сарын 1-ний өдөр өгсөн өөр нэгэн үүрэг нь вагон захиалах, экспортын ачаа тээвэрлэх асуудлаа түргэвчлэх ёстой асуудал байжээ. Үүнийг ихээхэн хэл ам дагаж байгаа бөгөөд хүнээс үл хамааралтай болгож ил тод, нээлттэй байлгах ёстойг дурдсан юм. Тиймээс төмөр замын зүгээс ачаа барааг цахимаар хуваарилах журмаар ажиллах систем туршжээ.
Зөвхөн УБТЗ-д гэхэд энэ жил нийт 71 сая тонн ачаа тээвэрлэх хүсэлт ирсэн байна. Гэвч УБТЗ-ын хүчин чадал Улаанбаатар-Эрээн чиглэлд жилд 12 сая тонн тээвэрлэх хэмжээтэй байгаа. Ачаа тээвэрлэх хүчин чадлаас даруй зургаа дахин их хүсэлт ирж байгаа нь УБТЗ-д шинэчлэлт хэрэгтэй байгаа харуулж байгаа аж.
СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ БАРААНЫ ТАРИФЫГ НЭМЭХГҮЙ
Мөн хэлэлцүүлгийн үеэр сайд С.Бямбацогт экспортын цоргоо олон болгох, томруулах ёстойг хэлэв.
Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын хоёр дахь гарцтай болох, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгосон өнөөдрийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгон нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгохыг сануулав.
Мөн төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтын үеэр төмөр замаар үйлчлүүлэгч 500 гаруй байгууллага, ААН-ийг ачаа тээврийн цахим системд хамруулаад буйг УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн юм. Энэ оны 9-10 дугаар сарын экспортын ачилтын захиалгыг цахимаар хүлээн аван цахимаар сонгон шалгаруулалтыг хийсэн байна.
С.БЯМБАЦОГТ: ЗАДГАЙ ТЭЭВЭР БАРААНЫ ҮНЭ ӨСӨХӨД НӨЛӨӨЛЖ БАЙНА
Нээлттэй уулзалтын үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтоос төмөр замтай холбоотой зарим асуудлыг тодрууллаа.
-Нийт үнийн өсөлтийн хэдэн хувь нь авто тээвэр, галт тэрэгний тээврийн салбарын ачаанаас болж үүсч байгаа вэ?
-Улаанбаатар хотоос Эрээн хот хүртэл нэг галт тэрэг ачаа зуу орчим сая төгрөгийн ханшаар явж байгаа. Чойр-Эрээн хүртэл нэг галт тэрэг ачааг 70 сая төгрөгөөр тээвэрлэж байна. Нэг галт тэргэнд дунджаар 3000 тонн ачаа орно. Тэгэхээр 70 сая төгрөгийг 3000-д хуваахаар нэлээд бага ханшаар төмөр замын ачааг тээвэрлэж байгаа юм.
Цаана нь хувийн компаниуд энэ хэмжээний ачааг 200-300 сая төгрөгөөр ачиж байгаа нь УБТЗ-ын тариф байгааг хэлж байгаа. Тиймээс УБТЗ-ын ачааны ханштай холбоотойгоор тээврийн зардал өсөж гэж ойлгож болохгүй. Хятадын талаас цемент тээвэрлэх зөвшөөрөл өгчихвөл УБТЗ-аар дээрх үнээр оруулж ирэх боломж нь бэлэн. Мөн өнөөдрийн байдлаар нэг вагон 3000 тонн цемент ирж байгаа гэсэн мэдээ байна.
-Зүүнбаян чиглэлд галт тэрэг осолдсон хэрэг гарсан. Энэ ослын шалтгаан гарсан уу?
-Болд Төмөр Ерөө гол төмөр компанийн галт тэрэг байсан. Ослын дүгнэлт тун удахгүй гарна. Бид компанид хариуцлага тооцож, мэдэгдэл шаардлага хүргүүлсэн. Энэ бол чухал асуудал. Урьд нь манай улсын газар нутагт явж байгаа вагоны дугуй, ачааг нь шалгадаг байснаас биш машинистыг нь шалгадаггүй байсан. Тиймээс машинист эрүүл мэндийн шалтгаантай байх, ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт эрсдэл гарч болзошгүй. Тийм болохоор маш хурдан хугацаанд журамд нь өөрчлөлт оруулая гэдгийг ярьсан. Урьдчилсан дүгнэлтээр ослын шалтгааныг 123 км/цаг хүртэлх хурд хэтрүүлсэн хэмээн үзэж байгаа.
-Хилээр орж ирж буй ачаа тээврийг хэрхэн эрэмбэлж байгаа вэ?
-Төмөр зам дээр аль ачааг түрүүлж гаргах ёстойг бид эрэмблэх ёстой. Монгол Улсын төсөвт, эдийн засагт илүү ач холбогдолтой төслүүдийн ачааг эхний ээлжинд ачих ёстой гэсэн эрэмбэ байх ёстой юм. Мөн хувийн хэвшлийн ачааг ачихдаа шударга, нээлттэй ил тод байлгах хэрэгтэй.
-Дотоодын тээвэр дээр төмөр зам болон ачаа тээврийн машинаар зэрэг зөөх боломж хэр зэрэг байна?
-Дотоодын тээвэр дээр боомт эрхэлсэн сайдтай болсон. Задгай тээвэр, контейнер ачаа нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэлээд нөлөөлж байгаа юм билээ. Тийм учраас дотоодын тээвэр Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд тээвэр хийх боломжийг ойрын үед нээхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )