Bne IntelliNews: Монголын нөхцөл байдал улам тодорхойгүй болно

2022 оны 10 сарын 12

“Bne IntelliNews”-т нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Хүнсний борлуулагч  Бат-Төрийн Сүрэн өглөө бүр Улаанбаатар хотын “Барс” хүнсний бөөний зах руу явж,  борлуулах хүнсний бүтээгдэхүүнээ авдаг. Сүүлийн үед түүний худалдаж авсан мөөг, улаан лооль болон бусад хүнсний бүтээгдэхүүний үнэ нүд орой дээр  гарахуйц өсжээ. 57 настай Бат-Төр “Миний авдаг бүх бүтээгдэхүүний үнэ өсөж, зарим нь нэг, хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин өссөн” гэжээ.

Дэлхий дахинд хүчтэй салхи шуургатай байгаа энэ үед Монгол Улсын хэрэглээний үнийн индекс сүүлийн найман сарын хугацаанд дунджаар 15 хувьд  хүрчээ.

Хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод коронавирусийн (КОВИД-19) халдвар бүртгэгдэж, хөл хорио тогтоосны улмаас гадаадын хөрөнгө оруулагчид алга болсон нь эдийн засагт хүнд цохилт болсон. Одоо Хятад улс ойр ойрхон хилээ хааж, Орос Украин руу довтолж байгаа нь үнийг дахин өсгөж байна.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс харахад энэ жил хүнсний бүтээгдэхүүний үнэ дунджаар 22 хувиар өсжээ. Харин эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээ 18, тээврийн зардал 19 хувиар өссөн байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын Төв банк бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар өсгөж, 12 хувь болгосноо зарласнаар хэрэглэгчийн худалдан авах чадварт дахин нэг цохилт болсон. Монголбанк энэ онд дөрөв дэх удаагаа бодлогын хүүгээ зургаан нэгж хувиар өсгөж байна.

Азийн хөгжлийн банкны (АХБ) Улаанбаатар хот дахь Эдийн засаг хариуцсан ахлах ажилтан Б.Сандагдорж “Инфляц тогтмол өндөр байгаа нь өрхийн бодит орлогод ноцтой нөлөөлж, худалдан авах чадвар муудаж байна” гэжээ.

Олон улсын валютын сангийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ангана Банержи “Инфляцыг арилгахын тулд зөвхөн мөнгөний бодлогыг чангатгахад найдах нь тогтворгүй байдалд хүргэж болзошгүй. Инфляцыг барих мөнгөний бодлогын хүчин чармайлтыг дэмжихийн тулд санхүүгийн хүчтэй нэгдэл буюу өрийг бууруулах бодлого шаардлагатай” хэмээсэн. 

Төгрөгийн ханш энэ онд 17 хувиар унаж, нэг ам.доллар 3330 төгрөгт хүрсэн байна. Валютын алдагдлын ихэнх нь Орос Украинд довтолсны дараахан гарсан боловч есдүгээр сард дахин уналт эхэлсэн. Өнгөрсөн оны сүүлээр 4.4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц наймдугаар  сарын эцсээр ердөө 2.7 тэрбум ам.доллар болж 38 хувиар буурсан байна.

Монгол Улс эдийн засгийн зарим алдагдлаа нөхөх, өнгөрсөн өрийг барагдуулах, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд олон улсын зээлдэгчдээс зээл авах, валютын своп хэлцэлд түшиглэх нь улам бүр нэмэгдсээр байна. 2017 онд тус улс өрийн эргэн төлөлтөд туслах зорилгоор ОУВС-гаас 5.5 тэрбум ам.долларын тусламж авч байсан. Зээлдүүлэгчид нь АХБ, Дэлхийн банк, Япон, Солонгос зэрэг багтсан.

Мөн Монгол Улс Хятадын Төв банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцэл хийсэн. Бага орлоготой өрхүүд илүү их өрөнд орж, хадгаламж ч үгүй болох магадлалтай тул хэрэглээгээ танах нь хамгийн зөв шийдэл гэдгийг АХБ онцолжээ.

Үнэ тэнгэрт хадаж байгаагийн шинж тэмдэг Улаанбаатар хотын дэлгүүр, гудамж талбайнуудад тод харагдаж байна. Хотын төвийн валют солих цэгт ченжүүд ам.доллар, евро, рубль, юань болон бусад валютыг төгрөгөөр солих огцом өсжээ.

Валютын ченж Д.Тогням “Валютын ханш өөрчлөгдөж байгаа нь бидний бизнесийг улам хүндрүүлж, ашиг багатай болгодог. Төгрөгийн ханш байнга унасан нь хэд хэдэн хүчин зүйлийн үр дүн” хэмээлээ. Орос Украин руу довтолж, улмаар дэлхийн эдийн засгийн хямрал нь энэ жилийн эдийн засгийн сорилтуудын хамгийн том хүчин зүйл болсон ч асуудал үүгээр дуусахгүй. АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмсэн нь Монголын нийслэл дэх валютын зах зээлийг донсолгосон бас нэг хүчин зүйл юм. 

Дэлхийн банкны мэдээлснээр Монголын хүн амын 20 хувь нь орлогынхоо 40 хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг байна. Асуудлын эх үүсвэр нь голчлон гадаад хүчин зүйлээс шалтгаалж байгаа тохиолдолд инфляцтай тэмцэх бодлогын хүүг нэмэгдүүлэх зэрэг мөнгөний бодлогын уламжлалт арга хэрэгсэл ашиглах нь төдийлөн үр дүнгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Эрх баригчид хүнсний бүтээгдэхүүн, шатахуун, бензин зэрэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөх арга хэмжээ авахад анхаарч байна. Олон улсын зах зээлд тогтворгүй байдал үргэлжилсээр л байвал Монгол яг одоогийн нөхцөл байдлаас хаашаа явах нь тодорхойгүй байна. Азийн хөгжлийн банк тус улсын эдийн засгийн өсөлтийн хэтийн төлвөө бууруулсан бол Дэлхийн банк энэ бага зэрэг өөдрөгөөр төсөөлж байна. АХБ-ны ирэх оны таамгийг мөн 5.6 хувтас  4.9 хувь болгон бууруулжээ. Монгол Улсын ДНБ-ий өсөлт өнгөрсөн онд 1.4 хувь байсан бол цар тахлын өмнөх өсөлт 5.6 хувь байсан.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top