ТӨСӨВ: Нээлттэй хэлэлцүүлэг ШИНЭ ЖИШИГ тогтооно гэв

2022 оны 10 сарын 19

“Төсөв-2023” олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр  /2022.10.19/ Төрийн ордонд болж байна. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос  төсөв дэх олон нийт, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийн оролцоо, хяналтыг сайжруулах зорилгоор анх удаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж буй нь энэ юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ  “Төсвийн хууль бол Монгол хүн бүрийн амьдралд нөлөөлдөг учраас олон нийтийн хяналт, оролцоо хамгийн чухал... Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулснаар Монгол Улсын төсвийг хэлэлцэх, батлах үйл явцыг олон нийтийн өмнө нээлттэй, ил тод болгох үүднээс иргэдийн оролцоо, хяналтыг тавих боломжийг хангасан шинэ жишиг тогтоно. Жил бүрийн улсын төсөвт үр ашиггүй зардал, хөрөнгө оруулалт, халамж тусгасан байна гэх шүүмжлэл гардаг. Тиймээс төсөв батлагдахаас өмнө энэ бүгдийг олон нийтээрээ хянах, зөвшилцөх, гарц шийдлийг хамтдаа эрэлхийлэх боломжийг бүрдүүлнэ” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл гарц, шийдэл эрэлхийлсэн уг арга хэмжээнд иргэдээс ирүүлсэн санал, асуултыг нэгтгэн танилцуулж, “Төсвийн ил тод байдал”, “Халамжаас хөдөлмөрт”, “Тогтвортой эдийн засаг”, “Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт-Боомтын сэргэлт” гэсэн дөрвөн салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдах аж.

Сануулахад, “International Budget Partnership" буюу “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас эрхлэн гаргадаг “Төсвийн нээлттэй байдлын олон улсын судалгаа”-ны 2021 оны дүнгээр Монгол Улс 120 улсаас 38 дугаарт эрэмбэлэгдсэн.

Сангийн яамны зүгээс уг судалгааны дүнг өмнөх судалгааны дүнгээс 3 байраар ахьсан амжилт гэж тодотгосон.  Мөн энэ нь Засгийн газрын зүгээс төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ажлын үр дүн гэсэн мэдээллийг өгсөн.

Харин  “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж Монгол Улсын судалгааг хийж гүйцэтгэн, дүнг олон нийтэд танилцуулдаг Нээлттэй Нийгэм Форумын зүгээс мэдээлэхдээ “ 2021 оны олон улсын судалгааны дүнгээс харахад Монгол Улсын Засгийн газрын төсвийн ил тод байдал дээшилсэн боловч төсвийн үйл явцад иргэд оролцох боломжийг олгож буй байдал хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, нийт авбал зохих 100 онооноос төсвийн нээлттэй байдлаар 60 авсан бол олон нийтийн оролцоогоор дөнгөж 13 оноо авсан байна. Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр 76 оноогоор үнэлэгджээ гэсэн юм.

Засаглалыг сайжруулахад дан ганц төсвийн ил тод байдал хангалтгүй бөгөөд төсвийн нээлттэй байдлын дүнд гарах эерэг үр дүнг нэмэгдүүлэхийн тулд төсвийн үйл явцад олон нийтийн оролцоог хангах хэрэгтэйг зөвлөж буй.

Түүнчлэн төсвийн үйл явц дахь олон нийтийн оролцооны хувьд Монгол Улс 13 оноо авсан нь Засгийн газар олон нийтэд төсвийн үйл явцад оролцох боломж олгохдоо маш хангалтгүй байгааг харуулж байна гэж шүүмжилсэн. Тэгвэл төсвийн төсөл боловсруулах, батлахдаа иргэдээ оролцуулдаггүй эрх баригчид хуучин хандлагаа халж, шинэ жишиг тогтооно хэмээн НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хийж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top