С.Мөнгөнчимэг: Төсвийн зарлага дээр 1.6 их наяд төгрөг тусгагдана  

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй ирэх оны төсвийн талаар ярилцлаа.


-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа нь олон нийтийн анхаарлын төвд байна. Төсвийн төсөөллийг гардан ажилласан хүний хувьд ирэх оны төсвийн гол онцлог нь юу вэ?

-Ирэх оны төсөв нь Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжиж байгаагаараа онцлог. Ер нь төсөв бол улс орныхоо хөгжлийн бодлогыг дагаж явдаг. Мөн төсвийн тэнцлийг сайжруулж, алдагдлыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэхээр байсан. Гэхдээ бид үүнийг бууруулж, ДНБ-ий 2.8 хувьтай тэнцэхээр тэнцлийг оруулж өгсөн. Дээрээс нь энэ оны төсвөөс 833 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулсан төсөөлөлтэй байна. Үүнээс гадна хөрөнгө оруулалт дээр тодорхой хэмжээний шинэчлэлийн эхлэлийг тавих, өмнө нь хуримтлагдсан байсан асуудлуудыг шийдэх байдлаар хөрөнгө оруулалтын бодлогыг хандуулж байгаа гэж хэлж болно. Шинэ хөрөнгө оруулалт огт байхгүй. Яагаад гэхээр өмнө нь хуримтлагдсан шилжих хөрөнгө оруулалт нэлээд байгаа учраас үүнийгээ нэг удаадаа маш сайн цэгцлээд авъя гэдэг байдлаар оруулсан. Нийтдээ 1061 төсөл хөтөлбөр, 2.7 их наяд төгрөгийн санхүүжилтийн дүнтэй байгаа. Үүн дотор бүр 2010 онд эхэлсэн хөрөнгө оруулалт ч бий.

Тэгэхээр ирэх онд бид шилжих хөрөнгө оруулалт тавьж өгснөөрөө 86 хувийг нь бүрэн ашиглалтад оруулж, дуусгах боломж байна гэж харсан. Эдгээр шилжих хөрөнгө оруулалтанд ойролцоогоор 1500 орчим аж ахуйн нэгж, туслан гүйцэтгэгч гэрээ хийчихсэн ажиллаж байгаа, үүний цаана нь 17900 гаруй хүмүүс ажиллаж, төдий хэмжээний ажлын байрыг хадгалах, дэмжих боломжтой. Ер нь хөрөнгө оруулалтын хамгийн чухал зүйл бол бэлтгэл ажил. Зураг төсөв, дэд бүтэц нь бэлэн байвал 2-3 жилийн хугацаанд бүтээн байгуулалт нь хийгддэг. Ингэж байж энэ хөрөнгө оруулалт маань төрд ч үр ашигтай, аж ахуйн нэгждээ ч ашигтай байх зарчим руу явж байгаа. Тэгэхээр ирэх оны төсөв дээр 2024 оноос бүтээн байгуулах шинэ хөрөнгө оруулалтуудын бэлтгэл ажлын хүрээнд 80 тэрбум төгрөг суулгасан. Эдгээр хөрөнгө оруулалт нь 2-3 жилийн хугацаанд дуусах зарчим барьж байна.

-Ирэх оны төсөв бүрдэх боломжийг хэрхэн харж байна вэ. Өмнөд хөрш маань “Тэг ковид” бодлогоо хэрэгжүүлнэ гэдгээ зарлалаа. Дээрээс нь хойд хөршийн дайны асуудал тодорхойгүй байна шүү дээ? 

-Ирэх онд бид төсвийн нийт орлогоо 19.5 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Орлогыг бодитой,  боломжтой гэж харж байна. Мэдээж манай эдийн засаг уул уурхайгаас хамаардаг учраас экспортын хэмжээг нэмэгдүүлэх, уул уурхайгаас орж ирэх орлого маань бодитой байх болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн. Экспортын хэмжээг 2019 оны хэмжээнд аваачихаар төлөвлөсөн. Нүүрс гэхэд 36.5 сая тонн, алт, зэсийг ч гэсэн тэр үеийн хэмжээнд аваачина. Энэ хэмжээний түүхий эдийг гаргах боломжтой гэж харсан. Яагаад гэхээр энэ оны долоодугаар сараас хойш өдөрт гаргаж байгаа хэмжээ маань 2019 онд гаргаж байсан хэмжээнээс давсан. Тэр үед нүүрсийг зөвхөн задгайгаар гаргадаг байсан. Харин одоо бол задгайгаас гадна чингэлэг терминал, AGV, төмөр замаар гээд олон сувгаар гаргах боломжтой болсон. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хил дээр очсон.

Ирэх жил цаашаа холбох асуудлыг нь хийчихнэ. Ханги-Мандалын төмөр зам 11 дүгээр сард ашиглалтад орно гээд гаргаж байсан хэлбэрээ 3-4 болгож нэмэгдүүлсэн. Дээрээс нь бусад боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэх, Цагаан Дэл уулын боомтыг ирэх онд ашиглалтад оруулах учраас боломж бүр л нэмэгдэнэ. Энэ онд бид 18 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн байсан ч одоогийн байдлаар гүйцэтгэл нь 20 сая тонн давчихсан байна. Энэ эрчээрээ явбал оны төгсгөл гэхэд 24 сая тонн хүрэх юм байна гэсэн тооцоолол бий. Манай гол худалдан авагч бол БНХАУ. Өмнөд хөршид тодорхой эрсдлүүд байгаа. Эдийн засгийнх нь өсөлтийн саармагжилт, гангын үйлдвэрийн хэрэглээ буурсан, ковид гээд асуудал бий. Гэхдээ Хятадын эдийн засаг маань том эдийн засаг учраас манай эрэлт хэрэгцээг аваад явчих боломжтой гэж харж байгаа. Дээр хэлсэн нүүрсний хэмжээнд коксжих нүүрсээс гадна эрчим хүчний нүүрс багтсан. Хятад төдийгүй Европын орнуудад эрчим хүчний эрэлт хэрэгцээ байгаа. Саяхан дэлхийн зах зээлд дээр коксжих нүүрсээсээ эрчим хүчний нүүрсний үнэ давсан үзүүлэлт гарсан. Энэ мэтчилэн бидэнд боломжууд бол байна. Ер нь бид аль болох төсвийн орлогоо бүрдүүлэхийн төлөө л зорьж ажиллана.

-Энэ өвөл уул уурхайн түүхий эдийн үнэ унах магадлалтай байхад үнийг нь хэт өндрөөр төсөөлж оруулж ирсэн гэсэн шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байсан. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Түүхий эдийн үнийн өсөлтийг бид олон улсын байгууллагын үнийн судалгаа гаргадаг шинжээчдийн судалгаан дээр үндэслэж гаргадаг. Ирэх онд дунджаар нүүрс 110 ам.доллар, зэсийг 8400 ам.доллар байна гэж олон улсын байгууллагууд тооцоолол гаргасан.

-Төсвийн 92-94 хувь нь уул уурхайгаас хамаарч байна гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр эдийн засгийг солонгоруулах, төсвийн бүрдлийг олон талт болгох дээр ямар ажил хийх вэ?

-Манай төсвийн орлого, зарлага эмзэг бүтэцтэй. Орлого талдаа эдийн засгийн маань дийлэнх нь уул уурхайгаас хамаарч байгаа. Цаашдаа ч нэг хэсэгтээ ийм л байх дүр зурагтай байна. Эдийн засгийг солонгоруулах гэдгийг үеийн үед л ярьдаг. Гэхдээ энэ бололцоо удаан хугацаанд явж байж бүрэлдэн бий болно. Эдийн засгийг солонгоруулах хамгийн боломжтой, нөөцтэй салбар бол хөдөө аж ахуй. Мөн аялал жуулчлалын салбараас орж ирэх орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Гэсэн хэдий боловч ингэхийн тулд бид бэлтгэл ажлаа маш сайн хийх хэрэгтэй. Ингэж байж л бид эдийн засгаа солонгоруулна. Үүний тулд ч тодорхой бодлогоор дэмжээд явна.

-Сөрөг хүчний зүгээс 2024 оны сонгуульд зориулсан, хэт их алдагдалтай төсөв байна гэсэн шүүмжлэлийг гаргасан. Тэгэхээр төсвийн алдагдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Би энэ шүүмжлэлтэй санал нийлэхгүй байгаа. Яагаад гэхээр бид үе шаттайгаар алдагдлыг бууруулж, төсвийн тэнцлээ сайжруулахын төлөө явж байгаа. Өнгөрсөн 2020 онд төсвийн алдагдал ДНБ-ий 12.5 хувьтай, 2021 онд 8.8 хувьтай тэнцэж байсан. Харин энэ онд 5.1 хувьтай тэнцэж байгаа. Ирэх онд бид үүнийг багасгаад 2.8 хувь болгож байгаа. Цаашлаад бүр алдагдалгүй, ашигтай байхаар зорьж байна. Тэгэхгүй бол нэг оны төсвөөр шууд алдагдалгүй, эсхүл нэмэх батлах маш том эрсдэлтэй. Зарлагын хувьд ирэх жил 20.4 их наяд төгрөг байхаар тооцсон. Үүн дотроо урсгал зардал бараг 75 хувийг нь эзэлж байгаа.

Ер нь манай зарлагын 20-25 хувийг хөрөнгө оруулалт, 70-80 хувийг урсгал зардал эзэлдэг юм. Урсгал зардал дотроо 73 хувьд нь тэтгэвэр тэтгэмж, цалин, халамж, хүүхдийн мөнгө хамаардаг. Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай зардал 15 хувь, найман хувь нь гадаадаас авсан зээл тусламж, түүний хүү гэх зэрэг заавал төлөх ёстой үнийн дүн байдаг. Мөн 4-5 хувь нь тодорхой хөтөлбөр, бодлогуудыг дэмжсэн зардал гэсэн бүтэцтэй байдаг юм. Тэгэхээр зарлага дотроосоо төрийн байгууллагын үйл ажиллагааг явуулдаг 15 хувь дээрээ л хэмнэлт хийж байгаа. Нөгөө 73 хувь дээрээ яг тухайн хүний гар дээр очдог учраас бид хэмнэлт хийж чадахгүй байна. Ялангуяа үнийн өсөлт, инфляц ийм өндөр байгаа үед тэтгэвэр, цалинг нэмэгдүүлж чаддаггүй юм гэхэд хасахгүй байх хэрэгтэй. Халамжийн хувьд яг зорилтод бүлэг рүүгээ чиглэх ёстой гэсэн зарчмыг Сангийн яамны зүгээс барьж байна.

Халамж шаардлагатай байгаа хүндээ очоод тэр нь амьдралынх нь наад захын хэрэгцээг хангадаг байх хэрэгтэй юм. Харин зээлийн төлбөрөө өгөхөөс өөр аргагүй. Зорилтод төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэх л ёстой. Ингэхээр зардлаа хумиж болох ганц зүйл нь төрийн байгууллагуудын урсгал зардал л болчихоод байгаа юм. Үүн дээр ч тодорхой хэмнэлтүүдийг хийсэн. Ирэх оны төсөв маань Төсвийн хуулийн хүрээнд хийгдэж байгаа төсөв болж чадсан. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиараа нэг их наяд төгрөгийг ирэх жилийн урсгал зардлаас хэмнэхээр байгаа. Үүнээс илүү хэмнэж, бууруулбал төрийн хэвийн үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэлтэй гэж тооцсон. Мөн ирэх оны төсөв дээр зайлшгүй нэмэгдэж байгаа хэд хэдэн зардал бий. Үүнд энэ онд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж 500 мянган төгрөг болгосон. Үүнтэй холбоотой 250 тэрбум төгрөг нэмэгдсэн. Дээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдал хөтөлбөрийн хүрээнд 228 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд 260 тэрбум төгрөгөөр зардал нэмэгдсэн. Мэдээж цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийн тоо өсөн нэмэгдсэнтэй холбоотойгоор урсгал зардал нь ч нэмэгдэнэ.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх онд нэмэгдэнэ биз дээ?

-Тийм, нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой зардал ч нэмэгдэнэ. Мөн эрчим хүчний тарифын нэмэгдлийн нөлөөллийг ч тооцоолсон зардал ирэх оны төсөв дээр орж ирж байгаа. Энэ мэт зайлшгүй нэмэгдэж байгаа зардлууд маань 1.6 их наяд төгрөг болж төсөв дээр орж байгаа дүр зурагтайгаар ирэх оныхоо зардлыг төсөвлөөд явж байна.

-Аймгуудын харилцан адилгүй төсвийн тооноос үүдэн 2024 оны сонгуульд зориулсан төсөв гэсэн шүүмжлэл гараад байх шиг байна. Аймгуудын төсөв дээр та ямар тайлбар хэлэх вэ?

-Орон нутаг дээр тухайн орон нутагт хэрэгжих улсын төсвийн хөрөнгө оруулалт, мөн тухайн аймгийн суурь зардал, орлогын зөрүүг нь улсын төсвөөс өгдөг. Дээр нь нэмээд орон нутгийг хөгжлийн сангаар дамжуулан уул уурхайгаас орж ирж байгаа АМНАТ-ын хувиарлагддаг. Манай улсын зургаан аймаг орлого нь зардлаа бүтэн нөхөөд илүү гарснаа улсын төсөвт төвлөрүүлдэг. Үлдсэн 15 аймаг нь улсаас татаас авдаг.

Тухайн аймгийн ирэх жилд олох орлого, зарлага хоёрын зөрүүг улсаас өгдөг гэсэн үг. Аймгуудын орлого, суурь зардал нь өөр өөр байдаг учраас өгч байгаа татаас нь ч өөр байдаг. Тиймээс аймаг бүрт адилхан хувиарладаггүй. Хоёрдугаарт, орон нутгийн хөгжлийг дэмжих сан дээр орж ирж байгаа АМНАТ-ын төлбөрийг хүн ам, алслагдсан байдал, эдийн засгийн чадавхаар нь үндэслэн хувиарладаг юм. Гуравдугаарт, Төсвийн хуульд хөрөнгө оруулалтыг зориулалт, нэрээр нь аль орон нутагт хэрэгжиж байгаагаар нь тодорхой зааж өгдөг. Тухайлбал, улс орны хэмжээнд эдийн засгийн үр өгөөж өгөх, стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт маань тухайн орон нутгийн нэрээр бичигддэг учраас тухайн оныхоо төсвийн хөрөнгө оруулалтыг өндөр харагдуулах магадлал байдаг.

Энэ бүхнийг салгаж аваад үзвэл аймгуудын төсөв тийм ч ялгаатай биш. Хоёр жилийн өмнө Баянхонгор аймгийн хөрөнгө оруулалт их өндөр байна гэдэг зүйлийг ярьж байсан. Яг тэр үед нь Говь-Алтай-Баянхонгор чиглэлийн автозам концессын дүн өндөр байсан учраас тухайн аймгийн хөрөнгө оруулалтыг өндөр харагдуулж байсан юм. Харин орон нутагт нийгмийн үйлчилгээг хүргэж байгаа хөрөнгө оруулалтын хувьд нэг их ялгаа байхгүй. Хаана хэрэгцээ шаардлага байна, тэр газарт нь л хөрөнгө оруулалтыг эрэмбэлээд хийгээд явдаг.

-Улс орнуудын Төв банкууд бодлогын хүүгээ чангаруулсан, дэлхий нийтэд инфляц өндөр байгаа энэ үед ирэх оны инфляцыг найман хувь байхаар төсөөлсөн нь шүүмжлэл дагуулж байна л даа?

-Төсвийн бодлого дээр инфляцыг нэг оронтой тоо, найман хувь руу оруулж ирэх зорилго тавьсан. Мэдээж хэрэг үүнийг Сангийн яам дангаараа бус, ЭЗХЯ-ны тооцоолол,  Монголбанкны мөнгөний бодлогын зорилгын хүрээнд хамтраад төсөөлж, энэ чиглэл рүү явах нь зүйтэй гээд тооцооллоо хийгээд явж байгаа. Таны хэлдэгээр үнэхээр инфляц бол ковидын дараах дэлхий нийтэд тулгамдаад байгаа гол асуудал болж байна. Бүх улс орнуудын түүхэнд дэлхийн II дайнаас хойш байгаагүй инфляц, үнийн өсөлт өндөр үзүүлэлт үзүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-гийн жилийн уулзалт болоход инфляц, үнийн өсөлтийг л голчлон ярьсан. Манай улсын хувьд инфляцын өсөлтийн 50-60 хувьд импортын дам нөлөө байгаа. Тиймээс бид аль болохоор мөнгөний, төсвийн зөв бодлого явуулж байж л инфляцыг тодорхой түвшинд нь барина гэдэг байдлаар зорилтоо оруулж ирсэн.

-Асрамжийн газрын төсвийг 2013 оныхтой нь ижил түвшинд баталсан гэсэн шүүмжлэл бас олон нийтийн дунд гарч байна. Чухам яагаад ингэж баталсан юм бэ?

-Бид аль болохоор л зардлаа бууруулж, хэмнэлт хийх бололцоо юу байна вэ гэхээр төрийн байгууллагынхаа үйл ажиллагааг тодорхой хумих болчихоод байгаа юм. Үүн дээр нэгдсэн нэг л зарчим барьж байгаа. Зарим байгууллагынхаа онцлогийг харсан ч байгаа. Таны асуусан дээр тодорхой хэмжээгээр бууруулсан байхыг үгүйсгэхгүй. Харин сошиалаар  мэдээлэл яваад байгаа Өнөр бүл төвийн хувьд ирэх онд 554 сая төгрөгөөр энэ онтой харьцуулахад төсөв нь нэмэгдсэн байгаа.   Нийтдээ 56 төсвийн ерөнхийлөн захирагч байдаг. Тэдгээрийн нийт төсвөөс адилхан зарчим бариад тодорхой хэмжээгээр бууруулсан. Гэхдээ төсвийн ерөнхийлөн захирагч маань салбар дотроо зохицуулалт хийх, алинаас илүү хэмнэлт гаргах, алийг нь дэмжих юм гэдгийг хийх боломжтой.

-Хүүхдийн мөнгөн дээр бас асуудал байна. Ялгаварлан гадуурхаж байна гэх хэсэг байхад, зорилтод бүлэгтээ өгөхийг дэмжих ч хэсэг байна. Дээрээс нь хүүхдийн мөнгөн дээр хэрэглээг хязгаарласан карттай болох асуудал ярьсан?

-Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувьд нь Хүүхдийн мөнгийг өгье гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэхээр Хүүхдийн мөнгө зарим өрхийн орлогод эзэлж байгаа хувь маш бага, заримынх нь өндөр байгаа юм. Тийм болохоор өрхийн орлогод нь өндөр хувь эзэлдэг, үнэхээр дэмжлэг хэрэгтэй айл өрхүүдэд Хүүхдийн мөнгийг олгоё гэсэн бодлого барьж байгаа учраас бид энэ 91 хувь гэсэн тооцооллыг оруулж ирсэн. Ер нь Хүүхдийн мөнгөө халамж уу, хүн амаа өсгөх бодлого уу, аль эсхүл байгалийн баялагаа тэгш хуваарилж байгаа зүйл үү гэдгээ тодорхой болгох нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд Хүүхдийн мөнгө янз бүрийн зорилгоор явж ирсэн. Нэг хэсэг яг зорилтод бүлэг, дэмжлэг хэрэгтэй өрхөд олгож байсан.

Гэтэл нэг хэсэг хүүхэд нь заавал вакцин хийлгэсэн байх зэрэг нөхцөлт халамж хэлбэрээр явж ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд ковидын нөхцөл байдлаас шалтгаалан өрхийг орлогыг хамгаалахын тулд Хүүхдийн мөнгийг тав дахин нэмэгдүүлэн олгосон. Ер нь олон улсын байгууллагууд, дэлхийн улс орнууд мөнгөний хатуу бодлого барих, валютын нөөцөө хамгаалах, төсвийг хумих, гадаад өрийн зохицуулалтаа сайтар хийх гэсэн зөвлөмжийг өгч байгаа. Мөн төсвийн дахин хувиарлалтаа зорилтод хэсэгрүү буюу үнийн өсөлтөд илүү өртөх хэсэгрүүгээ түлхүү хандуулах шаардлагатайг ч хэлж байгаа. энэ хүрээнд ч гэсэн Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэг рүүгээ хумих бодлого бий.

Өөрөөр хэлбэл бололцоотой хэсэг маань хүнд хэцүү ийм үед татгалзах, дэмжлэг хэрэгтэйд нь түлхүү олгох гэсэн чиг хандлага руу явах нь зүйтэй гэж үзсэн. Хүүхдийн мөнгийг хүүхдэдээ хөрөнгө оруулдаг, хадгаламжид нь нэмэрлэдэг, хүүхдийн хэрэгцээ шаардлагад зориулагддаг байх ёстой гэж үзэж байгаа учраас тэр картын талаар ярьж байгаа. Нэг ёсондоо зохисгүй хэрэглээг хумих тухай асуудал юм. Архи, тамхины хэрэглээг Хүүхдийн мөнгөөр дэмжихгүй байх ямар зохицуулалт байх вэ гэдэг дээр тодорхой зохицуулалтыг аваад явах нь зүйтэй. Тэр нь карт, эсхүл QR код байх уу гэдэг дээр Ажлын хэсэг гараад судалгаа хийгдээд явж байна. Бусад улс орнуудад ч гэсэн Хүүхдийн мөнгийг яг л хүүхдэд нь зориулсан байдлаар ашигладаг зохицуулалтууд байдаг. Гэхдээ тухайн өрхөд аль болох чирэгдэл үүсгэхгүй, зардал мөнгө гарахгүй байхаар зохицуулалт хийх нь зүйтэй. Засгийн газраас энэ мэтчилэн төсвийн төсөөллийг өргөн барьсан ч эцсийн дүнд УИХ дээр л батлагдаж гардаг. Ерөнхий бодлого нь яаж явах юм, ерөнхий төсөөлөл нь ямар байх вэ гэдгийг Засгийн газраас өргөн бариад явж байна.    

-НӨАТ-ын сугалааг дахин явуулж эхэллээ. Ямар үр дүн гарч байна вэ?

-Сугалааг дахиад явуулж эхэлснээр эргээд НӨАТ-ын баримтын бүртгүүлэх хувь хэмжээ өссөн. Сугалааг болиулсны дараа сарын дотор 50 хувиар буурсан. Одоо эргээд өсөж байна. Мөн сугалаан дээр өмнө нь хардлага маш их байсан. Тийм болохоор сугалааг ил тод байх тал дээр технологийн дэвшлийг ашиглаад ажлууд хийж байгаа. Өмнө нь хэвлэгдэж гарсан бүх баримт дээр сугалаа явагддаг байсан бол одоо зөвхөн бүртгүүлсэн сугалаанууд дээр явагдаж байна. Ингэснээр сугалаанд таарах, хожих магадлал төдий чинээгээр өснө. Дээр нь и-баримт дээр цахимаар сугалааны явцыг харах, баримтын тань хожих магадлалыг харуулдаг болсноор хардлага тэр хэрээрээ буурна гэж харж байгаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ганаа(192.82.85.40) 2023 оны 01 сарын 11

Монгол хүмүүс байж нэг нэгнийгээ ад шоо үзэх нь хүний ёсноос хэтэрсэн буруу үйлдэл,гажиг хүний гаргадаг зан чанаруудийн нэг юм.\nулсынхаа иргэдийн цалинг нэмэж чадахгүй болсон засагийн газарт шургасан хэсэг хүмүүсийн хийсэн маш том нүгэл.тэдний хийсэн нүглийн хариу хэзээ нэг өдөр илрэх нь зөвхөн цаг хугацааны асуудал.\n\n\n\n\n\n\n

0  |  0
zochin(49.0.130.25) 2022 оны 10 сарын 26

Энэ худлаа дүр эсгэсэн гар, чадвар дулимаг хор найруулах үе үе юм мэддэг дүр үзүүлэх\n

1  |  0
ннн(192.82.82.161) 2022 оны 10 сарын 26

Энэ нэг юм бас юув дээ, сүүлийн үед баахан гардаг болжээ. Хамгийн их иддэг уудаг, хээл хахууль, хор найруулалт дунд шатанд л байдаг

1  |  0
чимэддорж(124.158.69.201) 2022 оны 10 сарын 26

Энэ Мөнгөнчимэг яах аргагүй сангийн сайд мөн байна. Нүдийг нь хараад нэрийг асуух шаардлагагүй болдог гэсэн ардын яриа байдаг.Яриаг нь сонсоод хэлэх үг алга бүгдийг зөвшөөрөхөөс өөр аргагүй.Харин УИХ-д дэвшүүлээд ийм өндөр мэдлэгтэй хүмүүсээ зэврүүлж болохгүй юмсан.Булгантуяа бас сүрхий гарч ирсэн Мөнгөнчимэг бүр илүү тод гарч ирлээ.Амжилт

0  |  1
Top