Бээжин хотноо болсон Хятадын Коммунист намын XX дугаар их хурал нь сүүлийн хагас арван жилд Хятадын улс төрийн хамгийн чухал үйл явдал болж байна.
Барууны ардчилсан орнуудын сонгуулийн өмнөх удирдагчдын мэтгэлцээний нэгэн адил таван жилд нэг удаа болдог намын их хурал нь тус улсын улс төрийн удирдагчид, тэдний бодлогын талаар илүү ихийг мэдэх чухал боломжийг бидэнд олгодог. Улс төрийн ихэнх зохицуулалтыг өмнө нь хөшигний ард хийдэг учраас их хурлын үеэр улс төрийн ширүүн мэтгэлцээн өрнөдөггүй. Гэсэн хэдий ч Ерөнхий нарийн бичгийн дарга илтгэлдээ Хятадын удирдлага ойрын жилүүдэд юуг нэн тэргүүнд тавихыг ихэвчлэн тодорхойлсон.
ШИ ЖИНЬПИН ЮУ ӨГҮҮЛЭВ
Өнгөрсөн амралтын өдөр Ши Жиньпин дарга их хуралд илтгэл тавив. Ши Жиньпин 104 минутын дотор Хятадын дээд удирдагчаар ажилласан эхний арван жилийнхээ “Агуу ололт амжилт”-аа дүгнэж, “Хятад маягийн модернизац” гэсэн хэллэгийг гаргажээ. Тэрбээр ирэх таван жил болон цаашдын Хятад улсын талаарх төсөөллөө тодорхойлсон нь тус улс дэлхийн улс орнуудтай хэрхэн харилцахыг харуулсан юм.
ТАСРАЛТГҮЙ БАЙДАЛ ГОЛ ЗҮЙЛ
Таван жилийн өмнө Ши Жиньпин өмнөх намын их хуралд илтгэл тавихдаа Хятад улс олон улсын дэг журмыг илүү баттай бүрдүүлэгч орон болно гэдгийг тодотгосон. Энэ жилийн тайланд гарсан гадаад бодлогын олон өгүүлэл нь түүний 2017 оны тайлантай төстэй, ижил байна. Үүнд “Дэлхийн энхтайвныг сахин хамгаалах”, “Хамтын хөгжлийг дэмжих”, “Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийг байгуулахын төлөө ажиллах” зэрэг багтаж байна.
Ши Жиньпиний ярианаас харахад Хятад улс ойрын ирээдүйд гадаад бодлогын хурдацтай өөрчлөлтийг хүлээж авахгүй гэдгийг харуулж байна. Одоо байгаа гадаад бодлогын түүхийг хадгалах нь зориуд хийсэн сонголт байж болох юм. Ши Жиньпин “Хятад хэзээ ч ноёрхлыг эрэлхийлэхгүй, тэлэлтэд оролцохгүй” гэж амласан. Гэсэн хэдий ч Тайваний асуудлаар Хятад улс буулт хийхгүй гэдгийг тэрбээр тодотголоо. Тайванийн асуудлаарх намын тогтсон чиг шугамын дагуу “Тайваний асуудлыг шийдвэрлэх нь Хятадын ард түмний хувийн хэрэг, үүнийг Хятадын ард түмэн шийдэх ёстой” гэж дахин онцолжээ. Ши Жиньпин "Хамгийн чин сэтгэл, хамгийн их хүчин чармайлтаар" энх тайвнаар дахин нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ тэр мөн Хятад улс "хүч хэрэглэхээс татгалзана гэж хэзээ ч амлахгүй" гэж хэлсэн.
ХОЁРДМОЛ БАЙДАЛ
Ши Жиньпиний илтгэлд дурдагдсан шинэ гадаад бодлогын цөөн хэдэн өгүүлбэрийн нэг нь Хятад улс “Аливаа асуудлын талаарх өөрийн байр суурь, бодлогоо өөрсдийн давуу тал дээр үндэслэн шийднэ” гэсэн үг байв. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд болон яамны хэвлэлийн төлөөлөгч нар энэ хэллэгийг Украинд түрэмгийлсэн Оросыг буруутгахаас татгалзаж буй байр сууриа зөвтгөх зорилгоор байнга ашигладаг. Ши Жиньпин илтгэлд энэ хэллэгийг оруулсан нь Хятад улс Украины дайны талаарх хоёрдмол байр сууриа хадгалсаар байх магадлалтайг харуулж байна. Оросын цэргийн ажиллагааг илт дэмжихгүй. Энэхүү шинэ хэллэгийг нэвтрүүлснээр Хятадын гадаад бодлого боловсруулагчдад ирээдүйд ээдрээтэй асуудалд маневр хийх илүү орон зай олгож байна.
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ЗАЙЛШГҮЙ АНХААРАХ ЗҮЙЛ
Ши Жиньпиний хэлсэн үгнээс хамаагүй урт, хараахан хэвлэгдээгүй байгаа бүрэн хэмжээний бичмэл тайланд үндэслэн Ройтерс агентлагийн тооцоолсноор "Аюулгүй байдал" гэсэн нэр томъёог 89 удаа ашиглажээ.Таван жилийн өмнөх Ши Жиньпин илтгэлтэй харьцуулахад эдгээр хоёр үгийн давтамж 60 гаруй хувиар өссөн байна.
"ХӨГЖЛИЙН" ЗАМААР
Цар тахлаас болж Хятад улс гадаад зах зээлтэй эдийн засгийн харилцаагаа аажмаар тасалж, эдийн засгийн хувьд бие даах болно гэж олон ажиглагч таамаглаж байсан. Харин Ши Жиньпин илтгэлдээ Хятад улс хаалгаа нээлттэй байлгах болно гэдгийг дахин нотолж байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны макро эдийн засгийн удирдлагын агентлагийн дэд захирал Жао Ченшин Ши Жиньпиний илтгэлийг давтаж, Хятад улс бие даасан эдийн засагтай болохыг эрмэлзэхгүй байна гэж тодотгов.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )