Хотын өнгө төрх болсон чухал үйлчилгээнүүдийн нэг бол нийтийн тээвэр. Нийтийн тээврийн үйлчилгээ ямар байгаагаас иргэдийн тухтай байдал, нийслэлийн өнгө төрх шалтгаална. Гэтэл өнөөдөр нийслэлийн нийтийн тээвэр туйлын хангалтгүй түвшинд байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлж, түгжрэлийг сааруулахад ихээхэн хувь нэмэр оруулдаг. Гэвч 1.6 сая хүн амтай нийслэлийн хэмжээнд 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа нь хангалттай тоо биш. Үйлчилгээнд явж буй автобусны 532 нь жилийн өмнө ашиглалтын хугацаа дууссан хэдий ч өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилсээр байна. Эдгээр автобусыг парк шинэчлэл хийхээс нааш “тэтгэвэрт” нь гаргах ямар ч боломжгүй талаар албаны хүмүүс хэлэв. Угтаа бол автобусыг хамгийн дээд тал нь 12 жил ашиглах хугацаатай байдаг ч заасан стандарт хугацааг Монголд хэтрүүлж ашиглаж байгаа нь эрсдэл дагуулж буй. Иймд нийтийн тээврийн орчин, нөхцөл байдал болон парк шинэчлэл төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа эсэхийг сурвалжлан хүргэж байна.
“АЯ ТУХТАЙ, ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙВАЛ ХЭН Ч НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХЫГ ИЛҮҮД ҮЗНЭ” ГЭВ
Тэнгис кино театрын автобусны буудал. 18.00 цаг. Тус автобусны буудал дээр сургуулийн насны сурагч, оюутан, ажлаа тараад явж буй хүмүүс ихэнх хувийг эзлэн зогсоно. 15 минутын хугацаа өнгөрөхөд ганц ч автобус ирээгүй бөгөөд автобусанд суух зорчигч л нэмэгдэж байлаа. Удаан хүлээсний эцэст Ч:51 “Дүүхээ дэлгүүр-Дүнжингарав” гэсэн автобус дүүрэн хүнтэй ирж чихэж, чигжиж багтахаа больсон тул автобусны жолооч “Больё оо, хаалгаа хаая аа” гэж орилсноор суух хүсэлтэй 20 гаруй зорчигч хоцорч үлдэв.
Ийнхүү хот дүүрэн хоньтой айл шиг автобус дүүрэн зорчигчоо аваад хөдлөх гэтэл урагшилж өгдөггүй замын түгжрэлд таг зогсов. 10 минут орчим зогссоны эцэст 10 алхам хүрэхтэй газар арай гэж урагшилсан юм. 18.43 цагт. Ч:48 “Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС” гэсэн автобус гурав дарааллаж ирлээ. 19.00 цаг. Өөр чиглэлийн ямар ч автобус ирсэнгүй. Удаан зогссон хүмүүс дараагийн буудал руу алхахаар болж, зарим нь ТҮЦ рүү орж хэсэг дулаацан гарч ирнэ.
Автобус хүлээн зогсож байсан 40 эргэм насны залуугаас автобус хэд орчим минут хүлээж буйг тодруулахад “Ажил 17.30 цагт тарсан гэхээр автобусны буудал дээр бараг нэг цаг зогссон байна. Нисэх чиглэлийн автобус хүлээж байна. Өнөөдөр машины дугаар гардаггүй өдөр тул автобусаар зорчдог. Автобусанд хүйтэн, хүн ихтэй, элдэв үнэр үнэртдэг тул бусад өдөр нь машинаараа ажилдаа явдаг. Ялгаагүй л түгжрэхээс хойш машиндаа дулаахан, тохитой түгжирсэн дээр. Хүрэлцээтэй, ая тухтай, цэвэрхэн олон автобус нэвтрүүлбэл хэн ч нийтийн тээврээр явахыг илүүд үзнэ биз дээ. Адгалж л бензин, тос, масло гээд эдийн засагт хэмнэлттэй. Мөн зогсоол олж байршуулах гэж явсаар байтал хамаг цаг хугацаа үрэгддэг шүү дээ” хэмээн хэлж байлаа.
Өвлийн улиралд нийтийн тээврийн цонх цантаж, автобусны буудал зарлагч төхөөрөмж зарим автобусанд ажилладаггүйгээс үүдэж буудал андуурч буух тохиолдол гардаг. Чанга яригч төхөөрөмжөөр буудлаа зарласнаар нэгдүгээрт, хөдөө орон нутгаас ирсэн иргэд, өндөр настай хүмүүс зорчиход дөхөм болно.
Хоёрдугаарт: Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд ч хүртээлтэй, зорчиход хүндрэл багатай болох юм. Гэтэл урсдаг самбараар урсах болон, чанга ярих төхөөрөмжөөр зарладаг автобус ховор болжээ. Анх 2010 онд 287 автобусанд буудал зарлагч байрлуулж байсан гэхээр өдгөө насжилт нь хэтэрч, эхнээсээ эвдэрч эхэлжээ. Энэ талаар Нийтийн тээврийн газрын албаны хүн “Тухайн аж ахуйн нэгжүүд бүрэн бүтэн байдлаа хангах ёстой. Манайх хяналт шалгалтаа л хийнэ. Техник юм чинь зарим нэг нь эвдрэл гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй” гэсэн юм. Нийтийн тээврийн хяналтын үзлэгээр шалгадаг бөгөөд чухамдаа ямар арга хэмжээ авдаг талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.
Н.СУГАР: ӨНГӨРСӨН 12 ЖИЛИЙН ХУГАЦААНД ПАРК ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭГҮЙН ХҮНДРЭЛ ОДОО ГАРЧ БАЙНА
Нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2009 онд 400, 2015 онд 70 автобусаар шинэчилсэн. Үүнээс хойш дорвитой шинэчлэл хийгдээгүй байна. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон. Гэвч өвөл нь хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдог, ая тухгүй, эрүүл ахуй ариун цэврийн байдал муу, хэтэрхий их ачаалалтай нийтийн тээврээс халгах хүмүүс олширч байна. Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс энэ онд парк шинэчлэлийн 60 хувь буюу 591 автобусыг төр болон хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд оруулж ирэхээр болсон. Энэ онд 590, 2023 онд 299, 2024 онд 86 автобусыг шинэчлэх шаардлагатай аж. Эхний 590 автобусыг энэ оны наймдугаар сарын 20-ны дотор татан авна гэсэн боловч одоогоор товлосон хугацаандаа, төлөвлөсөн тоогоороо орж ирээгүй байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа. “Өнөөдрийн байдлаар 100 гаруй автобус импортоор орж ирэн хөдөлгөөнд оролцож байна. Автобус товлосон хугацаандаа орж ирэхгүй шалтгаан гэвэл нэгдүгээрт, тендерийн хуулиараа богино хугацаанд худалдаж авах шаардлагатай байдаг. Гэвч худалдан авах гэрээний ажиллагаанд санхүүжилтийн асуудал тулгарсан тул үүнийг шийдвэрлэгдэх хүртэл зогсонги байдалд орсон. Иймд үлдсэн автобус орж ирэх хугацаа хойшлогдож байна.
Хоёрдугаарт: Хил хаагдсан, эдийн засаг хямралтай байгаагаас үүдэж хөрөнгө оруулалт олоход хүндрэл үүссэн талаар ажил хариуцсан хүмүүс хэлсэн. Энэ оны төсөвт 500 гаруй автобусыг 79 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгасан. Энэ мөнгөөр бүгдийг нь худалдаж авахад хаанаа ч хүрэхгүй. Энэхүү 79 тэрбум төгрөгөө урьдчилгаа хэлбэрээр өгөөд, эхний ээлжийн автобуснууд удахгүй орж ирэх боломжтой гэсэн мэдээллийг ажил хариуцсан хүмүүс өгсөн. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийн тулд 1400 гаруй автобус шаардлагатай. Ингэснээр автобус хүртээмжтэй, чанартай байх боломж бүрдэнэ гэсэн тооцоолол гарсан. 2024 он хүртэл энэ хэмжээнд хүргэ гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Он гарахаас өмнө 590 автобусны эхний хэсэг орж ирсний дараагаар акталсан байгаа автобусыг ашиглалтаас гаргах талаар яригдана.
Өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдээгүйн хүндрэл одоо гарч байна. Автобусны техникийн бүрэн бүтэн байдал өдөр тутамдаа хийгддэг. Цэвэрлэгээг өдөрт хоёр удаа хийж байгаа. Автобус хүртээмжгүй байгаа учраас олноор чихэлдэж суухад хурдан бохирддог. Ашиглалтын хугацаа дуусаад нэг жил болсон автобуснууд зам дээр эвдрэх асуудлууд гарч байгаа. Хэдий тийм байгаа боловч зорчигчийн аюулгүй байдал, ариун цэврийн байдлыг маш сайн хангах ёстойг Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниудад шаардлага хүргүүлдэг. 1400 гаруй автобус явж эхэлсэн цагт стандартаа хатуу тавих боломж бүрдэнэ. Өдөр тутмын үйл ажиллагаанд Нийслэлээс хяналт тавиад байх боломжгүй байдаг учраас нийтийн тээврийн компаниуд маш хариуцлагатай байх шаардлагатай байна” гэсэн юм.
“11 11” ТӨВ ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төв нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллагад шилжүүлэх, шийдвэрлэлтэд хяналт тавин ажилладаг. Тус төвд энэ сарын 24-ний өдөр 8 цаг 36 минутад иргэн Г.Буянхишиг санал илгээжээ. Тэрбээр “5-165 дугаартай цэнхэр өнгийн нийтийн тээвэр маш хуучирсан, элэгдэлтэй бөгөөд маш их цэнхэр өнгийн бохир утаа хаяж байна. Ийм элэгдэлтэй, бохир утаа хаядаг автобусыг шугамд явуулахгүй байх хэрэгтэй байна. Энэ асуудлыг холбогдох газарт нь уламжилж өгнө үү” гэжээ. Үүнийг Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагч С.Оюун-Эрдэнэ хүлээн авч шийдвэрлэжээ. Тэрбээр “Иргэн Г.Буянхишигийн гомдлыг Сутайн буянт ХХК-ийн диспетчер Н.Ундрахжаргалд танилцуулж, 5-165 гараашийн дугаартай автобусанд засвар үйлчилгээ хийж, хар утаагүй болгох, удирдах албан тушаалтанд шуурхайгаар танилцуулж, зөрчлийг арилгуулан, гомдол гаргасан иргэнд хариу өгөх талаар үүрэг өглөө” гэв. Үүнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хяналт хариуцсан ажилтан М.Дунгармаа “Хариу хяналаа. /Хангалттай шийдвэрлэсэн/” гэж үзжээ.
Ж.СҮХБААТАР: 2023 ОНЫ ТӨСӨВТ 318 ТЭРБУМ ТӨГРӨГ ТУСГАЖ, НИЙТИЙН ТЭЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
2021 оны байдлаар нийтийн тээврээр 147 сая зорчигч үйлчлүүлсэн гэсэн судалгаа гарчээ. Нийтийн тээвэр өдөр тутамдаа 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна. Нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт өнгөрсөн онд гарсан билээ. Ингээд нийслэлчүүд ашиглалтын хугацаа нь дууссан автобустайгаа ямартай ч энэ оныг дуустал хотын түгжрэлд явах нь тодорхой боллоо.
Гэтэл хугацаа нь дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж байгаа нь иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр дэнчигнүүлж буйтай адил. Он гарснаар автобус шатсан олон тохиолдол гарсан. Жишээ дурдвал, Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатав; Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус автобусны зүүн тал шатсан. Энэ автобусыг засварлаж үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулжээ; Сансрын тунелиэс уруудах замд Баянцээлийн эсрэг талд нийтийн тээврийн автобус шатав; "Өргөө 2"-ын хажуугийн замд автобусны арын эд анги шатав. Эдгээр кэйсээс харахад иргэдийн амьд явах эрх актлах болсон автобусанд хүртэл зөрчигдөж байгаа нь харамсалтай. Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар “2023 оны төсөвт 318 тэрбум төгрөг тусгаж, нийтийн тээврийн шинэчлэл хийнэ. Нийтийн тээврийн асуудлыг шийдэхгүй бол түгжрэлийг шийдэх гарц гаргалгаа байхгүй. Уг нь бол манай хотын төвд нийтийн тээвэр ноёрхох ёстой” хэмээсэн. Сайд нарын үг үнэн бодитой байж, үг, үйлдэл хоёр зөрөх учиргүй юм шүү сайд аа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Хамгийн их хортой утаа хаядаг энүүгээр нь хүүхдүүд амьсгалж байгааг харахад харамсалтай нийслэлийн хамгийн чухал ажил өнгө төрх нийтийн тээвэр баймаар юм МӨНГӨ МӨНХҮҮЖИЛТАД ЧИХЭЭД ЮУ Ч ХИЙХГҮЙ БАЙНА Сумьяабазар /баахан албан тушаалтанууд юу хийдэг юм бол гайхалтай харамсмаар/\n