Агаарын бохирдлын 50 хувийг байгаль, цаг уур өөрөө гаргадаг гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

-Иргэд “HiPay” аппликейшнаас агаарын чанарын 95 байршлын мэдээлэл авдаг боллоо-


Иргэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлын түвшин, чанарын мэдээллийг олон байршлаас илүү нарийвчлалтайгаар өдөр бүр гар утаснаасаа харж, мэдэх боломжтой боллоо. Тодруулбал, “Монголын финтек групп” ХК-ийн охин компани “Хай Пэймэнт Солюшнс” ХХК агаарын бохирдол хэмжигч ухаалаг 55 төхөөрөмжийг нийгмийн хариуцлагын хүрээнд орон даяар суурилуулж эхэлсэн байна. Тус компанийн хамт олон агаарын бохирдол хэмжигч энэхүү ухаалаг төхөөрөмжийг үндсэн хоёр зорилгын хүрээнд хандивлаж байгаа юм. Хамгийн түрүүнд иргэд хаана агаарын бохирдол их, бага байна, хэдэн цагийн үед илүү бохирдолтой байгаа зэрэг мэдээллийг хүлээн авч, амны хаалтаа зүүх, цонхоо хаах, хүүхэд, ахмад настнууд гадаа гарах эсэхээ шийдэх боломжтой болно. Нөгөө талаар Засгийн газар, ТББ, эрдэмтэн, судлаачид агаарын чанарын асуудлаар өргөн хүрээнд судалгаа хийхэд зориулсан суурь мэдээллийн дата баазтай болох аж. Учир нь төрийн байгууллага болон хувийн хэвшлээс суурилуулсан 40 суурин харуулын зарим нь бүрэн ажилладаггүй, газар нутгийн хувьд өргөн хүрээг хамарч чаддаггүй байна. Энэ талаар өчигдөр Байгаль орчин,  аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нар мэдээлэл хийлээ.

 

АГААРЫН БОХИРДОЛ ХЭМЖИГЧ ТӨХӨӨРӨМЖ 45 ХЭМИЙН ХҮЙТЭНД АЖИЛЛАНА

 

Агаарын бохирдол хэмжигч ухаалаг төхөөрөмжийг Польш улсын Краков хотод үйл ажиллагаа явуулдаг “Airly” компани үйлдвэрлэдэг бөгөөд “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь Монгол Улс дахь анхны албан ёсны хамтран ажиллагч байгууллага нь болжээ. “Airly” компани нь агаарын бохирдол хэмжигч ухаалаг, олон үзүүлэлттэй, эрчим хүч хэмнэдэг энэхүү төхөөрөмжөөрөө Польш улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал, АНУ, Европын холбооны агаарын бохирдол хэмжигч төхөөрөмжийн чанарын гэрчилгээ, Румын улсын “CSR AWARDS 2020” шилдэг инновацын төрөлд тэргүүн байр зэрэг олон шагнал хүртсэн бөгөөд уг төхөөрөмжийг дэлхийн 50 гаруй улс оронд суурилуулсан байна. “Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь цаашид агаарын чанарын олон үзүүлэлттэй төхөөрөмжийнхөө тоог нэмэгдүүлж, улсын хэмжээнд 250-300 ширхгийг суурилуулахаар зорьж байгаа юм. Мөн жил бүр агаарын бохирдол, чанарын асуудал, шийдлийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг нөлөөллийн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэ талаар “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Наранбат “Бид энэхүү төхөөрөмжөө 21 аймаг болон хүн амын суурьшил ихтэй есөн суманд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 40 орчим агаарын чанарыг хэмжигч төхөөрөмж байдаг. Хувийн хэвшил болон Олон Улсын байгууллагууд, Элчин сайдын яамд нийтдээ 22 төхөөрөмж байршуулсан гэх мэдээлэл бий. Монгол Улсад байгаа 40 орчим төхөөрөмж дээр бидний нийлүүлж буй 55 төхөөрөмж нэмэгдсэнээр иргэд “HiPay” аппликейшнээр дамжуулан төхөөрөмж суурилагдсан байршлуудын агаарын чанарын талаарх мэдээллийг авах боломжтой болж байгаа юм. Бид бүхэн хоёр үндсэн зорилготой энэхүү төхөөрөмжийг нийлүүлж байгаа. Нэгдүгээрт, иргэд амьдарч буй цаг агаар, орчны агаарын бохирдлын мэдээллийг бодитоор авах, хоёрдугаарт, агаарын чанарын асуудлаар өргөн хүрээнд судалгаа хийдэг байгууллага, хувь хүн суурь мэдээллийн дата баазтай болно. Агаарын тухай хуулийн 9.1.3-т агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ тухайн эх үүсвэрийн хаягдал, нөлөөллийг хянах дотоод хяналтын багаж хэрэгслээр тоноглох гэсэн хуулийн заалт байдаг. Тиймээс бид цаашдаа энэхүү төхөөрөмжийн тоог 50-100-аар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Манайх хувийн хэвшлийн байгууллага учраас байршуулах цэгээ өөрсдийн оффис, гэр, дэлгүүр гэх мэт хамаарал бүхий хүмүүсийн байршилд суурилуулж байгаа” гэсэн юм. Агаарын бохирдол хэмжигч төхөөрөмж нь 2-5 метрийн өндөрт байрладаг. Учир нь иргэдэд зориулсан учраас гудамж, талбайн чанарыг харуулах аж. Мөн 45 хэмийн хүйтэнд ажиллах боломжтой байдаг байна.

 

Б.БАТ-ЭРДЭНЭ: АГААРЫН БОХИРДОЛ БУУРУУЛАХАД ЗАРЦУУЛСАН МӨНГИЙГ ШАЛГАНА

 

Тус төхөөрөмж нь нийт долоон үзүүлэлтээр агаарын бохирдлыг хэмждэг байна. Үүнд, тоосонцрын  гурван төрөл болох PM1.0, PM2.5, PM10, хүхрийн давхар исэл SO2, азотын давхар исэл NO2, нүүрстөрөгчийн дутуу исэл CO, озон O3 үзүүлэлтүүд багтана. Мөн агаарын температур, даралт, чийгшил, салхины хурдыг ч харуулах юм. Байгаль орчин,  аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бид бүхэн агаарын бохирдлын мэдээллийг олон нийтдээ мэдээлдэг байх ёстой. Өнөөдрийн байдлаар 18 төхөөрөмж ажиллаж байна. Эдгээр нь PM2.5, PM10 гэсэн хоёрхон үзүүлэлтээр үздэг байсан. Харин энэ удаад хүнд, хатуу металлуудыг хэмжих долоон үзүүлэлттэй төхөөрөмжийг шинээр нэвтрүүлж байна. Зөвхөн Улаанбаатар хот ч гэлтгүй аймгийн төвүүд дээр агаарын бохирдол маш их байна. Агаарын бохирдлын эсрэг гурван шатлалын төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа. Нэгдүгээрт, Богино хугацааны буюу бид бүхний хэрэглэж буй сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал байна. Хоёрдугаарт, Дунд шатны төлөвлөгөө буюу хагас коксын үйлдвэрийг Монгол Улсад байгуулах юм. Тус үйлдвэрийг байгуулснаар агаарын бохирдол хамгийн багадаа 30-40 хувь хүртэл буурна. Нам даралтын зуухнууд өнөөдрийг хүртэл яагаад төхөөрөмжгүй ажиллаж байгаа юм бэ. Хяналтын төхөөрөмжүүдийг байрлуулах ёстой. Өнгөрсөн хугацаанд маш олон утаа шүүгч гэсэн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүн дээр бид нар Байгаль орчны иргэний зөвлөлтэй хамтарч хяналт шалгалтын үйл ажиллагааг оруулж байгаа. Өнгөрсөн хугацаанд төсөвлөгдсөн мөнгө үр дүнтэй зарцуулагдаж чадсан юм уу, үгүй юм уу. Яагаад өнөөдөр Улаанбаатар хот болон аймгийн төвийн агаарын бохирдол ийм хэмжээнд очсон бэ гэдгийг хөндөхөөс өөр аргагүй. Цаашдаа бид энэ бүхнийг хөндөөд явах болно. БОАЖЯ гэдэг бол утааны стандарт болон хяналтыг тавьж байх үүрэгтэй. Улаанбаатар хотод “Тавантолгой түлш” ХХК-ийн хоёр үйлдвэр ажиллаж байна. Энэ үйлдвэрүүд дээр шинэ технологи нэвтэрч чадаагүй. Тиймээс стандартыг сайжруулах, чийгшил, дэгдэмхий бодисыг бууруулах ажлыг хийх ёстой. Өнөөдөр агаар, ус, хөрсний бохирдлын хэмжээ ямар байгааг ард түмэн мэддэг байх эрхтэй. Хяналтыг иргэд өөрсдөө тавьдаг байх ёстой. Энэ бол дэвшилтэт маш сайн ажил болж байна. Цаашдаа бүх зуухыг хяналтын төхөөрөмжтэй болгоно. Бохирдлын хэмжээ стандартаас давсан тохиолдолд мэдэгддэг болох юм. Ийнхүү мэдэгдсэнээр БОАЖЯ, Мэргэжлийн хяналт, Экологийн цагдаа гэх мэт холбогдох байгууллагуудтай хамтарч хяналт, шалгалтын ажил хийж, арга хэмжээ тооцдог үндсэн зөв тогтолцоо руу нь шилжүүлж ажиллах эхлэл болж байна” гэлээ.

 

21 АЙМАГ, ЕСӨН СУМАНД АГААРЫН БОХИРДОЛ ХЭМЖИГЧ СУУРИЛУУЛНА

 

Салхи багатай үед газрын гадарга хөрж, дээшлэх тусам агаарын температур нэмэгдэх үйл явцыг температурын инверс гэж нэрлэдэг аж. Өөрөөр хэлбэл агаар доод хэсэгтээ хүйтэн, дээшлэх тусмаа дулаан болдог. Үүний улмаас агаар дээшээ сарних, сэлгэгдэх боломжгүй болсноор доошоо хуран сууж, олон эх үүсвэрээс гарч буй утаа тунарч тогтдог байна. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин “Арваннэгдүгээр сарын дунд үеэс газар нутгийн гадарга дээр цасан бүрхүүл тогтож эхэлдэг. Арванхоёр, нэгдүгээр сар хамгийн хүйтэн сар байдаг. Байгаль өөрөө агаарын бохирдлыг сард 3-4 удаа цэвэрлэдэг. Яаж вэ гэвэл цас орох, цасан шуурганы дараа цэвэрших юм. Тиймээс одоо байгаа агаарын бохирдлыг өмнөх оны нэг өдрийнхтэй харьцуулж болохгүй юм. Өвлийн улиралд инверсийн зузаан газрын гадаргаас дээд тал нь 600 метрт ноёрхож байна. Ер нь агаарын бохирдлын 50 хувийг байгаль, цаг агаар гаргадаг хэлж болно. Инверсийн процесс долоо хоног бүр орж ирдэггүй. Заримдаа 10-14 хоногоор процесс орж ирдэггүй үе байдаг. Жишээлбэл, битүү 40-ийн төмөр саванд агаар бохирдуулах бодис хуримлагдаад байвал яах билээ” гэв.

“Хай Пэймэнт Солюшнс” ХХК нь энэ оны гуравдугаар сараас эхлэн туршилтаар төхөөрөмжүүдээ суурилуулсан бөгөөд одоогоор Бөхийн өргөө, Баруун дөрвөн зам, Хайлааст, Богдын музей, Арт хаус /Туул рестораны хажууд/ гэх мэт 20 байршилд 20 төхөөрөмж ажиллуулж байгаа юм. Энэ сардаа багтаан бусад төхөөрөмжийг 21 аймаг, хүн ам ихээр төвлөрсөн есөн томоохон суманд суурилуулахаар төлөвлөсөн байна. Дээрх төхөөрөмж суурилагдсан байршлуудын агаарын чанарын талаарх мэдээллийг “HiPay” аппликейшнээр дамжуулан авах боломжтой бөгөөд агаарын чанарын индексийг дэлхийн стандартын дагуу монгол тайлбартай, энгийн ойлгомжтой байдлаар оруулсан байна. Мөн улсын хэмжээнд ажилладаг агаарын чанар хэмжигч 40 суурин харуулын мэдээллийг ч нэгтгэсэн тул иргэд нийт 90 байршил, тэдгээрийн ойр орчмын агаарын чанарын мэдээллийг нэгдсэн байдлаар хүлээх авах боломжтой болжээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.21.240) 2022 оны 11 сарын 09

Хэмжих хэрэгтэй юмуу бууруулах хэрэгтэй юмуу агаарын бохирдолоо бууруулах ажил юуч хийхгүй байж хэмжээд л байхын хүний нүд хамар 2 хангалттай хэмжигч шүү

0  |  0
(66.181.188.43) 2022 оны 11 сарын 09

bitii shaa ,hujaanuud gargadagin

0  |  0
Top