Төсвийн байнгын хороо ДОЛООН АСУУДАЛ хэлэлцлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.09) хуралдаан 10 цаг 15 минутад эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний  өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Хөдөлмөрийн тухай хуульд салбарын хэлэлцээрүүдээр цалин, хөлсийг нэмэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн заасан байдгийг дурдаад 2023 оны төсөвт төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчийн цалингийн асуудлыг салбарын хэлэлцээрээр хэлэлцэн зөвшилцсөн, эсэхийг асууж, хариулт авав.

Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”, 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6", 2025 онд “33.6“ гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.0 хувь нь  дэмжлээ.

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 99 хууль, зургаан тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан алслагдсан аймаг орон нутгийн иргэдийн нислэгийн тийзийг хөнгөлөхтэй холбоотой асуудлыг Төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд тусгасан эсэхийг лавлахад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн “Ш.Раднаасэд гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй уг санал Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй ч, чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн тул тогтоолын төсөлд нэмж тусгасан” гэж хариулав.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох зүйл, хэсгийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалаа. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасны дагуу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлээс “47.9 дэх хэсэг” гэснийг хасаж, хуулийн төслийн 3 дугаар зүйлд “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын явцад туршилтын журмаар олборлосон ашигт малтмалын төрөл, тоо, хэмжээг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр худалдан борлуулж болох бөгөөд бүртгүүлсэн мэдээллийг татварын байгууллагад тухай бүр хүргүүлнэ. Хайгуулын ажлын технологийн явцад туршилтын журмаар олборлох, ашигт малтмалын дээд хязгаарыг төрлөөс нь хамааруулж журмаар зохицуулна. Энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй нэгэн адил төлж, тайлагнана.” гэсэн агуулгатай хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 58,8 хувь нь дэмжив.

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжлээ.

Уг санал дэмжигдсэн тул  Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай хуулийн төсөлд “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална” гэсэн 16.7 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Мөн  “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн  9 дэх дэд заалтыг “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн нэгдсэн цахим бүртгэл мэдээллийн системийг бий болгох, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх зэрэг бүх шатанд хамаарах гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлж, экспортод гаргах, нууцын зэрэглэлд хамаарах худалдах, худалдан авах гэрээг Улсын Их Хуралд танилцуулах;” гэж өөрчлөх мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааны багцыг хэсэгчлэн болон бүхэлд нь Монголын хөрөнгиин биржээр арилжаалж, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөх, хувийн хэвшлийн зонхилох байр суурийг нэмэгдүүлэхэд чиглэсэн цогц судалгаа хийж, бодлого боловсруулах;” гэсэн 10 дахь дэд заалт нэмэх, улмаар 12 дахь дэд заалтыг “Холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аймгийн байнгын оршин суугч иргэдэд орон нутгийн нислэгийн тийзийн үнийн хөнгөлөлт үзүүлэх.” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.  

Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн  гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан барилгын компаниуд үнийн өсөлтөөс шалтгаалан санхүүгийн хүнд нөхцөлд байгаа тул үнийн зөрүүг нь энэ ондоо багтааж, олгох боломж бий эсэхийг тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан, Бид 2023, 2024 оны төсөвт өмнөх жилүүдэд гарсан үнийн өсөлтийн нэмэгдлүүдийг суулгаж өгсөн. Харин энэ жилийн хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулиа хэрэгжүүлүүлэхээс өөр аргагүй” хэмээн хариулсан.

Ингээд  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-т заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршлын талаар залруулга хийхтэй холбоотой гишүүдийн зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос Хууль зүй, дотоод хэргийн салбарын тоног, төхөөрөмжтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Төсвийн байнгын хорооноос  Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан боловсруулсан Төсвийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Хэлэлцэж буй асуудлуудтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, Б.Пүрэвдорж, Ж.Батжаргал, Д.Тогтохсүрэн, С.Ганбаатар, Х.Булгантуяа, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр хэлэлцэв. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд 2/29 дүгээр зүйлийн 29.3.6 дахь заалт “тухайн жилд батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг төсвийн тодотголоор бууруулахгүй байх” гэж нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68.8 хувь нь дэмжсэн.

Харин Ажлын хэсгээс гаргасан саналууд дэмжигдээгүйтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс төслийн 1/19 дүгээр зүйлийн 29.3.5 дахь заалтыг “шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг гурван жилд багтаан санхүүжүүлж дуусгах” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Х.Баделхан, Л.Мөнхбаатар нараас  төслийн 2/291 дүгээр зүйлийн заалтыг “барилга, байгууламжийн хувьд Барилгын тухай хуулийн 4.1.30-д заасан зураг төсөл болон сүүлийн хоёр жилийн хугацаанд хийгдсэн магадлалаар баталгаажсан төсөвтэй байх” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Төсвийн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслүүдэд хуралдааны үеэр гаргасан саналуудыг нэмж тусган чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
энэ яг үнэн(64.119.22.211) 2022 оны 11 сарын 09

хулгайч ганзоригийн хулгайч хүү улсаас идэлцсэн 1.8 тэрбум төгрөгийн төлбөрөө даруй төлөө. чиний Төсвийн хорооны дарга гэж юу байсан юм. Гэмгүй царайлсан муу хулгайчийн хүү хулгайч

0  |  0
Top