2.6 км зам туулж хичээлдээ явдаг 1960 хүүхэд ХАТУУ ӨВӨЛТЭЙ золгох нь

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Өвлийн жавар хайр найргүй хацар алгадах өдрүүд айсуй. Харин 2.6 км замыг туулж, сургуульдаа явдаг 1960 сурагч хүйтнээс зүрхшээж, өвлийг адалж байна. Гэвч тэдгээр хүүхдүүд сургуультай байгаадаа баярлана.

Учир нь гэвэл, “Буянт-Ухаа 2” хотхон 2015 онд ашиглалтад орсон. Тус хотхон нийт 2500 гаруй өрхтэй. Гэвч өнөөг хүртэл энэ хотхоны дэргэд шинэ сургууль баригдаагүй аж. Тиймээс эдгээр сурагчид Нийслэлийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуульд хичээллэж байсан ч тус сургуулиас “Даац хэтэрсэн тул харьяаны хүүхдүүдийг авна” гэж хичээлийн шинэ жилийн өмнөхөн хэлж, сурагч, эцэг эхчүүдийг гонсойлгоод байсан билээ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар эдгээр хүүхдүүд Нийслэлийн Ерөнхий боловсролын 60, 89, 118 дугаар сургуульд тус тус хуваарилагдаж хичээллэж буй. Удахгүй “Буянт-Ухаа 2” хотхоны хүүхдүүд шинэ сургуульдаа орно гэсэн хүлээлттэй байгаа юм. Иймд шинээр баригдах барилгын ажлын явц хэдэн хувьтай явж байгаа, холоос явж буй хүүхдүүдийн эцэг, эхийн байр суурийг сурвалжлан хүргэж байна.


 

“ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТ ОРЖ ИРЭЭГҮЙН УЛМААС ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРООГҮЙ” ГЭВ

 

“Буянт-Ухаа 2” хотхонд 161, 163 дугаар сургууль баригдахаар болж 2019 онд эхэлсэн ажил энэ онд дуусахаар төлөвлөгдөөд буй. 1200 хүүхдийн хүчин чадалтай 161 дүгээр сургууль аравдугаар сарын 1-нд, 960 хүүхдийн хүчин чадалтай 163 дугаар сургууль нь арванхоёрдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэж хичээлийн шинэ жилийн өмнө мэдэгдэж байсан.

Гэвч аравдугаар сарын 1-ний өдөр ашиглалтад орж, хүүхдүүдээ хүлээн авах байсан 161 дүгээр сургууль өдийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Хугацаандаа ашиглалтад ороогүй шалтгааныг тус сургуулийн захирал Б.Балжиннямаас тодрууллаа. Тэрбээр “Сангийн сайдын багц дээр энэ оны гуравдугаар сард төсөвлөгдсөн 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийн мөнгө одоог хүртэл ороогүй. Ойрын өдрүүдэд орох болов уу гэсэн хүлээлттэй л байна. Сургууль ашиглалтад ороход бохирын шугамын л ажил үлдсэн. Манай сургууль Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалттай. Гэвч мөн эндээс хичээлийн дотор хэрэглэгдэхүүн, сандал ширээний асуудал шийдэгдээгүй байгаа. Анх цахимаар хичээлээ орно гэж байсан. Гэвч барилгын ажил удааширсан тул хүүхдүүд маань бусад сургуулиудад хуваарилагдаж, бүгд танхимаар хичээллэж байна” гэсэн юм. Энэ байдлаас харвал гүйцэтгэгч компани биш, батлагдсан төсвийн мөнгө орж ирэхдээ удаашраад байгаа аж.

 

 

Ц.БУРМАА: НЭГ БОЛОН ГУРАВДУГААР АНГИЙН ХҮҮХДҮҮД МААНЬ ӨӨР СУРГУУЛЬД ХУВААРИЛАГДСАН

 

Ийнхүү ачаалал нь ихэссэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 118 дугаар сургуулийг зорилоо. 12 цагийн үед тус сургууль руу чиглэх автомашины хөдөлгөөн их болсон байв. Үүний зэрэгцээ зузаалсан хувцсандаа түүртсэн хүүхдүүд цүнхээ дааж ядан Яармагийн замаар алхаж харагдав. Дотогш орж “сургуулийн захиралтай уулзах гэсэн юм” гэхэд жижүүр эгч “Аль сургуулийн захирал вэ” гэлээ.

Ийнхүү 118 дугаар сургуулийн захирал Ж.Бадамцэцэгтэй уулзав. Тэрбээр үүрэгт ажлаа аваад 10 гаруй хоног болж байгаа аж. Ж.Бадамцэцэг “161, 163 дугаар сургууль ашиглалтад орох хүртэл тус харьяаны хүүхдүүдийг хичээллэх танхимаар хангаж, дүрэм, журмаар нь л явуулна. Өнөөдрийн байдлаар манай сургуульд тус сургуулиудаас 840 хүүхэд хамрагдаж байна. Хоёр ээлжээр хичээллээд хамгийн сүүлийн ангийн хичээл 18 цаг 45 минутад дуусдаг. Нэг ангид 35-40 хүүхэд хичээллэдэг. Анги дүүргэлт бусад төвийн сургуулиудыг бодоход харьцангуй бага гэж хэлж болно” гэсэн юм.

Үргэлжлүүлэн харьяаллын бус сургуульд хүүхдээ явуулдаг эцэг, эхээс байр, суурийг нь авлаа. Тус сургуулийн гадаа “school police” хийж байсан Г.Ганцэцэг “Манай хүүхэд нэгдүгээр анги. Харьяалал нь 163 дугаар сургууль боловч 118 дугаар сургууль дээр хичээллэж байна. Анги нь 40 хүүхэдтэй. Гол тулгамдаж буй асуудал нь холоос зөөх л байгаа юм. 163 дугаар сургуулийн барилгын ажлын бохирын шугам нь шийдэгдээгүй байна гэсэн. Энэ ондоо багтаж орно гэдэгт итгэлгүй л байна. Уг нь анх хичээл орж эхлэхэд 161 дүгээр сургууль аравдугаар сард ашиглалтад ороод, 161, 163 дугаар сургуулийн хүүхдүүд тэндээ хамт хичээллэнэ. Тэгээд арванхоёрдугаар сард сургууль, сургуульдаа хичээллэнэ гэж байсан. Одоо ч ёстой мэдэхгүй юм даа” гэсэн юм.

Мөн нэг болон гуравдугаар ангийн сурагчийн ээж Ц.Бурмаа “Уг нь бол 163 дугаар сургуульд хүүхдүүд маань хичээллэх ёстой. Гэвч одоог хүртэл ашиглалтад ороогүй байна. Хүйтрээд ирэхээр маш хэцүү байна. Автобусаар явдаг, дээрээс нь гурван замаар гарч байж сургууль дээр ирдэг. Арванхоёрдугаар сардаа ашиглалтдаа орох бол худлаа байх. Харин нэгдүгээр улирлын амралт эхлээд, хичээл нь ороход ашиглалтад орвол их юм.

Нэгдүгээр ангийн хүүхэд маань 118 дугаар сургууль, гуравдугаар ангийнх нь 60 дугаар сургуульд хуваарилагдан явж байгаа. Нэгдүгээр ангийнх нь 14 цаг 30 минутад, гуравдугаар ангийн хүүхдийн хичээл 15 цагт ордог. Гуравдугаар ангийнхаа хүүхдийг сургуульд нь хүргэж өгөхийн тулд хүнд мөнгө төлж зөөлгөдөг.

Хүйтний эрч чангарахад л хэцүү болох байх” хэмээлээ.

Бид цааш явж “Буянт-Ухаа 2” хотхонд баригдаж буй 163 дугаар сургуулийн барилгын ажлын явцтай танилцлаа. Тус сургуулийн гадна ажил дуусжээ. Дотогш ороход нэгдүгээр давхарт 20 орчим хүн засварын ажлыг гүйцэтгэж байсан юм. Энэхүү сургууль нь гурван давхар бөгөөд хоёр, гуравдугаар давхар нь цэлийсэн цагаан өнгөөр хучигджээ.

Барилгын ажлыг гүйцэтгэгч компанийн инженерээс дараах мэдээллийг авлаа. Тэрбээр “Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд барилгын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр авах санхүүжилт хэсэг хугацаанд саатсан учир ажиллах хүчний тоо цөөрч 50 орчим хүнтэйгээр ажлын явц бага зэргийн удаашралтай явагдсан. Санхүүжилтээ авсан учир буцааж хүн хүчээ татаж ажлаа эрчимжүүлж ажиллана. Сургуулийн гаднах талбайн ажил хийгдэж дууссан. Сагсан бөмбөг болон хөл бөмбөгийн талбайн тоног төхөөрөмж хийх ажил үлдсэн. Дотор хоёр, гуравдугаар давхрын заслын ажил дуусах шатандаа явж байна. Нэгдүгээр давхрын А блокийн үүдний хэсгээс бусад газрууд болон ангиудын замаск хийх ажил болон ,шал, шатны плита чулуу наах ажил явагдаж байна. Мөн спорт заалны модон шал хийх болон заслын ажил, ангиудын модон хаалга суулгах, В, С блокийн коридор болон шалны хулдаас наах ажлын материалаа татан авч эхлэхэд бэлэн болсон” гэлээ.

 

 

2023 ОНД ШИНЭЭР 53 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ БАРИХААР УЛСЫН ТӨСВИЙН ТӨСӨЛД САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

 

Энэ онд нийслэлд он дамжин хэрэгжиж байгаа болон шинээр хэрэгжиж эхэлсэн сургууль цэцэрлэгийн 176 барилгад санхүүжилт олгожээ. Эдгээр барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 73 хувьтай явж байна. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын хэлтсийн дарга О.Бадамсэрээжидээс тодрууллаа. Тэрбээр "Одоогийн байдлаар хоёр сургууль, 13 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад ороод байгаа бол 19 сургууль, 13 цэцэрлэг, гурван бага сургууль цэцэрлэгийн цогцолбор оны эцэст багтан ашиглалтад орохоор хүлээгдэж байна. Энэ ондоо багтааж 176 цэцэрлэг, сургуулийг шууд ашиглалтад оруулна гэж ойлгож болохгүй юм. Учир нь 2023, 2024 он гээд хэрэгжээд явах төсөл хөтөлбөрүүд багтсан. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль байхгүй. Гэхдээ Нийслэлийн Ерөнхий боловсролын V сургууль өргөтгөлийн ажил удааширснаас үүдэж гурван ээлжээр хичээллэж магадгүй. 161, 163 дугаар сургуулийн тухайд барилгын гүйцэтгэгч компаниас шалтгаалж энэ ондоо ашиглалтад орно. Ирэх онд шинээр 53 сургууль, цэцэрлэг барихаар улсын төсвийн төсөлд санал хүргүүлсэн. Гэхдээ Сангийн яамны зүгээс шинэ төсөл, хөтөлбөр батлахгүй гэсэн байгаа” гэлээ.

Нэгдсэн төсвийн нийт зарлагын 12.8 хувийг боловсролын төсөв эзэлдэг. Тэрээр 2019 онд 1.8 их наяд, 2020 онд 1.3 их наяд, 2021 онд 1.7 их наяд төгрөг байв. Харин энэ онд 2.3 их наяд төгрөгийг боловсролын салбарт төсөвлөгдсөн байдаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 оны төсвийн жилд нийт 1.465.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, тухайн жилд санхүүжих 356.9 тэрбум төгрөг бүхий 430 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Эдгээрээс ерөнхий боловсролын сургуулийн барилга, байгууламжийн 124, цэцэрлэгийн барилга, байгууламжийн 154 төсөл, арга хэмжээ хэрэгжиж, дундаж гүйцэтгэл 58.2-62.4 хувьтай байгаа аж.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.75.133) 2022 оны 11 сарын 11

neeh ih land benz unasan teneg pzdanuud

0  |  0
Q(103.212.118.90) 2022 оны 11 сарын 11

Uvsiin gajig psdanuud

0  |  0
D(202.170.73.226) 2022 оны 11 сарын 12

Tegeed buten horoolol barj bga yum bol surguuli , tsetserleg, delguur, zogsool buh yumaa tootsoj baidag biz de. Shal teneg yamarch tuluvlult bhgui, ashgaa bodohoos uur yum bhgui. Ter hotiin darga gej neg yum hunii yum biraahaas umnu shine barigdahj bga yumand anhaarj tsetserleg, surguuli, zogsool garaash nhgui bol zuvshuurul uguhgui baih yostoi.

1  |  0
Top