“Амьдадаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх” хэмээх нэрт яруу найрагч О.Дашбалбарын хайрлахуйн тарни болсон шүлгийг “Зөв найзууд” ТББ хоймортоо залж, үйл ажиллагаагаа явуулдаг байна. 2021 оны тавдугаар сард үйл ажиллагаа нь эхэлж байсан ч өдгөө есөн дүүрэг, 21 аймагт салбартай болж, давсан урлал, модон эдлэл, гар урлал, оёдлын үйлдвэрлэл гэх мэтээр өргөжин тэлж буй. “Зөв найзууд”-д нэгдсэн залуус бүгд дор бүрнээ эрхэлсэн ажилтай ч нийгмийнхээ сайн сайхны төлөө, эрүүл нийгмийг бүтээхийн тулд нэгдэж “Олны хүч, оломгүй далай” гэдгийг харуулж яваа билээ. Дотоод, үндсэн ажлыг 12 хүн хөтлөн явуулдаг бөгөөд 28 мянга гаруй залуус энэхүү байгууллагад хувь нэмрээ оруулж, үйл ажиллагааг нь дэмжин өргөжүүлдэг байна. Эдгээр залуус нэгнийхээ эрхэлдэг бизнесийг мэдэлцэж “Найз чинь талх зарж байвал үнээр нь л ав” гэдэг шиг нэгэндээ орлого оруулах механизм хэдийн бүрджээ. Жишээлбэл, автомашин угаалгын газар, дугуй засвар, фитнес, цайны газар гэх мэт бизнес эрхэлдэг бол тэдгээрт очиж үйлчилгээ авч дэм дэмдээ байдаг аж.
“БОЛДОГ БОЛ АРХИЙГ ХОРЬЧИХ ЮМ САН”
“Зөв найзууд” ТББ 2021 оны хавар хөл хорионы хэцүү цаг үед үүссэн гэдэг. Гэхдээ хөл хорионы үе нь тус байгууллага байгуулагдах үндсийг нь тавьсан гэхэд болно. Тус байгууллагыг санаачлагч, үүсгэн байгуулагч бол Шатарын Эрдэнэбилэг юм. Түүний аав Д.Шатар нь Ардын эрх, Зууны мэдээ сониныг үүсгэн байгуулагчдын нэг “Ган үзэг”-ийн эзэн, сэтгүүлч, хуульч хүн байжээ. Ш.Эрдэнэбилэг залуу насныхаа ааг омгоор алдаж, онож явснаа бидэнд нуулгүй ярилаа. Ийнхүү явахдаа амьдралд хөл алдсан залуустайгаа хамтарч нийгэмлэг байгуулах мөрөөдөлтэй болжээ. Бодож явсаар нэгэн өдөр хөл бөмбөг тоглоцгооё хэмээн уриалахад 100 гаруй залуус цугласан нь түүнийг эргэлт буцалтгүйгээр байгууллагаа үүсгэх шалтгаан болсон гэдэг.
Тэрбээр “Бид нэг алдсан дахиад алдах эрх байхгүй. Тиймээс архинаас татгалзах, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байх, нийгэмд зөвөөр үлгэрлэе гэсэн үүднээс зөв найзууд болсон” гэв. Ийнхүү тус байгууллагын үйл ажиллагаа нь жигдэрч, дараа дараагийнхаа сайн үйлсийн аяныг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэрбээр “Архинаас болж амьдралаа алдсан олон залуу бий. Тиймээс бид нар архитай бол хатуу тэмцэнэ. Болдог бол архийг хорьчих юм сан” хэмээн хоолой зангируулан ярьж байлаа.
“НАМ БУС ТББ-ЫГ ТОМЧУУД НЬ ДЭМЖДЭГГҮЙ ЮМ БАЙНА” ГЭВ
“Зөв найзууд” ТББ-ын тэргүүн Ш.Эрдэнэбилэг “Өрх толгойлсон аав, ээжүүд “ул”-ны гэх тодотголтой айлуудын эгнээ рүү ороход тун ойрхон байна. Яагаад гэвэл тэдгээрт ажил хийх нөхцөл, боломж нь үнэхээр хэцүү байдгийг би харсан.
Хүүхэд харах гэдэг чинь л өөрөө хамгийн том ажил шүү дээ.
Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх, хоол ундыг нь бэлтгэх, хувцсыг нь угаах, эрүүл, аюулгүй, дулаан орчныг нь бүрдүүлэх гэх зэргээр ажил ундарна. Үүний хажуугаар өрх толгойлсон эцэг, эхчүүд маань ажил эрхлээд, цаг наргүй явчихвал ард нь үлдэж хоцрох хүүхдүүд яах билээ. Хараа хяналтгүйн улмаас хүүхдүүд машин тэргэн доогуур орох, муу хүмүүстэй таарах, түүний цаана ямар их хор хохирол учрахыг хэн ч мэдэхгүй. Бидний үеийн Улаанбаатар хотыг одоогийн хоттой харьцуулшгүй шүү дээ. Хүүхдийн мөнгөөр л хэдэн бор өдрүүдийг арай л гэж өнгөрөөж байна тэд.
“Сайн хөрш зөв хандлагын аян”-ы төслийг энэ оны хоёрдугаар сард боловсруулаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байдаг. Ингэхэд Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт танай байгууллагатай хамтар гэсэн үүрэг, чиглэл өглөө гэсэн хариу өгсөн юм. Гэтэл НГБХЗХГ манай байгууллагатай холбогдоогүй. Харин яг манай боловсруулсан төсөлтэй ижил төслийг хэрэгжүүлсэн байсан. Хэрэгжүүлсэн нь сайн хэдий ч НЗДТГ-аас өгсөн үүрэг, чиглэлийг үл тоож, бусдын хийсэн санал санаачилгыг хуулбарлаж байгаад харамсаж байна. Нам бус, ашгийн бус залуучуудыг мөнгөтэй, төгрөгтэй хүмүүс нь дэмждэггүй юм байна. Бидний үйл ажиллагааг ганц дэмжиж байгаа төрийн байгууллага нь Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс л байна” гэж ярьж байлаа.
Тэрээр “Сайн хөрш зөв хандлагын аян”-ы төсөл нь хөрш айлууд нэгнээ таньж мэддэг, элдэв гал усны аюул болоход нэгэндээ мэдэгддэг, хамтарч тусалдаг, хэнийх нь ч бай үр хүүхдүүд нь гадуур хараа хяналтгүй явж байхад нь эцэг эхэд нь дуулгадаг, айл гэрт асуудал үүсэхэд түүнийг нь мэдээлдэг, урьдчилан сэргийлдэг байдлыг эргэн сэргээж хамтын нийгэмд эрүүл, аюулгүй амьдрахад гол зорилго нь оршиж буй.
ИРЭХ ОНД “АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ ЗӨВ НАЙЗУУД” УРИАГ ДЭВШҮҮЛНЭ
Тус байгууллагын сургалт нь үр хүүхдээ өсгөхөд ихэнх цагаа зарцуулдаг ээж, аав, эмзэг бүлгийн иргэд, төлбөр төлж сургалтад суух боломжгүй хүмүүст өөрсдийн чаддаг зүйлээ зааж сургахыг зорьдог байна. Иймд Баянгол дүүргийн III хорооны иргэн Н.Үржинханд тус сургалтад явж эхэлж буй. Тэрбээр “Би гурван хүүхэдтэй. Өөрийгөө хөгжүүлэх цаг зав хомс. Энд ирснээр цагийн менежмент гэж юу байдгийг сурлаа. Гоо зүй байх гэдэг зөвхөн гаднаасаа биш дотроосоо байдаг гэдгийг ойлгож авлаа. Хийх зүйлсийнхээ жагсаалтыг дэвтэр бичиж, тэмдэглэж явах хэрэгтэй гэдгийг мөн ойлголоо. Миний хувьд анхны давсан урлалаа хийж байна. Анхныхаа урлалаа гэртээ тавина” хэмээлээ.
“Зөв найзууд” ТББ олон сайхан үйлсийг хийжээ. Түүнээс цухасхан дурдъя. Ээжийгээ алдаад 49 хоног болж байсан өнчирч хоцорсон таван хүүхдэд гэр болон нийгмийн асуудлыг нь шийдэж өгсөн байна. Мөн тэдгээр хүүхдүүдийн сэтгэлийн гал, цаашид амьдрах урам зоригийг нь бадрааж өгсөн нь тэдний хамгийн том ажил болон үлдсэн аж. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих ангид хүмүүжиж буй залуусын оюунд нь хувь нэмэр оруулах зорилгоор “1000 ном аян”-ыг өнгөрсөн онд зохион байгуулжээ. Тус үйл ажиллагаанд дуучин МУГЖ Б.Сийлэгмаа, Улаанбаатар хотын нийтийн номын сангийн захирал Д.Индра нар оролцжээ. Үүнээс гадна “1000 хүүхдийн бэлэг” аяныг хүүхдийн баяраар зохион байгуулсан байна. Улаанбаатар хотын дүүргүүдийн алслагдсан гэр хорооллын хүүхдүүд болон аймаг, сумдын хүүхдүүдэд бэлгээ тараажээ. 2023 онд “Ажилтай, орлоготой Зөв найзууд” уриан дор үйл ажиллагаагаа явуулж, нийгэм, эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас нэг ч гэсэн өрх айлыг хямралд өртөөчихгүй юмсан гэсэн зорилготой ажиллах аж. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Халамжаас-хөдөлмөрт” шилжих шинэчлэлийг дэмжиж, өрх толгойлсон ээжүүдэд сургалтаараа дамжуулж ажлын байр бий болгохоор зорин ажиллаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )