Хуруу зай устгах үйлдвэртэй болохыг БОАЖЯ анхаармаар байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Та ашигласан хуруу зайгаа ахуйн хог хаягдалтай хаясаар байгаа юм биш биз. Зай нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл агуулдаг бөгөөд байгальд төдийгүй хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс жирийн хог хаягдалтай хамт хаяхыг дэлхийн олон оронд зөвшөөрдөггүй юм байна.

Хаягдал зай хураагуур нь гаднын нөлөөнд өртөн задралд орж хөрс, ус агаарыг бохирдуулснаар хүн, амьтанд шууд нөлөө үзүүлдэг байна. Мөн усны амьтад болон бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин хүн, амьтанд дам нөлөө үзүүлдэг аж.

Өөрөөр хэлбэл, нэг ширхэг зайг жирийн ахуйн хог хаягдлын ууттай хогонд хаяхад тэр ууттай хог тэр чигээрээ аюултай хог хаягдалд тооцогддог байна. Иймд энэ удаагийн сурвалжилгаараа зай авдаг газар болон мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл авлаа.


 

Иргэд хаягдал зайгаа цуглуулах хайрцагт идэвхтэй хийдэг

 

Засгийн газрын 2017 оны тогтоол шийдвэрээр аюултай хог хаягдлын жагсаалтад хуруу зай багтсан. Олон нийтэд зайны хор хөнөөлийг таниулах үүднээс БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатын санаачилгаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан, өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх “Ногоон паспорт” аяныг хүүхэд багачуудад байгаль орчныг хамгаалах талаар мэдлэг суулгахаар зохион байгуулан ажилласан билээ. 

Хаягдал зай хураагуур цуглуулах эхний хайрцгийг нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар сургууль дээр байршуулж байсан бол одоогийн байдлаар ногоон паспорт аянд Нэгдсэн, нийслэлийн 150 сургуульд хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг байршуулсан аж. Харин 2020 онд И-март, CU, Номин сүлжээ дэлгүүрүүд ийм хайрцагтай болсон юм. Ийнхүү ил задгай гээгддэг байсан хуруу зайг цуглуулах гарц нээгдсэн.

Зай хэр цуглардаг талаар мэдээлэл авахаар CU, Номин сүлжээ дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүрүүд нь касс бүр дээрээ зай хураагуурын хайрцгийг байршуулжээ. Улсын их дэлгүүрт байрлах Номин сүлжээ дэлгүүрийн зохион байгуулагч “Манайх касс бүр дээр зай хураагуурын хайрцгийг байршуулж, цугларсан зайг өдөр өдөрт нь нийлүүлж хадгалдаг. Хоёр сар гаруйн хугацаанд 5-10 кг орчим хуруу зай, утасны батарей, тоглоомын зай зэрэг цугларсан байна. Иргэд хаягдал зайгаа идэвхтэй хийдэг. Цугларсан зайгаа зориулалтаар нь хаядаг байгууллагуудад нь өгдөг” гэлээ.

Ашигласан зайг цуглуулж байгаа нь сайшаалтай ч үүнийг устгах үйлдвэр манай улсад байдаггүй аж. Энэ төрлийн хог хаягдлын менежмент бүрэлдээгүйн улмаас өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан хуруу зайнууд өнөө хэр нь хадгалагдсаар л байгаа аж. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цэнгэг усны нөөцийн газар зайг цуглуулдаг бөгөөд 2021 оныг хүртэл 2.5 тонн зай цугларчээ.

 

 

Хуруу зайг устгах төхөөрөмж оруулж ирсэн компани байгаа ч БОАЖЯ-наас зөвшөөрөл өгдөггүй

 

Хэдийгээр аюултай хог хаягдлын ангилалд багтах дууссан зай тэжээлийг ангилж ялгах хайрцгийг бий болгосон ч өнөөдөр дахин боловсруулалтад оруулах, хэрэв дахин боловсруулах боломжгүй бол байгаль орчинд хор хөнөөлгүйгээр хаяж, устгах зэрэг асуудал хөндөгдөж буйг холбогдох албаны хүмүүс хэлж байна.

Энэ талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны тэргүүн Д.Батжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Хуруу зай, товчин зай, батарей зайны хор хөнөөлийн талаар улсаас нөлөөллийн ажил хийгдэхгүй байгаа. Хог хаягдлын хуульдаа бол үүнийг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авч хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан. Хуруу зайг хор хөнөөлтэй юм байна гэдгийг хүн бүр мэддэг болсон. Гэвч ашигласан зайг авах, устгах механизм манайд алга. Хуруу зайг оруулж ирдэг, хэрэглэдэг оролцогч талууд БОАЖЯ-ны хамааралтай хэлэлцүүлэг хийх хэрэгтэй.

Хуруу зайг устгах төхөөрөмжийг оруулж ирсэн компани манайд байна. Гэхдээ үүнийг ашиглах зөвшөөрөл нь БОАЖЯ-наас гардаггүй.

Хот, хөдөөгүй иргэд хуруу зайгаа хадгалчихсан байна. Гэхдээ үүнийг авч устгадаг газар нь алга. Хуульдаа ашиг олсон байгууллага нь зардлаа 100 хувь гаргаж устгах үүрэгтэй гэж заасан байдаг. Үүнийг хөрсөн дээр буулгахын тулд төрөөс багахан л тусламж хэрэгтэй. Тодруулбал, БОАЖЯ нь зайг импортоор оруулж ирдэг байгууллага, боловсруулдаг үйлдвэр, хэрэглэгчдийн төлөөлөл хамтарсан хэлэлцүүлэг хийж, устгах үйлдвэрийн төсөв мөнгийг шийдэх л асуудал байгаа юм. БОАЖЯ-нд энэ талаар хэлэлцээр хийе гэсэн санал тавьснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрч байна. Зөвшөөрөлтэйгөөр хуруу зай оруулж ирдэг зургаан байгууллага бий. Жилд дунджаар 5-6 сая хуруу зай импортоор орж ирж байна. Үүнээс гадна тусгай зөвшөөрөлгүй, иргэдийн гар тээшээр асар их хуруу зай орж ирж байгаа. Тэгэхээр тусгай зөвшөөрөлтэй компаниас хуруу зай устгалын мөнгө аваад эхлэхээр зөвшөөрөлгүй оруулж ирдэг хүмүүст хяналт тавьж эхэлнэ. Гаднын улс оронд ашигласан зайгаа дахин боловсруулаад ашигладаг. Харин манайх хүн ам цөөтэй учир үйлдвэрлэлийн түүхий эд болж чадахгүй. Иймээс байгаль орчинд ээлтэй аргаар устгах нь л зүйтэй. Байгаль орчинд ээлтэйгээр устгана гэхээр бутлаад, нунтаг болгож, тусгай зориулалтын газар л булна. Өдөр болгон над руу хүмүүс “Хуруу зайгаа өгөх гэсэн юм” гэж утасдаж байна. Би авбал хуулиараа буруудна. Тэгэхээр хуулийг дахин боловсруулах хэрэгтэй. Ашигласан хуруу зайг мөнгөөр авдаг болох нь зөв” гэсэн юм.

 

 

НЭГ ШИРХЭГ ХУРУУ ЗАЙ ДӨРВӨН АМ МЕТР ХӨРС, 8000 ЛИТР УС БОХИРДУУЛДАГ

 

“Бие нь жижигхэн ч бэлчээр нь том” гэгчээр цөмийн хог хаягдлаас дутахааргүй хуруу зайны аюул хор хөнөөл айл бүрийг заналхийлж байна. Гэвч монголчууд мэдээлэл дутмаг байдгаас ашигласан зайг ахуйн хогтой хаях, дахин ашиглахын тулд хазаж, үсэндээ үрдэг. Зайг хазах нь бүү хэл хашааны мухар, хогийн саванд хэвтэж байхдаа ч хүнд их хэмжээний хор хөнөөл учруулдаг эд болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Гар утас, камер, нөүтбүүк, цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс зайгаар ажилладаг.

Гэтэл нэг ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдаг хор уршигтай.

Бас нэг томоохон аюул нь хүүхдийн, тэр дундаа 0-6 насныхны эрүүл мэндэд илүү сөргөөр нөлөөлдөг. Хүүхдүүд зайгаар тоглох, амандаа хийх тохиолдол түгээмэл их байдаг. Ингэх нь хүүхдийн оюун ухааны цар хүрээг багасгаж, сэтгэн бодох чадварыг удаашруулдаг хэлний амтлах чанарыг алдагдуулдаг, хэл ярианы гажигтай болох тохиолдлын шалтгаан болдог байна. Мөн хорт хавдар, уушгины өвчлөл, уураг тархины саажилт үүсэхэд маш ихээр нөлөөлдөг аж. Мөнгөн ус, цайр, хар тугалга тэргүүтэй химийн элементүүд, хүнд металлуудын олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг. Энэ мэт зайг ил задгай хаяснаар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ өөрсдөө зөрчиж байгаагаа мэддэггүй.

 

 

ДАХИН ЦЭНЭГЛЭХ ЗОРИУЛАЛТАЙ "LI-ION" ТЭМДЭГЛЭГЭЭТЭЙГ ХЭРЭГЛЭВЭЛ ЗОХИЛТОЙ

 

Байгальд задралгүй 100 жил хадгалагдан улмаар задралд орж озоны давхаргад гарч нэг нэгж хорт бодис нь 16 нэгж талбайг цоолж маш их хор хохиролтой болохыг АНУ-ийн зарим эрдэмтэд аль хэдийн тогтоосон байдаг. Зайг химийн найрлагынх нь хувьд маш олон ангилдаг бөгөөд манай оронд никель кадми (NiCd), никель металлын холимог (NiMH) никель цинк (NiZn), литиум ион (Li-ion), мөнгөн ус (Mercury), шүлтэн (Alkaline) батарей зайг өргөн хэрэглэж байна. Төр засгаас хаягдал зайны талаар бодлого боловсруулж хянадаг устгадаг болтол дээрх тэмдэглээтэй зайнууд дотроос дахин цэнэглэх зориулалтай литиум ион (Li-ion) тэмдэглэгээтэйг хэрэглэвэл зохилтой. Бусад нь бол нэг удаа хэрэглээд л хаядаг. Нэг удаагийн хэрэглээний зайнаас татгалзаж байгаль орчноо хамгаалах, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах алхам хийх хэрэгтэй байна.

Монгол Хог хаягдлын тухай хуультай ч хог боловсруулах үйлдвэр барих хөрөнгө байхгүй, газраа ч сонгож чадахгүй сууна. Энд тэнд хуруу зай хүлээж авах ганц нэг цэг байгуулсан ч, цааш нь яахаа мэдэхгүй байна. Иймд зайн хураагуур импортлох, худалдан борлуулахад багахан татвар аваад орлогыг нь тодорхой шаардлага хангасан компанид шилжүүлж, цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулж, эргэлтэд оруулахыг даалгах нь хамгийн өгөөжтэй шийдэл юм. Зайг цуглуулж, ангилж буй нь зүй ч зөв боловсруулж, устгах нь түүнээс дутахааргүй чухал ач холбогдолтой баймаар. Нэг хэсэг хуруу зайг ангилж, хаях тал дээр иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс байгаа талаар салбарын яамнаасаа эхлээд эвлэл, холбоод нь ч дуу нэгтэй ярьж байв. Харин одоо цуглуулсан зайгаа хэрхэхээ мэдэхгүй гайхширч сууна.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top