ЧУУЛГАН | Хилийн цэс болон газартай холбоотой маргааныг Газрын маргаан цуцлах зөвлөл шийдвэрлэнэ

2022 оны 11 сарын 17

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.17/ нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчийн итгэлийг Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.


АСУУЛТ | УИХ-ЫН ГИШҮҮН Ц.САНДАГ-ОЧИР

1. Газрын ерөнхий хууль батлагдсанаар сум хоорондын хилийн цэсийн маргаантай асуудал, аймаг хоорондын, сум, дүүргийн хоорондын хилийн цэсийн маргаантай асуудал шийдэгдэх үү? Хоёр хоногийн өмнө "Нутгийн удирдлага-30" гэсэн эрдэм шинжилгээний хурал төрийн ордонд болсон. Энэ хурал дээр үг хэлсэн орон нутгийн Иргэдийн хурлын төлөөлөгч нараас олон хүн нь газрын хилийн цэсийн маргаантай асуудлаар санал асуулга тавьсан. Тэдгээр маргаантай асуудал хэрхэн, яаж шийдэгдэх вэ?

2. Богд уул тойрсон улсын тусгай хэрэгцээний газарт худлаа үнэн хэлж байгаад газар аваад орон сууц барьчихсан. Тэнд нь иргэд бөөн зээл аваад захиалга өгчихсөн, одоо болтол орон сууцных нь ордер гараагүй, банкны хүүгээр олон жил дарамтлуулаад, олон иргэд хохироод явж байна. Энэ хууль батлагдсанаар тэдгээр иргэдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Замбараагүй баригдсан орон сууцуудын асуудлыг хэрхэн, яаж шийдэгдэх вэ?

3. Аймаг, дүүрэг бүр газрын хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй байдаг. Энэ нь хоосон цаас болчихоод байна. Аймаг нь сумтайгаа уялддаггүй, нийслэл нь дүүрэгтэйгээ уялддаггүй. Ингээд жилийн эцэст тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх болохоор хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөө зөрчөөд явчихдаг. Хэрвээ хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгөөг зөрчиж газар олгосон тохиолдолд буруутай эзэн нь хэн юм бэ? Тухайн орон нутгийн Иргэдийн хурал юм уу? Газар олголт хийсэн Засаг дарга юм уу? Ийм хариуцлагагүй үйл ажиллагаа гаргасан тохиолдолд ямар хариуцлага хүлээхээр энэ хуульд ямар зүйл, заалт орж ирж байгаа вэ?

4. Төрийн өмчийн компаниуд өөрсдийн тусгай хэрэгцээний газартай холбоотой төлбөрийн асуудал байна. Тухайлбал, Төмөр зам, Эрчим хүч, Дулаан гэхэд хамгаалалтын зурвастай. Гэтэл тухайн байгууллагуудын төсөв дээр газартай холбоотой төлбөрийн ямар ч эх үүсвэр байдаггүй. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс газрынхаа кадастрыг хийлгэ, төлбөрөө төл гэдэг. Энэ нь он жил хуримтлагдаад хэдэн тэрбум төгрөг хоосон цаас болж хувирдаг. Газрын алба нь нэхээд байдаг, тухайн байгууллагууд төсөв байхгүй гээд өгдөггүй. Төрийн байгууллага, Төрийн өмчит компаниудын хооронд ийм газрын маргаантай асуудал байдаг. Үүнийг энэ хуулиар хэрхэн, яаж зохицуулж байгаа вэ?

ХАРИУЛТ | БХБ-ИЙН ДЭД САЙД Э.ЗОЛБОО

1. Тусгай хамгаалалттай газар нутаг дээр барилга байгууламжууд хууль зөрчиж баригдаж байгаа асуудлыг энэ хуулиар яаж зохицуулж байгаа вэ гэдэг дээр хариулъя.

Өнөөдөр Монгол Улсын газар нутгийн нийт 20 орчим хувь нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа. Үүнийг БОАЖЯ хариуцаад явж байгаа. Энэ хуулийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн барина.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн үзэл баримтлал БОАЖ-ын сайд, ХЗДХ-ийн сайд, БХБ-ын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан байгаа. Энэ шинэ хуулийн төсөл дээр эдгээр хуулиуд яаж зохицуулагдах вэ гэвэл цаашдаа нэгдсэн байдлаар жилийн газар олголтын төлөвлөлтийг батална. Газар олголттой холбоотой аймаг, нийслэл, сум, яамдууд гээд бүх газар олголтын нэгдсэн төлөвлөлтийг газрын асуудал хариуцсан төр захиргааны байгууллагууд зохион байгуулж, Засгийн газраас 12 дугаар сарын 01-ээр баталгаажуулж, тухайн төлөвлөлтийн дагуу дараа жилийн бүх газар олголтууд явагдана гэж ойлгож болно.

Өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдал, тулгамдсан асуудлуудыг удахгүй оруулж ирэх Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулахаар байгаа.

2. Газар олголт  төлөвлөлтийн дагуу явагдахгүй байгааг шинэ ерөнхий хууль дээр яаж зохицуулж байгаа вэ гэдэгт хариулахад дээр хэлсэн тухайн жилийн улсын газар олголтын төлөвлөлтүүдийг нэгдсэн байдлаар зохион байгуулна. Энэ төлөвлөлтийн дагуу ирэх жил нь газар олголтууд цахим биржээр явагдана. Гол газар олголтууд энэ төлөвлөлтөд багтана. Жишээ нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, концесс бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд, ашигт малтмал, газрын тосны байршил, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, нийгмийн зайлшгүй хэрэгцээ, өмчлүүлэх газрын байршил, улсын тусгай хэрэгцээ, төсөл сонгон шалгаруулалт гэх мэт бүх газар олголтын төлөвлөлтүүдийг нэгдсэн байдлаар төлөвлөж, газар олголтыг цахим биржээр зохион байгуулна гэж тусгасан.

ХАРИУЛТ | АЖЛЫН ХЭСЭГ

-Хилийн цэсийн маргаантай асуудал сүүлийн үед нэлээд гарч байгаа. Энэ асуудлыг гол шийдэх шийдэл нь газар зүйн нэрийн асуудал байгаа. УИХ-аар 2002 онд нийт газар нутгийн газар зүйн нэрийг баталсан байдаг. Ингээд дөрвөн жил тутам тодотгож явах ёстой байсан ажил өнөөг хүртэл хийгдээгүй. Хилийн цэстэй холбоотой маргаан, газар зүйн нэрийг дураараа өөрчилж байгаатай холбоотой бид бүхэн орон нутгуудад газар зүйн нэрийг тодруулах, шинэчлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа. Энэ ажлыг дуусахаар УИХ-аар газар зүйн нэрийг дахин шинэчилж, тогтоох асуудал шийдэгдэнэ.

Газар зүйн нэрийг зөв ойлгосноор хилийн цэсийн маргаантай асуудлыг шийдэх бололцоотой. 1977 онд Ардын их хурлын тогтоолоор ихэнх сумдын хилийн цэс тогтоогдсон. Одоо бол хилийн цэсийн буруу ойлголт, өөрөөр хэлбэл газар зүйн байршлуудаа буруу нэршлээ буруу ойлгосноос болж газар зүйн нэртэй холбоотой маргаан гарч ирж байгаа. Үүнийг шийдэхэд газар зүйн нэрийг тодорхой тогтоож, түүнийг мөрдүүлснээр асуудал шийдэгдэнэ.

Хилийн цэс болон газартай холбоотой маргаантай асуудлыг Газрын тухай хууль, Газрын маргаан цуцлах зөвлөлөөр бид хэлэлцэж шийдэхээр зохицуулсан байгаа. Маргаан таслах зөвлөл нь олон нийтийн бүрэлдэхүүн, мэргэжлийн байгууллагууд оролцсон. Аймаг, нийслэлийн газартай холбоотой маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга маргаан таслах зөвлөлийг байгуулж ажиллуулна.

Тусгай хэрэгцээт газартай холбоотой маргааныг Газрын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дэргэдээ байгуулж, энэ асуудлыг хэлэлцэж шийдэхээр зохион байгуулсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top