УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.11.17/ нэгдсэн хуралдааны эхэнд Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагч буюу Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гадаадад томилолтоор яваа тул хэлэлцэх асуудлыг хойшлууллаа.
АСУУЛТ | Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Монголын төрд байгаа ганц сайн юм бол газрыг төрийн мэдэлд байлгаж байгаа асуудал. Гадныхан ч үүний хэлж байна.
Бусад улс оронд газар нь хувийн өмч байдаг, гадны мөнгөтэй нөхдүүд орж ирээд газрыг нь авчихаад байдаг.
Манайд одоохондоо тийм юм байхгүй байна. Гэтэл 2019 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр /манай УИХ-ын дарга нэлээд оролцсон/ төр, нийтийн өмч гэдэг сонин заалт оруулж ирсэн.
Иргэний хуулийн 4 дээр төр, нийтийн өмчийг Монгол Улсын иргэний харьяалалгүй гадаадын иргэн эзэмшиж, ашиглаж болно гээд оруулчихсан.
Одоо энэ хууль дээр ялангуяа үржил шимтэй газрыг “Узуфрукт” гэх нөхцөлөөр ашиглуулна гээд заагаад өгчихсөн. Иргэний хуулиар энэ нь гаднын хүнд нээлттэй. Яваандаа үржил шимтэй газар нутгуудаа гаднынханд алдах нөхцөл гарчихаад байна. Тиймээс УИХ-ын даргад хандаж хэлэхэд энэ тал дээр чиглэл өг өө. Газрын ерөнхий хуулийг хэлэлцэхэд тэр Иргэний хуулийн гадаадын иргэн төр, нийтийн эзэмшлйн газрыг эзэмшиж ашиглаж болох заалтыг байхгүй болгох ёстой. Тэгж байж энэ хуулийг давхар явуулах ёстой. Газраа алдаад эхэлбэл эх орны тусгаар тогтнол ганхаж эхэлнэ шүү. (Узуфрукт нь бусдын эд хөрөнгө болон эрхийг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх юм.)
АЖЛЫН ХЭСЭГ | БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: Узуфрукттай холбоотой асуудал бол хөдөө аж ахуйд ялангуяа газар тариалан, жимс жимсгэнэ, хүнс, хүнсий ногооны чиглэлээр үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээд ашиг олох энэ чиглэлийг тодруулж гаргаж Иргэний хуулийн хүрээнд Үзүб фрукт эрхээр газар эзэмшиж ашиглахаар орж ирж байгаа.
Хязгаарлагдмал эрхээр газар шилжүүлж ашиглаж байгаа энэ эрхийн зохицуулалт дээр бид гадаадын иргэн, харьяалалгүй хүн, дээр нь нэмээд энэ хууль дээр тусгайлан заалт оруулж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид Узуфрукттай холбоотой зохицуулалт хамаарахгүй байхаар нэлээд чангаруулж оруулсан. Иргэний хуульд бол ерөнхий зохицуулалт байгаа. Бид газартай холбоотой зохицуулалт хийж байгаа нарийвчилсан энэ хуулиараа гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол газрыг зөвхөн ашиглана. Ашиглахдаа таван жилээр ашиглана гэж ашиглах зохицуулалтуудыг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиас илүү чангаруулж оруулж ирсэн. Яагаад гэхээр хэлэлцүүлгийн үед энэ чиглэлийн олон санал гарч ирсэн учраас бид тусгайлан анхаарсан.
Сэтгэгдэл ( 0 )