Хотын соёл, стандарттай Улаанбаатарын иргэн гэдэгтээ та итгэлтэй байдаг уу. Хотын өнгө төрхийг бүрдүүлэгч нийтийн тээврийн автобусны хүртээмж, ариун цэвэр, тухтай байдал, жолоочийн ёс зүй гээд тоочвол барагдахгүй олон хүчин зүйлс зорчигчийн цухлыг бардаг. Нөгөөтээгүүр эрхээ мэддэг ч үүргээ мэддэггүй, гэртээ байгаа мэт аягладаг, олон нийтийн газар чанга дуугаар ярьдаг, сандал суудлын хэрүүл хийж эргэн тойрны хүмүүсээ бухимдуулдаг гэх мэт бас л тоочоод барахгүй зорчигчийн соёл, боловсролын асуудал. Эдгээр асуудлыг зохион байгуулалт, удирдлагаар шийдэх ёстой газар бол Нийтийн тээврийн газар. Гэвч өнөөг хүртэл бэлэг тэмдэг шиг байсаар ирсэн Нийтийн тээврийн газрын гавьяа юу байна вэ гээд харвал, онцлох зүйл нэгээхэн ч үгүй. Харин жил бүр орлого нь буурч, улсаас татах татаас нь нэмэгдсээр ирсэн, нэмэгдсээр байгаа гавьяа л байна.
Тодруулбал, 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 50 тэрбум төгрөг олгож байсан. Тэгвэл 2021 онд 124 тэрбум төгрөг болж өссөн байгаа юм. Харин энэ онд Нийслэлийн Нийтийн тээврийн газар 174 тэрбум төгрөгийн төсөв батлуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос даруй 50 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Ирэх онуудад Нийтийн тээврийн газрын төсвийн төслийн санал, таамаглал дээр 2023 онд 238 тэрбум, 2024 оны төсөөлөл нь 250 тэрбум төгрөг, 2025 оны төсөөлөл 262 тэрбум төгрөг болон өсөх “Хар зураг”-ийг гаргаад байгаа аж. Тэгвэл жолооч, зорчигчдод ямар нөлөөллийн ажил хийсэн болон цаашид ямар ажил хийхээр төлөвлөснийг албаны хүнээс тодрууллаа. Мөн жолооч, зорчигчийн байр суурийг сурвалжлан хүргэж байна.
Автобусны жолооч: Өдөр гэхэд тэвчээр барагдаж, зорчигч нартай маргалдаж эхэлдэг
Оройн 20.45 минут. Ажил, сургуулиа тараад явж буй оюутан, залуус, иргэд Дүнжингарав III-IV хороолол чиглэлийн автобусанд нам жим зорчиж байлаа. Тэд зузаан хувцас, үүргэвчиндээ түүртэн чихэлдэж урагшаа, хойшоо хэмээн зөрцгөөнө. Харин автобусны жолооч “Хойшоо яваад өг, хоёрхон хүн байна” гэж хоолойныхоо чангаар орилж байв.
Тус автобусыг III-IV хорооллын эцэс дээр ирж зогсоход нь жолоочтой хэдхэн хором ярилцаж амжив. Түүнийг Ц.Наранхишиг гэдэг. “Трансбус” ХХК-ийн жолооч юм. Зорчигчийн дур зоргоороо авирладаг, үйлчлүүлэгч хаан гэсэн хандлага нь түүний цухлыг бардаг талаар өгүүллээ. Тэрбээр “Өглөө ажилдаа явахдаа маш эрч хүчтэй, инээж хөхрөөд гардаг. Эхний нэг рейс уур бухимдалгүй, сайхан л явдаг. Ингээд л явж байтал зарим хүмүүс гэрээсээ бухимдалтай гардаг ч юм уу, өөр янз бүрийн шалтгаанаар стресстэй явж байдаг байх. Тэр бухимдлаа хамгийн түрүүнд автобусны жолооч нарт л гаргадаг.
Тодруулбал, хол, ойр зогслоо гээд л ороод ирдэг. Хүн бүрийн хажууд очиж зогсоно гэж байхгүй шүү дээ. Тийм биз. Энэ бол нэг л автобусны буудал дээр тохиолддог асуудал. Бид яг л автобусныхаа маршрутын дагуу ажил үүргээ гүйцэтгэж яваа. Нийтийн тээврийн жолооч гэдэг чинь адилхан л хүн. Тэрнээс робот биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ийнхүү олон төрлийн зан араншинтай хүнтэй таарч, заримыг нь чимээгүй өнгөрөөж явсаар өдөр гэхэд хүний тэвчээр барагддаг юм билээ.
Ингэж тэвчээр алдагдсан хүн мэдээж хараалаа уншаад ороод ирж байгаа хүнтэй маргалдана. Өдөрт үйлчлүүлж буй хэдэн мянган хүмүүсийн ая талыг олно гэдэг хэцүү. Мэдээж аргадаж хэлнэ, ойлголцоно, заримыг нь бол бүүр тоохгүй орхичихдог. Тэгэхгүй бол төд удалгүй зүрхний шигдээсээр талийх байлгүй (инээв). Зорчигч нар эрхээ л мэдээд, яриад байхаас үүргээ огт ухамсарлахгүй байна. Нийгэм, цаг үеэ дагаад зорчигч нар хотын соёл, боловсролтой болох хэрэгтэй байна. Автобус хөдөө газар явж байгаа юм шиг л ундаа, чихрийн цаас, хог, шороонд дарагдчихдаг. Миний хувьд хотын төвийн чиглэлд явдаг болохоор автобус бохирдох нь харьцангуй бага. Харин Шархад, Долоон буудал, Монел чиглэл рүү явж буй автобус хогийн сав шиг л болчихдог. “Хэрэглэгч хаан” гээд тэрэндээ бат итгэчихсэн хүмүүс л байдаг даа” хэмээн санаашран өгүүлэв.
Нийтийн тээврийн төрийн компаниуд нэг сэлбэгийг гурав нугалсан үнээр авдаг
Мөн цааш үргэлжлүүлэн жолооч, зорчигчийн ёс зүйгээс гадна Нийтийн тээврийн газарт хэлэх хэдэн үг байна гэсээр ярив. Жолооч Ц.Наранхишиг “Би тэднийг ажлаа хийж чадахгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл, түгжрэлийг бууруулах тооцоо судалгаа байхгүй. Түгжирлээ гэхэд хэрхэн зохицуулалт хийхээ мэддэггүй. Жишээлбэл, нэг газар ар араасаа түгжрээд зогсож буй нэг чиглэлийн автобуснуудын зорчигчийг нь нэг рүүгээ шилжүүлээд, суларсан автобусаа эсрэг урсгал руу оруулах хэрэгтэй. Ийм ч зохицуулалт байхгүй, нэг буудал дээр 20 минут түгжрээд зогсоно. Тэгээд түгжрэлээс гарахаар нэг урсгалд, бүх автобус нэг дор явчихдаг. Ингээд л хэдэн цаг хүлээсэн зорчигчид бухимдана. Тэр бухимдлаа жолооч нарт гаргадаг юм.
Ер нь улс ашиггүй ажилладаг Нийтийн тээврийн газарт мөнгө зараад байх хэрэг байдаг ч юм уу. Автобус нэг, хоёр, гурав гээд компаниуд өрөнд баригдчихсан, зарим нь граш байхгүйн улмаас гадаа хүйтэнд автобусаа хонуулж байна. Тэгэхэд хувийн компаниуд нь ажилчдынхаа цалинг тогтмол тавьж, автобусаа зохих журмаар шинэчилж, дулаан грашийг нь бэлдээд өгч байна. Улс яагаад ингээд шийдэж чадахгүй байгаа юм. Хувийн компани нэг сэлбэг авах шаардлага гарахад жолооч нь ч зах дээрээс гүйж очоод авчихдаг. Харин улсын компанид жолооч нь авах эрх байхгүй. Түүнийг удирдах албан тушаалтандаа мэдэгдэж байж, тэд нар нь заавал гурав нугалсан үнээр авна. Энэ байж болох уу даа” гэсэн юм. Ийнхүү яриад л байвал хэдэн цаг ярих асуудал л даа хэмээн жолооч эргэлтээ хийхээр яаран хөдлөв.
Ч.Бадамханд: Автобусны жолооч гарын оролцоогүй утсаар ярих боломжтой
Бид Нийтийн тээврийн газраас жолооч нарыг сургалтад хамруулдаг эсэх талаар тодруулсан юм. Тус байгууллагад Хөдөлмөрийн аюулгүй байдал, сургалт хариуцсан нэг мэргэжилтэн байх бөгөөд түүнийг Ч.Бадамханд гэдэг. Тэрбээр “Ажилд орж буй жолооч нарт “Шинэ жолоочийн сургалт”-ыг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн газар гэсэн байгууллага хамтарч зохион байгуулдаг. Ийнхүү жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах, нийтийн тээврийн салбар зорчигчдод ямар үйлчилгээ үзүүлэх талаар танилцуулдаг. Мөн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс нийтийн тээврийн жолоочийг тамхи татаж, утсаар ярьж байна уу гэдгийг камераас хянадаг болохыг шинэ жолооч нарт үзүүлдэг.
Бид хувь хүний хөгжил, харилцаа, стресс, менежмент зэргээр сургалт зохион байгуулъя гэхээр сургалттай холбоотой төсөв огт тусгагдаагүй. Иймд дотоод нөөц бололцоогоороо ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтардаг. Жолооч нарыг ажлын байран дээр тогтвортой суурьшилтай байлгахад зорчигчийн зан харилцаа, соёл, ёс суртахуун маш чухал байна. Жолооч нар замын хөдөлгөөнд оролцож байхдаа гарын оролцоогүй утсаар ярих боломжтой” гэсэн юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг сайжруулах чиглэлээр “Соёлтой жолооч-Аюулгүй тээвэр” аяныг энэ сарын 8-24-ний хооронд зохион байгуулж байгаа аж. Тус аяны зорилго нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа жолооч нарт замын хөдөлгөөнд оролцож байхдаа гарын оролцоотой утсаар ярихгүй байх, тамхи татахгүй байх зэрэг дадлыг хэвшүүлэх. Мөн замын хөдөлгөөний дүрэм, нийтийн тээврийн үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, иргэдэд соёлтой, аюулгүй үйлчилгээг хүргэхэд жолооч нарын үүрэг хариуцлагыг сайжруулах гэжээ. Тус аянд нийтийн тээрийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгж хамрагдаж, өөрсдийнхөө нөөц бололцоогоор зохион байгуулж байгаа гэсэн юм.
Нийтийн тээврийн салбарыг хөгжүүлье гэсэн нэг хэсэг байх ч, хөлжье гэсэн хэсэг ч байна
Жолоочийн ёс зүй, уур бухимдалтай байдлаас үүдэж энэ сард хэд хэдэн зөрчил маргаан үүслээ. Жишээлбэл, энэ сарын 8-нд Таван шар-Офицеруудын ордон чиглэлийн автобусны жолооч 18.50 минутын үед 10 жилийн сурагч автобусны 200 төгрөг өгөөгүйгээс нийтийн тээврийн жолооч уурлаж загнасан явдал гарсан. Мөн шаардлага тавьсан эмэгтэйг алгадаж, зорчигч нарыг автобуснаас буу гэж хэлсэн байна. Тус жолооч нь “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын ажилтан байсан юм. Энэ явдал болсны маргааш нь тус жолооч ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг.
Мөн дараагийн нэгэн явдал өнгөрсөн баасан гарагт буюу цас орсон өдөр боллоо. Тодруулбал, Нисэх чиглэлийн автобус буудал дээрээс хүнээ суулгахгүй хөдөлжээ. Тус автобусыг түгжрэлд хол яваагүй байхад нь зорчигч нар гүйцэн очжээ. Тэр дунд хүүхдээ тэврэн яваа эмэгтэй байсан бөгөөд түүнийг л суулгахыг хүсэж, шаардаж, автобусны урд тэгнэн зогсоо бичлэг олон нийтийн сүлжээнд түгсэн. Уг автобус дотроо зорчигчтой, сул суудал олон байсан ч жолооч хаалгаа онгойлгоогүйгээр барахгүй автобусаа зөөлхөн урагшлуулж, шаардлага тавьсан зорчигчийг түрэн явжээ.
Ажилдаа хариуцлагатай ханддаг жолооч нар байдаг ч, ажлаа ял мэт ойлгож явдаг жолооч нэлээдгүй байна. Жолоочийг ажилд авахдаа сургалт гэхээсээ илүү дотоод үйл ажиллагаагаа танилцуулдаг гэх. Тус салбарыг сэтгэл зүйчтэй болгох нь нэн түрүүний авах арга хэмжээ гэж харагдав. Гэвч хамаг ачааг үүрч яваа жолооч нарт сургалт, сэтгэл зүйч битгий хэл цалин мөнгийг нь цаг тухайд нь тавьдаггүй, техник, хэрэгслийн зардлыг гурав, дөрөв нугалж тооцож дундаас нь мөнгө завшдаг бусармаг явдал удирдлагуудад байдаг аж.
Энэ онд л гэхэд “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав” зэрэг компани нь 6.3 тэрбумын шатахууны алдагдлаа улсын төсвөөр төлүүлсэн байна.
Үнэндээ нийтийн тээврийн салбарыг хөгжүүлье гэсэн нэг хэсэг байх ч, хөлжье гэсэн хэсэг ч байна. Энэ мэт төсвийн мөнгөнөөс хумсалдаг нийтийн тээврийн салбарыг либералчлах бодлого баримтлах нь зөв юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )