Улаанбаатар хотын агаарын бохирдлын учир шалтгаан, түүнээс гарах арга замын талаар БОАЖЯ-ны сайд асан Ц.Адъяасүрэнтэй уулзаж, ярилцлаа.
-Байгаль орчин, экологийн чиглэлээр олон жил ажиллаж яваа хүний хувьд Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар өөрийн гэсэн бодол, басхүү арга замыг сүвэгчилж суудаг байх?
-Улаанбаатарын агаарын бохирдол одоо оргил цэгтээ ирж байна. Ер нь агаарын бохирдол хоёр хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг. Нэг нь байгалийн, нөгөө нь хүний хүчин зүйл. Байгалийн хүчин зүйл гэдгийг тайлбарлая. Аравдугаар сарын сүүл арван нэгдүгээр сарын эхнээс Төв Азийн эсрэг циклон буюу агаар мандлын нар зөв эргэхдээ том хуйлраан маягийн тогтоц буй болдог. Энэ үед хойд туйлаас хүйтэн агаар урсаж ирээд манай орны Их нууруудын хотгор, Увс нуурын хотгорт гол төв нь буй болдог. Агаар өөрөө их жинтэй. Тэр дундаа хүйтэн агаар бүр ч их жин дарна. Тиймээс хүйтэн агаар их тунардаг. Ингэж тунарсаар өнөөх эсрэг циклоны гол цөм нь Монголд үүсэж байгаа юм. Үүний үндсэн дээр Монголд температурын тонгороо гэдэг зүйл үүсдэг. Энэ нь агаарыг дээшээ хөөргөх процессыг саатуулчихдаг. Гэтэл бид тэр доод давхарт нь янз бүрийн юм шатаагаад байдаг угаар утаа нь дээшээгээ хөөрч чадахгүй саатчихдаг. Энэ үйл явцыг бид эвдэж, өөрчилж чадахгүй. Харин хоёр дахь хүчин зүйл нь бидний өөрсдийн хэрэглээ. Өвлийн хүйтнийг даван туулахын тулд заавал ч үгүй галлагаа хэрэгтэй. Дулаан үйлдвэрлэл, түлшний асуудлаас болж агаарын бохирдол үүсэх гол шалтгаан. Цахилгаан станц, автомашин, айл өрхүүдийн галлагаа агаарын бохирдлын үндэс болж байна.
-Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах ямар шийдэл байна вэ?
-Угаасаа л цэвэр түлш хэрэглэх асуудал тавигдаж байна. Тухайлбал, малтмал түлш шатаадаг цахилгаан станцуудаа солих нэн шаардлагатай. Шинэ технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр манай нийслэлд байгаа станцууд хуучирсан, утааны ямар ч шүүлтүүргүй байна. Манай Засгийн газар хүний төлөө ажил хийе, хөгжлийн төлөө ажиллая гэж бодож л байгаа бол эхний ээлжинд цахилгаан станцуудаа шинэчлэх шаардлагатай. Дэлхийн эрчим хүчний салбар өндөр хэмжээнд хөгжчихлөө. Бид тэр хөгжил рүү зүтгэх хэрэгтэй. Өдгөө Японы, Европын холбооны стандарттай, БНХАУ-д хүртэл Евро станпарттай сайн цахилгаан станцууд бий болчихсон байгаа. Эдгээр станцуудын стандарт руу л хүрч ажиллахын тулд төрийн бодлогын хэмжээнд арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй.
Цахилгаан станцуудаа шинэчилснээр хэд, хэдэн том өгөөжийг бид хүртэх юм. Нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад том хувь нэмэр оруулна. Улмаар хүнийхээ эрүүл мэндийг хамгаална гэсэн үг. Мэдээж эрчим хүчний хангамж сайжирна. Өнөөдөр эрчим хүчний салбарынхан хүртэл энэ өвлийг давах уу, үгүй юу хэмээн ярьж байна. Гал алдчих шахаад суугаад байж таарахгүй. Айлаар бол хамгийн арчаагүй айл л гэсэн үг шүү дээ. Уг нь Н.Тавинбэх сайдыг эрчим хүчний том инженер хүн энэ салбарт зоригтой шинэчлэл хийх байх гэж хүлээж байсан. Даанч тэгэж чадаагүй.
-Нийслэлийн агаарыг хамгийн их бохирдуулж байгаа зүйл юу байна вэ?
-Миний судалгаагаар бол гэр хорооллын айл өрхүүдээс гаргаж байгаа утаа. Хувилаад үзвэл 60-70 хувийг эзлээд байх шиг байгаа юм. Яахав У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа зоригтой шийдвэр гаргаж, шахмал түлш рүү орсон нь сайн хэрэг. Гэхдээ энэ түлшний чанарын асуудлыг ярьвал өөр хэрэг. Хими, технологи талаас нь харж шинжлэх хэрэгтэй. Тэр хүхэрлэг хийнүүдийг нь арилгах хэрэгтэй. Азотын давхар исэлийг нь арилгах хэрэгтэй. Эд нар шахмал түлшинд байж л байгаа. Яахав РМ буюу тоосонцорын түвшин тодорхой хэмжээгээр буурсан ийм л түлшийг бид хэрэглэж байна. Шахмал түлшээ л сайжруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ зуухаа шинэчилж боловсронгуй болгох хэрэгтэй. Ганц түлшээр, эсвэл ганц зуухаар энэ асуудал шийдэгдэхгүй. Хоёуланг нь зэрэг явж байж энэ асуудал шийдэгдэх юм билээ.
-Түлшээ л сайжруулчихад болчихгүй хэрэг үү?
-Үгүй ээ. Өөрөөр хэлбэл, энэ шахмал түлшийг шатааж чадах хэмжээний сайн зуух хэрэгтэй. Өнөөдөр ердийн зуухаа л хэрэглэж байна. Ер нь агаарын бохирдлыг бууруулахын тулд цаашдаа зуух, түлшнээсээ гадна алсын хараатай ажил эхлүүлэх хэрэгтэй. Хотын төвийн зургаан дүүргээ халаах том цахилгаан станцаас гадна хэсэгчилсэн халаалтын системийг буй болгомоор байгаа юм. Муугаар бодоход нэг л өдөр өнөөх том цахилгаан станц нь саатлаа, эвдэрлээ гэхэд Улаанбаатар тэр чигтээ халаалт, цахилгаангүй уналтад орчих гээд байгаа юм. Иймээс л манай улсын хөгжлийн бодлогод инженерийн шийдэл асар чухал үүрэгтэй. Зүгээр нэг улстөрчдийн попролоор явж огт болохгүй. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн чухал шийдлийн нэгийг би одоо хэлье. Тэр бол бохирдлыг буй болгоод байгаа субъектууд дээр төлбөр тавих хэрэгтэй. Дэлхийн нийтийн гол арга бол ердөө л энэ. Байгаль хамгаалах гол арга бол энэ. Бохирдуулагч нь, ашиглагч нь төлбөр төлнө. Тийм л зарчим үйлчлэх хэрэгтэй. Яриад байгаа нөгөө гэрийн яндан, цахилгаан станц, цахилгаан станцын дулааныг хүртэж байгаа орон сууцныхан бүгд бохирдлын төлбөр төлөх ёстой. Мэдээж ялгавартай. Хэн их бохирдол буй болгож байна. Тэр хүн илүү төлөх хэрэгтэй. Эцэст нь энэ төлбөрийн мөнгөөр технологийн шинэчлэлээ хийнэ гэсэн үг.
-Тэгэхээр энэ ажлыг салбарын яам нь сайн анхаарч, эхлүүлэх хэрэгтэй юм байна даа?
-Яг үнэндээ манайх зарчмаа алдчихаад байгаа юм. Өнгөрсөн жил билүү нэг эмэгтэй сайдыг утаа, яндангийн асуудлаас болоод л ажлаас нь халж байгаа харагдсан. Уг нь Байгаль орчны сайд гэдэг хүн агаарын бохирдлыг бууруулдаг хүн биш шүү дээ. Харин тэр хүн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд, одоо энэ яриад байгаа бохирдлын төлбөр энэ тэрийг УИХ-аар хэлэлцүүлж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх чиглэлд л ажиллах ёстой. Харин тэгэж ажиллаж чадаагүй бол ажлаас халах арга хэмжээг авах ёстой. Гэтэл манайд сайд нь өөрөө хороо, хэсгийн ахлагчийн ажил хийгээд явж харагддаг. Энэ бол зарчмын хувьд буруу. Өнөөдөр бид хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Жишээ нь, төр нь түлш хийгээд байж болохгүй. Тэр түлшийг хувийн хэвшлийнхэн үйлдвэрлэх хэрэгтэй. Аль болохоор төр зарчмаа өөрчлөх ёстой.
-Бохирдуулагч төлбөрийг авна гэвэл ард иргэд бөөн л юм болох байх?
-Ийм л болохоор хандлагаа өөрчлөх хэрэгтэй гээд байгаа юм. Бид сэтгэхүйгээ өөрчилж байж хөгжинө. Бүх зүйлийг төрдөө даатгачихдаг, төр нь бүх зүйлийг хамаад өөрөө хийнэ гээд зүтгэчихдэг. Эцэст нь үр дүн муутай ажил болдог. Ийм байдлаар удаан явж болохгүй. Үүнийг шинэчлэх хэрэгтэй. Яагаад утааны асуудал дээр нийгмийн сэтгэл зүйн талаар яриад байна вэ гэвэл, байгаль хамгааллын ажил гэдэг бол хүний сэтгэхүйтэй шууд холбоотой юм.
Өнөөдөр тэр хөгшин юм, тэр ядуу юм гээд түлшийг нь хүртэл үнэгүй өгч байна. Агаарын бохирдолтой халамжаар тэмцэхгүй. Хатуухан хэлэхэд, агаарын бохирдол буй болгож байна гэдэг нийгмийн гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол үүсгээд байгаа хүн бол өөрийгөө болон бусдыгаа хорлож байгаа юм. Эрүүл мэндийг нь сүйтгэж байгаа юм. Тийм учраас хувь хүн бүр нийгмийн гэмт хэргийг үйлдэхгүй байх ёстой. Зөрчлийн хууль уг нь энэ чиглэлд л зориулагдаж гарах ёстой байсан. Харин өнөөдөр ойр зуурын, аар саархан зодоон, хулгайн хэргийн хүрээнд л яригдаж байгаа нь харамсалтай. Тиймээс л шинжлэх ухааны үндэслэлтэй хууль гаргах хэрэгтэй.
-Тэгэхээр таны ярианаас агаарын бохирдлыг бууруулахад эрх зүйн орчин асар чухал гэдгийг л ойлгох хэрэгтэй юм байна?
-Ерөөсөө л тийм. Агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Хоёр дахь нь технологийн шинэчлэл. Гурав дахь нь эдийн засгийн хөшүүрэг. Дөрөв дэхь зүйл нь мэдээлэл мэдлэг. Тав дахь нь олон нийтийн оролцоо чухал. Дээрх таван зүйлийг иж бүрэн хэрэгжүүлсний эцэст бид сая агаарын бохирдолтойгоо тэмцэж байна гэсэн үг. Түүнээс аль нэгийг нь дэмжчихээд бусдыг нь хаячихаж болохгүй. Дэлхий нийтийн жишиг ч ийм.
-Агаарын бохирдлын асуудал дээр автомашины талаар дурдахгүй өнгөрч болохгүй?
-Автомашины асуудал бол үнэхээр баларсан гэж дүгнэж болно. Манай улсад явж байгаа дийлэнх автомашин 20-оос дээш жил явчихсан хөгшин машинууд байгаа. Хүний эрүүл мэндийг хорлоод байна, хэрэглээний элэгдэлд орчихоод байна гээд хаясан хогийг манай улс түүж авчраад хямд үнээр зараад байна. Энэ байдлыг бид эдийн засгийн хөшүүргээр л өөрчлөхөөс өөр аргагүй. Жишээ нь, хэдхэн хоногийн өмнө Япон шинэ загварын приус үйлдвэрлэснээ танилцуулсан. Түүнийг нь буюу шинийг нь л импортоор оруулж ирмээр байна. Тэгэхийн тулд мэдээж хүмүүст үнэтэй тусна. Энэ үед нь хөнгөлөлттэй зээл ч юмуу, татварын хөнгөлөлтөөр төрөөс зохицуулалт хийх хэрэгтэй. Өөр нэг зүйл бол нийтийн тээвэр. Түгжрэл болон агаарын бохирдлыг арилгах гол зам бол нийтийн тээвэр. Зөвхөн түгжрэлийг бууруулахад энэ онд 460 тэрбум төгрөг төсвөөс тавьсан байгаа. Энэ мөнгөөр эхний ээлжинд шинэ технологийн автобус авах хэрэгтэй. Парк шинэчлэл хийх хэрэгтэй байна. Ядаж мянган автобус авах хэрэгтэй. Энэ жилдээ бүгдийг нь авч чадахгүй байж болно. Эхний ээлжинд 500 ширххэгийг дараагийн жил үлдсэнийг нь гээд авчихаж болно.
-Шатахууны чанар дээр та юу хэлэх вэ?
-ОХУ-аас хамгийн муу чанартай шатахууныг манай улс оруулж ирээд шатааж байна. Евро-2 стандартын шатахуун бол хамгийн муу чанартай нь шүү дээ. Дэлхий нийт Евро-5 стандарт руу шилжчихээд байна шүү дээ.
-Евро-2 гэхээр?
-Яагаад хамгийн муу стандартын шатахуун гээд байна вэ гэвэл хүхэр ихтэй. Харьцуулж хэлбэл, евро-5 стандарт нь евро-2 стандартаас 40 дахин бага хүхрийн агууламжтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бид хамгийн муу, хоцрогдсон тийм шатахууныг л хэрэглэж байна гэсэн үг. Гэтэл 2017 онд ОХУ өөрөө евро-5 руу шилжсэн.
-Манай улс тэр стандарт руу шилжих ямар боломж байна вэ?
-Манай улс уг нь энэ стандарт руу нь шилжинэ гэчихсэн байгаа. Хамгийн гол нь мөрдөх л хэрэгтэй. Мөрдөхийн тулд шатахуун импортлодог компаниудтайгаа ажиллах хэрэгтэй. Шатахууны үнэ өртөг нь мэдээж дээшилнэ. Гэхдээ хэрэглээ нь багасна. Одоогийн евро-2 шатахуунаар 100 км газар 10 литрийг зарцуулдаг байсан бол жаахан үнэтэй евро-5 шатахуунаар 6-8 литрийг нь зарцуулна. Ингэснээр эрүүл мэнд, эдийн засгийн ашигтай гэсэн үг. Цаашдаа бүгд сайн шатахуун хэрэглээд ирвэл өгөх өгөөж улам л өргөжинө. Агаарын бохирдол, автомашины хорт угаар багасаад ирэхээр хүн амын эрүүл мэндийн асуудал эерэг үр дүн их гарна. Иймээс евро-3, 4 гэж дамжаад хэрэггүй. Шууд евро-5 руугаа орох хэрэгтэй.
-Шатахууны нөөцөө яаж тасалчихгүй байя даа гэж толгой өвдөж байгаа манайх шиг улс чанар ярих цаг нь мөн үү?
-Харин ч мөн. Нэгэнт л хүнээс гуйж худалдаж авч байгаа бол шууд сайныг нь худалдаж авах хэрэгтэй. Хүний муу юмыг аваад яахав дээ. Зүгээр нэг өдөр хоногийг аргацаагаад явах бус зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй.
-Та озоны давхаргыг хамгаалах чиглэлд олон талт ажил хийдэг хүн. Энэ ярилцлага маань ч гэсэн эцсийн дүндээ түүнд чиглэгдэж байна. Муу болон сайн озон гэж байдаг талаар та ярьж байсан. Сайн озоныг хамгаалахад энэ яриад байгаа түлш, шатахууны асуудал их үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгосон. Зөв үү?
-Дэлхийн агаар мандалд маш бага хэмжээтэй оршдог энэхүү хийний 90 орчим хувь нь дэлхийн гадаргаас дээш давхраат мандалд 10-50 километр өндөрт байрладаг. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг шүүж, хүн байгалийг хамгаалж байдаг учир “сайн озон” гэж нэрлэдэг. Озон нь хүчилтөрөгчийн гурван атомоос тогтсон молекулыг хэлээд байгаа юм. Өнгөгүй, үнэргүй хий л дээ. Харин озон нь хүн болон дэлхийн эко системд үзүүлэх нөлөөллөөрөө хоёр өөр ангилалд багтана. Озоныг сайн, муу гэж хоёр ангилж болно. Сайн нь дээр дурдсан хүн, амьд ертөнцийг нарны хэт ягаан хортой туяанаас хамгаалах хуяг болсон давхраат мандлын озон юм. Харин муу озон гэдэг нь утаа үүсгэх боломжтой, газрын гадарга орчмын агаарыг бохирдуулагч озон юм.
-Сайн озоноо хамгаалах, муу озоныг ялгаруулахгүй байхын тулд яах ёстой вэ?
-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Озоны цоорхой гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрдэмтэд 1970-аад оны дундуур дэлхийн бөмбөрцөгийн өмнөд туйл дээрх озоны давхарга цоорч, нимгэрч байгааг анх олж тогтоосон. Улмаар түүний учир шалтгааныг хайх болсон. Үүний эцэст давхраат мандлын озоны давхаргын задрал нь үйлдвэрийн аргаар 1920-иод оноос гарган авч хөргөлт, агааржуулагч, тусгаарлагч хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэл гэх мэт эдийн засаг, нийгмийн олон салбарт эрчимтэй ашиглаж эхэлсэн хлортфторт нүүрстөрөгч / ХФН/CFC/ төрлийн бодисоос үүдэлтэйг олж тогтоосон.
Иймээс озоны давхаргыг задалдаг бодисоос татгалзах, орлуулах өөр төрлийн бодисыг эрэлхийлэх болсон. Учир нь, тэр чигээрээ яваад байвал хүн болон амьд орчин нарны хэт ягаан туяанд хордоно. Озоны давхарга нимгэрэх тусам л өнөөх хэт ягаан туяаны хор биднийг бүрхэнэ. ДЭМБ-аас гаргасан судалгааг хэлье. Озоны хэмжээ нэг хувь багасвал хорт хавдрын тохиолдол хоёр хувь өснө. Нарны хэт ягаан туяа нэг хувь нэмэгдвэл хүнсний үйлдвэрлэл 10 хувь буурна. Цаашлаад озоны давхарга нимгэрэхийн хэрээр дархлааны системийг дарангуйлж байдаг. Нүд гэмтэнэ, арьсны хорт хавдар нэмэгдэх гээд маш олон төрлийн үр дагаврууд илэрч байдаг.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД ЭРДЭМТДИЙН САНАА ОНООГ САЙН СОНСОЖ БАЙААСАЙ
ene uvgun ene alband olon jil ajil san yuch uurdsungui heden jil yarlaa mungugui bolj dee mgl iin buh shonhor shuvuu zarj tuljsung hav oiriih medeh baih idsen mungu duusj gent uls orondoo sanaa tavsan orootson boroo olon jil ajilaad yu uuchlugduv uvuu duugui thaacha zaluu ulsd ajil d bitgii gai bolj uz