УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.01/ хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай бологдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр газрын суурь үнийг ямар аргачлалаар тогтоож байгааг асуусан юм. Асуултад БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн дараах хариултыг өглөө.
Тэрээр "Өнөөдөр газрын төлбөрийг тооцохдоо бид газрын суурь үнэлгээний зэрэглэл бүсийг харгалзаж газрын үнийг тогтоож байгаа.
2018 оны зургаадугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 182 дугаар тогтоол батлагдсан. Өмнө нь нийслэлийн хэмжээнд ганцхан бүс байсан бол өнөөдөр уг тогтоолоор 16 бүс болж, эдгээр бүс нь 16 төрлөөр тогтоогдож байгаа.
Газрын үнийг тогтоохдоо мэдээж бүс, зах зээлийн үнийн шинжилгээнд үнэлгээ хийх, газрын үнэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзах, үүн дотор дэд бүтэц, бусад асуудлуудыг харгалзан тооцоолж суурь үнэлгээг тогтоож байгаа.
Ерөнхийдөө улс орны хэмжээнд 500 мянга гаруй нэгж талбарт төлбөр ноогддог гэж тойм тоогоор үзвэл 2021 оны баталгаажсан мэдээгээр 112.6 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт оруулсан.
Өнөөдрийн бидний оруулж ирж байгаа төслөөр бол доод тал нь 22.2 тэрбумаас 458.8 тэрбум төгрөгийн орлого олох бололцоотой байгаа.
Гол онцлог бол бид суурь үнэлгээнд ноогдож байгаа газрын төлбөрийн дээд интервалыг 2 дахин өндөрсгөж орж ирж байна. Энэ дотор аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурал нь газрын төлбөрөө тухайн орон нутагтаа тогтоох эрхийг олгосон.
Өмнө нь ганцхан хот тосгоны эдэлбэр газар дээр интервалтай байгаад үүнд нь Засгийн газар хэмжээ тогтоодог хуулийн зохицуулалт байсан. Энэ удаа Засгийн газар биш Иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоох нь оновчтой юм гэж үзсэн. ИХТ дээд интервалаар тогтооно гэвэл 458.8 тэрбум төгрөг орж ирнэ. Хамгийн доод интервалаар тогтоолоо гэж үзвэл нь 22.2 тэрбум, дунджаар 240.5 тэрбум төгрөгийн орлого улсын төсөвт орно гэсэн тооцооллыг оруулж ирсэн.
Газрын суурь үнэлгээний бүсчлэлийг Б.Энхбаяр гишүүний асуусанчлан 2018 оны тогтоолын дагуу 16 бүс болгоод 16 төрлөөр тогтоосон.
Цаашдаа бид гурван жил тутамд газрын суурь үнэлгээг шинэчилж явъя гэсэн концевцтой” гэв.
Сэтгэгдэл ( 1 )
odoo gazriin mongo nereer saj ehleh um bna