“Та нар яавал хичээл хийх юм. Хулгайчууд минь. Алчихна шүү гээд гараа зангидан нуруу руу хэд хэдэн удаа цохисон. Биднийг бүрий болсон хойно урлагийн үзлэг бэлдэх нэрийдлээр дуудан өөрийнхөө өрөөнд хоёр гурваар нь оруулж тэмдэглэлийн дэвтрээ шидэж, бидэнд бал цаас өгч яг одоо бүгд хийсэн хэргээ хүлээ. Үгүй бол нууцыг чинь сургуулиар нэг таарчихна шүү гээд үсдэж алгадсан. Үнэхээр гомдолтой байна. Энэ сургуульд сурах хүсэлгүй болсон" хэмээн нэгэн ахлах ангийн сурагч хоолой зангируулан ярилаа. Чихэндээ ч итгэсэнгүй үнэн хэрэгтээ боловсролын салбарт ийм үйлдэл бугшчихсан гэдэгтэй маргах хүн үгүй. Ийм нөхцөл байдлаас үүдэн хүүхэд сурах хүсэлгүй болж улмаар амь насаа хорлоход хүрдэг. Тэгвэл хүүдийн сурч хөгжих эрх хаана яаж зөрчигддөг талаар сурвалжилсан нь энэ. Дээрх хэргийн тухайд өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон бөгөөд ёс зүйн алдаа гаргасан багшийг хурлаар оруулж ажлаас нь халсан байгаа юм. Энэ явдлын талаар сурагчийн эцэг эх, сургуулийн нийгмийн ажилтан, сурагчид дараах тайлбарыг өгсөн юм.
Нийгмийн ажилтан: Халагдсан багш ёс зүйн алдаа удаа дараа гаргасан
“Анги удирдсан багш...... нь сурагчдадаа ёс бус үг хэллэгээр хэлж гүтгэсэн нь нотлогдсон. Өмнө нь ийм үйлдлээс болж сахилгын шийтгэл амсаж, сануулга авч байсан удаатай. Иймд удаа дараа сурагчидтай ёс бус харилцаж, багшийн ёс зүйг зөрчсөн хэмээн үзэж удирдлагын хурлаар оруулан ажлаас нь халсан. Иймд бусад багш нар үүнээс сургамж авсан байх” гэв.
Харин сурагч... хэлэхдээ ”Архи ууж, тамхи татаж, оройгоор сургуулийн гаднаас танихгүй хүний машинд сууж явсан. Цүнхнээс чинь бэлгэвч гарсан. Хүнтэй унтчихсан биз үнэнээ хэлээч чи. Энэ бүгд баримттай шүү. Хэлэхгүй юу чи гээд үсдэж, алгадаж зодсон. Манай ангийнхан намайг өмөөрч үг хэлсэн ч буруудсан. Ингээд биднийг элдэв муу үгээр харааж, та нар намайг энэ сургуулиас зайлуулж чадахгүй шүү гээд чанга дуугаар орилсон. Сэтгэл зүй үнэхээр хүнд байна. Багшийн энэ үйлдлээс болоод айдастай болчихсон. Хичээлдээ явах хүсэлгүй болсон үе бий. Хийгээгүй хэргийг тулгах гэж оролдсон. Яг одоо хийсэн хэргээ хүлээхгүй бол эцэг эхэд чинь хэлнэ гээд ээж аавыг минь дуудсан. Ямартай ч багшийн талаар бид муу ярьдаг гэж бодоод занасан байх. Ингээд сүүлдээ биднийг газ үнэртэж, архи уусан гэж нийтээр нь гүтгэн доромжилсон” хэмээн тайлбарлав.
Эцэг эхчүүд: Сурагчдыг хувийн нууцаар нь сүрдүүлж, хэрэг тулгахыг завдсан
“Охин маань энэ үйлдлээс болоод сэтгэл зүйн гүн хямралд орсон. Гурван хоног хоол идээгүй. Мөн нойргүй хонож хэдэн өдөр ганцаардмал байсан. Сэтгэл санааны их хохирол амссан. Багш нь түүний хөдөлмөр хичээл зүтгэлийг нь үгүйсгэсэн. Тодруулбал, охин маань өнгөрсөн зун өсвөр үеийнхний “Дөл” тэмцээн оролцоод хүрэл медаль авсан. Гэтэл чи хүний аваагүй шагналыг авчихсан юм шиг нэг төмөр зүүчихээд юундаа хамраа сөхөөд байгаа юм. Дугуйлангаас чинь гаргачихаж чадна шүү. Хүүхдүүдийг хувийн нууцаар нь сүрдүүлж, хэрэг тулгахыг завдсан. Энэ багшийг үлдээвэл хүүхдүүдээ өөр сургууль руу шилжүүлнэ гэх байр суурийг сургуулийн удирдлагад илэрхийлсэн. Ингээд бидний саналаар багшийг халсан байна лээ”. "Хүнтэй унтсан гэх цуу яриаг багш сургуулиар тараасан" хэмээн ярилаа.
Ийн багшийн бусармаг үйлдлийг олон жил чихээ дарж, амаа үдэж ирсэн сурагчид тэсэрсэн нь энэ бололтой.
Хэдий сурагч үүргээ биелүүлээгүй сургуулийн дүрмээс гадуурх зүйл хийсэн ч түүний нууцыг чанд хамгаалж сэтгэл зүйн тусламж үзүүлэх нь багшийн үүрэг. Хуулиараа багш энэ үүргийг хүлээдэг.
Гэтэл эсрэгээрээ ажлын байран дээр ялгаварлан гадуурхалт бий болгож, хэл ярианы зүй бус үг хэллэг хэрэглэсэн нь нотлогдсон. Уг хэргийн мөрөөр анги удирдсан багштай утсаар холбогдсон ч “мэдээлэл өгөхгүй. Надад ярих зүйл алга” гэлээ. Энэ мэт багш далд байдлаар хэчнээн сурагчийн эрхэд халддагийг хэлж таашгүй. Ийм алдаа гаргасан багш дахин өөр сургуульд очиж хүчирхийлэл үйлдэхийг үгүйсгэхгүй.
Тийм учраас холбогдох байгууллага нь ёс зүйн алдаа гаргасан багшийн багшлах эрхтэй хатуу хариуцлага тооцох журамд салхи оруулах цаг болжээ. Хүний эрхийн үндэсний комиссоос Монгол Улсад 100 мянган хүүхэд хөгжих эрхээ хязгаарлуулж байгаа гэх судалгааг гаргасан байдаг. Үүнээс сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь дээд ангийн хүүхэд 47.6 хувь, багш 15 хувийг эзэлдэг аж.
Монгол Улсын хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4.1-т зааснаар чи эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, төрсөн газар, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхагдахгүй, эрх тэгш байх эрхтэй хэмээн заасан байдаг.
Гэтэл амьдрал дээр тухайн хууль алаг цоог болсны нэг илрэлийг энэ явдал ил тод харуулж байгаа юм. Үүний адил сэтгэл санаа, биемахбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг сургуулиас шилжүүлэхээс нааш энэ хар толбо арилшгүй мэт. Хэдийгээр зөрчлийг арилгасан хэдий ч хүүхдийн нэр төрд сэв суусан байдаг. Нөхцөл байдал удаан үргэлжилбэл амиа хорлоход хүрдэгийг олон гашуун түүх сануулна. Ийн сурагчаа дарамталдаг үзэгдлийн нэгээхэн жишээ нь энэ. Хүчирхийллээс болж сурч, хөгжих эрх хөсөр хаягдах учиргүй. Сурагчийн эрх зөрчигдсөн тухай дахин нэг асуудлыг хөндье.
Нийслэлийн... сургуулийн үүдээр ормогц жавар сэнгэнэж, хүүхдүүд дулаан газар бараадан овоорно.Тэд хичээл орох тэнхим сулрахыг хүлээж буй нь тэр. Тус сургууль 2017 онд ашиглалтад орсон бөгөөд 650 хүүхдийн багтаамжтай ч одоогоор 2500 хүүхэд хичээллэж байгаа аж. Тэгэхээр ачааллаасаа хэд дахин давсан нь илт байна. Энэ талаар сурагчдын эцэг эх дараах тайлбарыг өгч байгаа юм.
Тэнхимгүй тэнүүлчилсэн багачууд хөөрхийлөлтэй
“Хүү минь дөрвөн жил битүү, бүгчим ангид сурсан. Дөрөвдүгээр ангийн хүүхдийг хүнд цүнх үүрүүлээд дээш доош явуулах, хүйтэн орчинд удаан зогсоох нь зохисгүй. Заримдаа ангигүйн улмаас хичээл орох ёстой хуваариар ордоггүй. Ингэснээр тухайн хичээлээс авах ёстой мэдлэгээ бүрэн дүүрэн авч чадахгүй. Үүний хажуугаар жигтэйхэн хүйтэн сургууль. Эх хүн учраас зүрх шимширч байна. Багш нар сууж дэвтэр засах ч өрөөгүй гэж гомдоллосоор эцэг эхээс хандив цуглуулсан. Түүгээрээ нэг талбайд тасалгаа хийгээд сурагчдынхаа хичээлийг зааж байна. Эко сургууль болгоно гэж цуглуулсан хандиваараа ямар ажил хийсэн нь мэдэхгүй. Юу ч хийсэнгүй агааржуулалт дутмаг.
Хүүхдүүд ийм орчинд хичээллэх хүндрэлтэй байна. Ачааллаасаа хэтэрсэн энэ сургуулийн зарим сурагчид цахимаар хичээллээд олон жил боллоо. Цахим хичээл үр дүнгүй юм гээд хүүхэд маань цааргалдаг” хэмээн олон эцэг эхчүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж буй юм.
Харин сурагчид нэг ширээнд гурвуулаа суудаг бөгөөд энэ нь хичээл хийхэд тун хүндрэлтэй байдаг байна. Тэдгээрийн дунд цахим хичээл ойлгомжгүй, чирэгдэлтэй хэмээн ундуйцах сурагч байсан юм.
Харин тус сургуулийн захирал хэлэхдээ ”Ачаалал хэтэрсэн учир зай талбай бүрийг сургалтын тэнхим болгон ашиглаж байгаа. Нэг ангид 30-55 хүүхэд бий. Тиймээс жижиг зай талбайд чихээд ч болтугай суулгахаас өөр аргагүй байна. Хүн амын өсөлт төвлөрөлтийг яалтай билээ. Тун удахгүй хичээл амарна. Үүний дараа энэ асуудал шийдэгдэнэ гэж найдаж байгаа. Манай сургуулиас 1.5 километрийн зайтай 920 хүүхдийн хүчин чадалтай сургууль удахгүй ашиглалтад орно.
Дэд бүтэц нь шийдэгдэхгүй гацчихсан. Нийслэлийн хэмжээнд ийм сургууль олон бий. Тэдний нэг нь манай сургууль. Бид дотоод нөөц бололцоог бүгдийг нь ашигласан.Энэ хичээлийн байр түрээсийнх.
Шилэн дээвэртэй учир дулаан их алдагддаг. Ямартай ч сурагчид анги сэлгэж суралцаад сурчихсан байна” хэмээв. Цар тахлаас үүдэн ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлсэн.Гэвч заримынх нь эрх хэдэн жил дараалан зөрчигдсөөр байх уу. Сургуулийн хүртээмж сайн гээд хэнэггүй мэдэгдэл хийсэн. Сайдын үг хоосон хийрхэл байсан аж.
Байгуулагдсанаасаа хойш сурагчдын, эцэг эх асран хамгаалагчдын тэвчээрийг барсан энэ сургуулийн асуудлыг дөмөгхөн шийдэх боломж БШУЯ-ны удирдлагуудад байсан биз. Чухам яагаад олон хүүхдийн сурах, хөгжих эрхийг ноцтойгоор зөрчиж өдий хүрэв гэх хариултыг нэхье Сайдаа. Боловсрол бол багачуудыг зөв эрүүл саруул, оюунлаг хүн болгон бэлтгэх суурь хүмүүжил. Гэтэл боловсролыг эзэмшихийн тулд сурагчид үзээгүй юм аа үзлээ гэдэг л үнэний ортой боллоо.
Хэн нэгний дарамт шахалт, гүтгэлэг доромжлол, үзэн ядалт, ялгаварлан гадуурхалт, үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхэх нь сурах орчны таагүй нөхцөл гээд олон талаар сурах хөгжих эрх ноцтой гэгч нь зөрчигдөж байгааг олон баримт харуулж байна. “Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг ардын мэргэн үг бий.Ийнхүү хүнийг залж, засах үүрэг гагцхүү багш хүнд, боловсролын байгууллагад оногдсон байдаг.
Сурган хүмүүжүүлэгч хүний эрхийг дээдэлдэг нэгэн байх ёстой. Хүүхдийн сурч хөгжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд эзлэх байр суурь зэрэгт саад тотгор болох ёсгүй.Боловсролын түвшинд хүүхэд бүрд сурах боломжийг тэгш олгодог. Гэтэл үүнээс гажиж хүүхдийн сурах хөгжих эрхэд ноцтой хор хөнөөл учруулж байгаад туйлын эмзэглэмээр. Цаашид хүүхдийн сурах хөгжих эрхэд нэн түрүүнд анхаарах цаг болсны дохио энэ билээ.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )