Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 заалт, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоол зэрэг бодлогын бичиг баримтуудыг үндэслэл болгож “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо” бэлтгэл ажлын хүрээнд суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцохоор төлөвлөж, суурийн байрлалд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Эмнэлгийн амбулаторийн байрлалаас тусад нь тохижуулж бэлдсэн.
Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт зориулж Камаз маркын 3 автомашиныг зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглож, хөдөө орон нутагт ажиллах зөөврийн интернет, багажийн шинжилгээ, дүрс оношилгооны хариуг HIEP системд хөрвүүлэгч зэрэг нэмэлт багаж төхөөрөмжүүдийг бүрдүүлж, “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-нд шаардлагатай лабораторын урвалжууд болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийн нөөцийг бүрдүүлж бэлтгэл ажлаа хангаад байна.
2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн халдварт болон хавдрын өвчнийг илрүүлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-ны ажилд Цэргийн төв эмнэлэг суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцож эхэлсэн.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрлийн цэргийн командлалуудын цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэрэгжилтийн спортын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчид, гадаад оронд сургуульд суралцах цэргийн алба хаагчид болон сонсогч нар, НҮБ-ын ЭДА-нд оролцох цэргийн алба хаагчид, ҮБХИСургуульд шинээр элсэн суралцагч сонсогч нарт хийгдэх ёстой төлөвлөгөөт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг 5, 6, 7 дугаар саруудад хийсэн. Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт эмч мэргэжилтнүүд томилогдон ажиллаж байсан зэрэг шалтгаануудын улмаас энэ хугацаанд суурин байрлал буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-д иргэдийг Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд цөөн тоогоор хамруулсан.
Суурин байдлаар Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаа нь эмч мэргэжилтнүүдийн ээлжийн амралт дуусаж хүний нөөцийн хангалт сайжрах тул 10 дугаар сараас тогтворжиж БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан. Мөн Улаанбаатар цэргийн хүрээний зарим анги нэгтгэл, БЗД-ийн энгийн иргэдийг цөөн тоогоор хамруулж байна.
Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт үзлэгийн баг нь:
- 5 болон 6 дугаар саруудад Төв аймаг, Дорноговь аймгуудад ажиллаж амьдарч байгаа цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, энгийн иргэдэд,
- 8 дугаар сарын 08-наас 9 дүгээр сарын 20-ны хооронд төвийн бүсийн Өвөрхангай Баянхонгор, баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд болон хойд бүсийн Булган, Орхон, Дархан-Уул аймгууд дахь Зэвсэгт хүчний анги салбаруудад алба хааж буй цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, чөлөөнд гарсан ахмадуудад болон энгийн иргэдэд,
- 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын иргэдэд,
- 11 дүгээр сард Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг болон Рашаант сумын 800 орчим иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн.
Энэ хугацаанд хөдөлгөөнт үзлэгийн баг дээрхи аймаг сумын нутгаар нийт 9000 км гаруй зам туулж, суурин болон хөдөлгөөнд байдлаар 5500 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд байна. Үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдэд дараах өвчлөл зонхилж байна. Үүнд:
- Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаат үрэвсэл, ходоодны архаг болон хурц үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 14,8%
- элэгний вирусын шалтгаант үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 11%
- артерийн даралт ихсэх өвчин нийт илэрсэн өвчлөлийн 9,8%
- бүсэлхий нуруу орчмын мэдрэлийн ёзоорын өвдөлт нийт илэрсэн өвчлөлийн 6,2%
- зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын хориг бүхий эмгэгүүд нийт илэрсэн өвчлөлийн 2,3% тус тус тохиолдсон байна.
Хөдөлгөөнт үзлэгийн баг цаашид зүүн болон өмнөд бүсийн аймгуудад үзлэг шинжилгээг үргэлжлүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )