Технологийн хөгжлийн хурд утаат тамхины хэрэглээнд хувьсал авч ирсэн нь дэлхий нийтэд маргаан дагуулсан сэдэв хэвээр байна. Харамсалтай нь, тамхи үйлдвэрлэгчид борлуулалтаа өсгөх гэсэн маркетингийн бодлогоо хүний эрүүл мэндээс дээгүүр тавьж байна.
Учир нь, уламжлалт ч бай, халаадаг ч бай тамхинд никотин хэмээх хорт бодис агуулагддаг гэдгийг эрдэмтэд хэдийнэ тогтоочихсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас “Халаадаг тамхин бүтээгдэхүүнд аюултай бодисын агууламж бага гэж буй нь тэдгээрийг хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй, эрсдлийг бууруулдаг гэсэн үг биш” гэдгийг ч онцолсон байдаг.
Үнэн хэрэгтээ халаадаг тамхины ашиглалтын үед бий болсон аэрозолуудад зарим хорт бодис уламжлалт тамхины утаанаас илүү өндөр агууламжтай байдаг аж. Уламжлалт тамхины утаанд байхгүй эдгээр аэрозолуудад өөр хэд хэдэн төрлийн хорт бодис агуулагддаг байна.
Мэдээж судалгаа, шинжилгээнд цаг хугацаа орно. Халаадаг тамхи бидний эрүүл мэндэд хэрхэн заналхийлж, өөр ямар хор уршиг дагуулж байсныг бүрэн дүүрэн шинжлэх ухаан нотлох нь цаг хугацааны асуудал юм. Сүх далайтал үхэр амар гэгчээр халаадаг тамхи үйлдвэрлэгчдийн сурталчилгаанд итгэх нь хожим харамсаад барахгүй эрсдэлтэй нүүр тулах аюултайг юм.
Мөн янжуур тамхины зах зээлийн цөм болсон АНУ халаадаг тамхи үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ хор хөнөөлийг хэрэглэгчдэд мэдэгдэхийг шаарддаг юм билээ. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA)-нд халаадаг тамхин бүтээгдэхүүн болох IQOS тамхины халаалтын системийн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах зөвшөөрөл хуулиар олгогдсон байдаг аж.
Тус байгууллага мэдэгдэлдээ "Энэ шийдвэр нь эдгээр бүтээгдэхүүний аюулгүй байдал болон FDA-гийн зөвшөөрлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш юм. Түүнээс гадна, тухайн бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг үйлдвэрлэгчдэд олгосон эрх мэдэл нь түүний хэрэглээтэй холбоотой дүгнэлт хийхгүй. Тухайлбал, эрсдэл бага гэсэн ямар нэгэн мэдэгдэл хийх, шууд буюу шууд бус байдлаар тухайн бүтээгдэхүүнийг FDA баталгаажуулсан эсвэл дэмжсэн, аюулгүй гэх зэрэг худал сэтгэгдэлд ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулахыг зөвшөөрдөггүй" гэсэн байна.
Товчхондоо, FDA уг бүтээгдэхүүн нь тамхины бусад бүтээгдэхүүнээс илүү эрүүл мэндэд хор хөнөөл багатай гэсэн үйлдвэрлэгчийн мэдэгдлийг хүчингүйд тооцов. Ингэснээр үйлдвэрлэгчийн зүгээс бүтээгдэхүүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан талаар FDA-д мэдэгдэх үүрэгтэй болж байгаа юм. Тэд “Халаадаг тамхийг хэрэглэснээр бий болж буй нэмэлт хорт бодис эрүүл мэндэд аюултай. Уламжлалт тамхитай харьцуулахад хор хөнөөлтэй химийн бодисын биенд үзүүлэх нөлөө бага гэдэг нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй” гэж мэдэгджээ.
Монгол Улс Тамхины хяналтын тухай хуулиа шинэчлэн чамбайруулсан гэж ДЭМБ үнэлдэг. Гэтэл хүүхэд, залуусын дунд онлайн худалдааны хяналтгүй орон зай бий болов. Уг нь манай улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвецид 2003 онд, тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд 2014 онд нэгдсэн.
Энэ хүрээнд халаадаг тамхин бүтээгдэхүүний асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатайг нийгэмд өрнөж буй үйл явдлууд хэлээд байна.
Тийм ч учраас ДЭМБ мэдэгдэл гаргаж, Тамхины хяналтын суурь конвенцэд нэгдсэн гишүүн орнууд хүлээсэн үүргээ эргэн харахыг сануулжээ. Энэхүү конвенц нь ДЭМБ-ын ивээл дор хэлэлцэгдсэн олон улсын анхны гэрээ юм. Үүнийг 2003 оны тавдугар сарын 21-нд Дэлхийн эрүүл мэндийн ассамблей баталсан бол дэлхий дахинд 2005 оноос эхлэн хүчин төгөлдөр үйлчилж ирсэн.
ДЭМБ мэдэгдэлдээ "IQOS маркийн халаадаг тамхин бүтээгдэхүүн нь Тамхины хяналтын суурь конвенцийн заалтад бүрэн хамардаг тухай онцолжээ. Конвенцэд оролцогч талуудад “Тамхины бүтээгдэхүүнийг худал, төөрөгдөлтэй эсвэл өөрөөр хууран мэхлэх, тэдний шинж чанар, эрүүл мэндэд үзүүлэх нөлөө, аюулын талаар буруу сэтгэгдэл төрүүлэх магадлалтай тамхины бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулах, сурталчилах, ивээн тэтгэх бүх хэлбэрийг хориглоно” гэж хатуу шаардсан байдаг. Иймд ДЭМБ-аас Тамхины хяналтын суурь конвенцийг дэлхий даяар бүрэн дагаж мөрдөхийг уриалж, анхааруулсаар байна.
Сэтгэгдэл ( 0 )