"Рио Тинто"-гийн гаргасан болон гаргаж болзошгүй алдааг тогтоох боломж ХУМИГДЛАА 

2022 оны 12 сарын 20

"Рио Тинто" Оюутолгойн 66%-ийг эзэмшигчийн хувиар Монголын  Засгийн газартай хэлэлцээ хийхэд ойртож буй талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл "Рио Тинто" групп  "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан  авч,  тус компанийг 100% эзэмшигч нь болсноор, Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч боллоо. 

"Рио Тинто" 10 жилийн өмнө "Туркойз Хилл Ресурс”-ын  51 хувийг нь худалдан авч байсан юм. Түүнчлэн үлдсэн 49 хувийг нь худалдан авах саналыг энэ оны гуравдугаар сард тавьж, хэлэлцээ есөн сарын туршид үргэлжлэн, энэ сарын 16-нд хувьцааг худалдах, худалдан авах арилжааг эцэслэн хийлээ.  Ингэснээр "Туркойз Хилл Ресурс" хаалттай компани болж, "Рио Тинто"-гийн охин компани боллоо. 

Сануулахад, "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын эрх ашгийг төлөөлөн  компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Стив Тибоу,  компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар ажилладаг.  Тэгвэл цаашид "Оюу Толгой" компанийн ТУЗ-д "Туркойз Хилл Ресурс"-ын төлөөлөл гэх гишүүд ажиллахгүй болж байна.

Үүнтэй зэрэгцэн "Рио Тинто"-гийн зүгээс өмнө нь гаргасан менежментийн алдаанууд тэрдундаа далд уурхайн зардал, хугацаа хэтрэлтийн асуудлаарх хөндлөнгийн аудит, хяналт шалгалтууд хийгдэхгүй өнгөрөх үү гэдэг асуулт хариулт нэхэж байна. 

Хэдийгээр Монголын Засгийн газар далд уурхайн зардлын хэтрэлтээс хариуцахгүй байхаар тохирсон ч, урт хугацаанд хэрэгжих төсөл дээр "Рио Тинто" алдаагаа давтаад байх вий гэдэг асуудал анхаарал зүй ёсоор татаж буй юм.

2021 оны  наймдугаар сард далд уурхайн зардал хэтрэлтийн асуудлаарх  хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж, “Оюу Толгой ХХК-ийн засаглалын асуудлыг цогцоор нь ярилцах, “Рио Тинто” менежментийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх шаардлага үүссэн. Түүнчлэн тухайн оны есдүгээр сард буюу гуравдугаар улирлын ТУЗ-ийн ээлжит хурлаар эдгээр асуудлууд хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байсан есдүгээр сарын хурал сунжирсаар, арваннэгдүгээр сарын эхээр  дуусаж байв.

Тухайн хурлаар манай талаас Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлттэй хөндлөнгийн шинжээчдийн тайланд тусгагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах зөвлөмжийн дагуу зардлын аудит оруулах асуудлыг тавьсныг ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байв.

Зардлын аудитыг  “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ дээрх Тусгай хороо буюу “Туркойз Хилл”-ийн хоёр гишүүн, Монголын Засгийн газрын төлөөлөл болох хоёр гишүүн оролцсон, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хороон дээр “Рио Тинто”-гийн оролцоогүйгээр явуулъя гэсэн байр суурийг манай талаас илэрхийлсэн байдаг.

“Рио Тинто” компанийн зүгээс эхлээд  ажлын даалгаврыг заавал ТУЗ-аар батална, аудит хийх компанийг ТУЗ дээрээ батална гэх зэргээр тодорхой шаардлагуудыг  тавьж байсантай холбоотойгоор хурал удааширсан байдаг. 

Гэхдээ  “Рио Тинто” нь төслийг хэрэгжүүлэгч менежерийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үүднээс  ТУЗ-ийн хурлаараа хөндлөнгийн аудит оруулах асуудлыг Тусгай хороо хариуцан ажиллах шийдвэрт хүрч байсан юм. 

Тухайн аудитын ажилд тодорхой хугацаа орох байх гэдгийг Э.Баясгалан гишүүн хэлж байсан. Тэгвэл ТУЗ-д "Туркойз Хилл”-ийн гэх статустай хоёр гишүүн цаашид ажиллахгүй болчихоор Тусгай хороо гэж байхгүй болох нь. Улмаар "Рио Тинто" менежментийн алдаа гаргасан эсэхийг нарийвчлан тогтоох боломж улам хумигдлаа.

Ер нь бол  бодит байдал дээр өнгөрсөн хугацаанд  “Оюу Толгой”  ХХК-ийн ТУЗ нь  гүйцэтгэх удирдлагадаа хяналт тавих, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хангах, хамгаалах тал дээр сайн ажиллахгүй байна гэх шүүмж дагаж ирсэн.

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр хэтэрч, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж, хувьцаа эзэмшигчдэд очих төслийн үр өгөөж буурсан нь ТУЗ-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналт сайнгүй байсантай холбоотой. Тиймээс ТУЗ цаашид хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд гүйцэтгэх удирдлага хангалттай сайн ажиллаж байна уу, сайжруулах, анхаарах зүйл юу байна гэдэгт төвлөрч, шийдвэр гаргах шаардлагатай гэхчлэн Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо хэлж байв.

ТУЗ-ийн гишүүн  Э.Баясгалан “Компанийн засаглалыг сайжруулах асуудлаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан талаар 2021 оны 11 дүгээр сард хэлж байсан юм. 

Тэрбээр “ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. “Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх” гэж байсан.

Тэгвэл одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд "Рио"-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, байр сууриа илэрхийлдэг байсан жижиг хувьцаа эзэмшигчид Оюутолгой төслөөс гараад явчихлаа. Түрүүн хэлсэнчлэн "Рио Тинто" менежментийн алдаа гаргасан эсэхийг нарийвчлан тогтоох боломж улам хумигдаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ үе(66.181.187.151) 2022 оны 12 сарын 21

Юу яриад байгаа юм. Бид нутаг дээрээ байгаа юм байгаа биздээ. Би ч юм авахгүй чи ч юм авахгүй. Ингээд л болоо гэдэг хөтөлбөрөөр явна

0  |  0
Зочин(122.201.24.150) 2022 оны 12 сарын 20

Оюутолгой гэж бас нэг том нүүрснээс илүү л гэхээс дутхааргүй асуудал байгаа даа

0  |  0
даш(202.131.243.50) 2022 оны 12 сарын 20

Том ах Баагий байна. Санаа зовох зүйлгүй....

0  |  0
Top