Ерөнхийлөгч 2022 онд: ОНЦЛОХ 20 ҮЙЛ ЯВДАЛ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 12 сарын 31

2022 он улирч, хуанлийн хуудаснаа  шинэ 2023 он тодроход бэлэн боллоо. Хоёр он солигдохоос өмнө улирч буй ондоо  хийж, хэрэгжүүлсэн ажил үйлсээ эргэн харж, дүгнэн цэгнэж, ирэх оны зорилт, зорилгуудаа тодорхойлдог уламжлалтай билээ. 

Тэгвэл  төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тодотгон харвал, дараах 20 ҮЙЛ ЯВДЛЫГ онцлохоор байна.

Тодотгоход, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө  “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэсэн билээ.

Түүнчлэн  энд дурдах  ОНЦЛОХ 20  ҮЙЛ ЯВДАЛ нь агуулгын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх хийгээд үүрэгтэй нийцэж буй юм. 


НЭГ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцохдоо олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, дэлхий нийтийг энх тайванд уриалсныг онцлох нь зүйтэй юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлнө гэж Үндсэн хуульд заасан байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд энх тайван байдал ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын индэр дээрээс илэрхийлсэн байр суурийг тодотгож байна. 


ХОЁР. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2022 оны 8 дугаар сарын 8-11-ний манай улсад айлчилсан.  Антонио Гутерреш энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. 


ГУРАВ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хамтарсан мэдэгдэл гаргасан. Түүнчлэн  хамтын ажиллагааны 16 баримт бичигт гарын үсэг зурсан юм. 


ДӨРӨВ. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв. Япон Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн, хагас зуун жилийн хамтын ажиллагаагаа дүгнэж, ирэх 50 жилд хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлээ тодорхойллоо. 


ТАВ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ болон ОХУ-ын Төрийн тэргүүнтэй Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо уулзаж, Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдэд ахиц гаргах талаар хэлэлцлээ.


ЗУРГАА. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр, тэтгэмжийг нэн яаралтай нэмэгдүүлэх чиглэл Засгийн газарт өгсний  дагуу УИХ хуралдан бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянга, халамжийн тэтгэврийг 288 мянган төгрөг болгон нэмэгдүүллээ.


ДОЛОО. Их эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлж, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс эш хөргийг нь монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай зарлиг гаргалаа. 


НАЙМ. “Чингис хаан” хаад, язгууртны музейг ашиглалтад хүлээн авлаа. Музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн  хуулбар, уран бүтээл юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг музейн нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ,   "Чингис хаан” хаад, язгууртны музей монгол үндэстнийг оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидахыг онцолсон юм. 


ЕС. АНУ-ын иргэн Жак Уэтерфорд болон Академич Д.Доржготов нарт “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээв. Их эзэн Чингис хаан бол тусгаар тогтнол, эв нэгдлийн баталгаа гэдгийг тэмдэглэж, Монгол Улс Чингис хаан судлалаар дэлхийд манлайлах учиртайг онцоллоо. 


АРАВ. “Ойн түншлэлийн тухай Монгол Улс болон Европын Холбоо хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол Улс Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны орон боллоо. 


АРВАННЭГ. Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн болзол хангасан 256 оюутны эхний ээлж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад, Польш, Хятад, Унгар, Орос, Вьетнам, Энэтхэг, Австрали зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордлоо. 


АРВАНХОЁР. Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан юм. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурал баталлаа. Ингэснээр Монгол Улс  ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагт хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдлээ. 


АРВАНГУРАВ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. 


АРВАНДӨРӨВ. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулахтай холбоотой зарлиг гарган, архидалтын эсрэг “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн өрнүүлж, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж, төр засаг, ард түмнээрээ нэгдэхийг уриаллаа. 


АРВАНТАВ. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар Монгол Улсад  анх удаа Ойн генетик нөөцийн төв байгууллаа. Банкны салбарынхан үндэсний хөдөлгөөнийг дэмжиж жил бүр хоёр тэрбум төгрөгөөс багагүй хандив өгч, 2030 он гэхэд таван их наяд хоёр зуун тэрбум төгрөгийн ногоон зээл олгоно. 


АРВАНЗУРГАА. Ус дахин боловсруулах үйлдвэрийг 2025 онд ашиглалтад хүлээн авна. Ингэснээр жилд 18 сая гаруй шоо метр буюу хотын орон сууцанд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ. 


АРВАНДОЛОО. Монгол Улс 2027 он гэхэд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн 15, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний 25 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчаар бүрдүүлж, НҮБ-аас тавьсан зорилтыг бүрэн хэрэгжүүлнэ. 


​​​​​​АРВАННАЙМ. Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан, төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг анхаарууллаа. 


АРВАН ЕС. Тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан сагсан бөмбөг, бодибилдинг фитнесийн зэрэг холбоо болон зохиолчдын байгууллагууд Ерөнхийлөгчийн уриалгын дагуу нэгдэж, нэгэн зорилгын дор ажиллаж эхэллээ. 


ХОРЬ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга, Польш, Орос, Солонгос, Хятад, Лаос Улсын Гадаад хэргийн сайд, Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч, ХБНГУ-ын Холбооны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар Монгол Улсад айлчиллаа.


 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.176.189) 2023 оны 01 сарын 01

21 д . Хүүк Оюук Зандан гурвыг бөхийн өргөөнд орж ирхэд нь иргэд бүүлсэн нь урьд хожид үзэгдээгүй юм боллоо

0  |  0
Ука(92.40.218.156) 2022 оны 12 сарын 31

Кофее Анандтай уулзсан ш дээ

0  |  0
Top