Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин гарчээ

2023 оны 01 сарын 02

Багануур дүүрэгт бог малын мялзан өвчин гарсан талаар өнөөдөр /2023.01.02/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр танилцууллаа.

Тодруулбал, Багануур дүүрэгт өвөлжиж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн дуудлагаар арванхоёрдугаар сарын 29-нд дээж авч шинжлүүлэхэд бог малын мялзан өвчин оношлогджээ.

Иймээс дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг зохион байгуулж байна.

Өвчний тодорхойлолт: Бог малын мялзан(БММ) өвчнөөр бог малаас гадна бөхөн, хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир зэрэг нэлээд хэдэн төрлийн зэрлэг амьтад өвчилнө. Зэрлэг амьтад уг өвчний эпидемиологид зохих үүрэг гүйцэтгэдэг байж болох ч энэ талаар мэдээлэл маш хомс, батлагдсан баримт алга байна. Үхэр, тэмээ нь бусад мэдрэмтгий амьтдад вирусын халдвар тараадаггүй гэж үздэг. Харин салаа туруутан зэрлэг амьтныг гаршуулан тэжээх үед БММ өвчнөөр өвчлөх нь элбэг тохиолддог. Зэрлэг амьтдын дундах БММ өвчний талаар нарийвчилсан судалгаа байдаггүй ч олон төрлийн зэрлэг амьтад өвчилдөг болох нь тогтоогдсон. Халдвар авсан гэрийн тэжээвэр амьтадтай зэрлэг амьтан хамт бэлчих, уст цэг орчмын шууд хавьтлын замаар халдвар дамждаг гэж үздэг.

Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: БММ өвчин нь морбилливирусээр (Парамиксовиридэе овгийн) үүсгэгддэг. Мөн үхрийн мялзан, хүний улаан бурхан, нохойн гударга зэрэг өвчнүүд нь морбилливирусын төрөлд хамаарна. Халдварын нууц үед нус, нуух, шүлс, шээс, баасаар вирус гадагшилна. Мөн сүүнд агуулагддаг гэж үздэг. Урт хугацаагаар халдвар тээдэг амьтан байхгүй гэж үздэг ч сүүлийн үеийн судалгаагаар эмнэл зүйн шинж тэмдэггүй болсон ямааны хорголд 3 сарын дараа вирусын эсрэгтөрөгч буюу нуклейн хүчил илэрсэн байна. Тэмээ, гөрөөс зэрэг бусад төрлийн амьтны биеэс вирус хэрхэн ялгардаг, халдвар хэрхэн дамждаг талаар хуримтлуулсан мэдлэг хомс байна.

Өвчний үүсгэгч вирус нь мал эмнэлгийн халдваргүйтгэлд өргөн хэрэглэдэг нийтлэг бодисуудад амархан идэвхээ алддаг онцлогтой. Уг вирус нь гадаад орчинд тэсвэр муутай тул вирусээр бохирлогдсон зүйлсээр халдвар дамжих эрсдэл бага. Үүсгэгч 37°C-т 2 цаг, 50°C-т 60 минут байлгахад идэвхгүйжнэ. рН: 5.8-10.0 хоорондох рН-т тэсвэртэй, 11.0 рН-т идэвхгүйжнэ.Нууц үе 2-10 хоног үргэлжилнэ. Ихэнх тохиолдолд эмнэл зүйн шинж тэмдэг 3-6 хоногийн дараа илэрдэг.Уртхугацаагаархалдвартээдэгамьтанбайхгүйгэжүздэг ч сүүлийнүеийнсудалгаагаарэмнэлзүйншинжтэмдэгньарилсанямааныхорголд 1-3 сарындараавирүсийнэсрэгтөрөгчбуюунуклейнхүчилилэрчээ.

Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчний вирусын халдвар ихэвчлэн ойр хавьтлаар дамжина. Халдвар амьсгалын замыг илүү гэмтээнэ. Халдварын нууц үед вирус нь нус, нуух, шүлс, шээс, баасаар гадагшилна. БММ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн мал вирус тээгч болдоггүй гэдгийг үндсэндээ хүлээн зөвшөөрдөг. Ямааг бэлчээрээр маллаж байгаа үед уг вирус тархах, хадгалагдах нөхцөл бий болдог гэж үздэг. Мөн олон улсын туршлагаас харахад амьд малын наймаа, худалдаа эрхлэгчид халдвар тархахад нөлөөтэй болох нь батлагдсан. Тухайлбал амьд малын эрэлт хэрэгцээ ихэссэн үед халдвартай малыг эрүүл бүс нутагт худалдаалах эрсдэл нэмэгддэг байна. БММ өвчний халдвар тархахад дараах хүчин зүйлс нөлөөлнө.

Үүнд:

 

  1. Халдвар тархах гол зам нь ойрын хавьтал,
  2. Халдвартай болон эрүүл малыг нэг хашаа хороонд хотлуулах, нэг газраас услах, бэлчээрт хамт хариулах,
  3. Хэвтэр бууц, тэжээл, ус, хужрын онгоц,
  4. Жижиг хэмжээний булаг, шанд, гар худаг, багахан хэмжээний цас, мөсний эх үүсвэр,
  5. Бороо үед болон чийглэг ихтэй орчинд өвчний гаралт нэмэгдэнэ.
  6. Халдвартай малыг эрүүл бүсэд авчрах,
  7. Малын хяналтгүй отор нүүдэл, шилжилт хөдөлгөөн,
  8. Халдвартай малыг тээврийн хэрэгслээр зөөх,
  9. Үржлийн малыг хараа хяналтгүй шилжүүлэх, ашиглах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даш(202.131.243.50) 2023 оны 01 сарын 03

Дэлхийд зарлах хэрэг байсан юмуу.Сум орон нутагтаа хорио тогтоож болмоор юм.

0  |  0
Top