Алдаа, оноотой ч гэсэн хуучин оноо үдэж, шинэ оноо угтан авлаа. Уламжлалын дагуу төрийн өндөрлөгүүд ард түмэндээ хандан үг хэлсэн. Энэ дундаас гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үгээс анхаарч, анзаарах хэдэн зүйлсийг тоймлон хүргэж байна.
ИРЭХ 30 ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
“Өнгөрсөн 30 жилд эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналт, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн...”. Шинэ оны босгон дээр хэлсэн үгнийхээ эхэнд Ерөнхий сайд ийн онцоллоо. Энэ байдлыг сүүлийн үед үүссэн нөхцөл байдал, “Нүүрсний хулгай”-г тойрсон асуудал, иргэдийн жагсаал цуглаан бэлхнээ харуулсан. Тийм ч учраас “Нүүрсний хулгай”-н асуудлын талаар Засгийн газраас анхлан дуугарч, олон нийтийн анхаарлын төвд хүргэсэн нь тодорхой хэмжээний ахиц гаргаад байна. Мөн энэ алдааг давтахгүй, авлига хээл хахуулийн эсрэг тууштай тэмцэнэ гэдгээ ч хэлсэн. Харин Ерөнхий сайдын энэ тэмцэл хэр үр дүнд хүрэх, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх, тэгш боломж бий болгох эсэхийг ард түмэн анхааралтай харж байгааг ч энд дурдах нь учиртай. Учир нь дорвитойхон өөрчлөлт, ахиц гарахгүй бол ирэх өдрүүдийн улс төр хямарч, олон нийтийг хамарсан жагсаал, цуглаан болох эрсдэл бодитоор оршиж байна.
2023 ОН БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙН ЖИЛ БАЙХ БОЛНО
“Цар тахлын оргил үед -4,6 хувиар агшсан эдийн засаг өнөөдөр дөрвөн хувь болж сэргэлээ” гэв. Мэдээж өнгөрсөн жил улсын төсвийн орлого 106 хувийн гүйцэтгэлтэй гарч, экспортын орлого 11 тэрбум ам.доллар болж, цар тахлын өмнөх үетэй ижил хэмжээнд очсон гэдгийг ч хэлсэн. Энэ бүхэнд Засгийн газраас хэрэгжүүлсэн “Боомтын сэргэлт”-ийн ажил, төмөр замуудыг шинээр богино хугацаанд тавьсан нь ч нөлөөлсөн нь гарцаагүй. Ерөнхий сайдын хэлсэн үгнээс чихэнд чимэгтэй бас нэгэн зүйл нь валютын нөөц өссөн явдал байлаа. Өнгөрсөн жилийн гуравдугаар улиралд 2.8 тэрбум болтлоо багасаад байсан валютын нөөц он солигдохын өмнөхөн 3.3 тэрбум болж өсжээ. Энэ нь мэдээж төгрөгийн ханш тогтвортой болох, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа үнийн өсөлт тогтворжих гол хөшүүрэг болно. Учир нь ноднин жилийн есдүгээр сард ОУВС-гийнхан хөтөлбөрт орох тухай санал тавьж, Засгийн газар байдлыг харж, арга хэмжээ аваад эргэж уулзъя гэснийг санах хэрэгтэй. Энэхүү сэргэлтийн үр дүн, ирээдүйн төлөвлөлтөө харсан учраас ч Ерөнхий сайд “2023 он бол эдийн засгийн сэргэлтийн жил байх болно” гэж хэлсэн биз ээ.
БОНДУУДЫН ӨР ТӨЛБӨР
“Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт нэг их наяд төгрөг давж, Монгол Улс “Чингис” бондын нийт хоёр тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж, ирэх онд “Самурай”, “Гэрэгэ” бондын өрийг төлж барагдуулах боломж бүрдлээ” гэв. Хөгжлийн банкны асуудаар ч гэсэн Засгийн газар анх “Шүгэл үлээсэн”. Үүнийхээ үр дүнд УИХ-аар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж чадсан. Мэдээлэл, улс төрд ойрхон хэсэгхэн нөхөд хуваагаад авчихсан Хөгжлийн банкыг энэ Засгийн газар учрыг нь олж эхэлсэн. Төрийн өмчит компаниуд ч энэ зээлд асар их оролцоотой байсныг зарлаж, зарим нэгийг нь олон нийтийн өмчит болгохоор хичээж байна. Олон нийтийн өмчит удирдлага гэдэг бол жинхэнэ Ардчилал билээ. Мэдээж эдийн засаг сэргэх энэ үйл явцад Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, олборлолт чухал үүрэг гүйцэтгэнэ.
НИЙТИЙН ТЭЭВЭР ХИЙГЭЭД НИЙТИЙН АЗ ЖАРГАЛ
“Нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшгийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно” ингэж хэллээ, Ерөнхий сайд маань. Өдөр бүр нийтийн тээврээр зорчдог иргэдийн гомдол тасардаггүй. Өдгөө бол хөлдүүс болсон, хэзээ ч шатаж мэдэх автобусаар зорчиж байгаа нь нууж болохгүй үнэн. Тэгвэл энэ асуудлыг боломжтой хэлбэрээр шийдэхээр 100 автобус орж ирлээ. Энэ нь хотын түгжрэлийг бууруулахад түлхэц болно гэж үзэж байна. Мөн МАН-ын зүгээс дэвшүүлсэн “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бүрдүүлэхэд түлхэц болно.
ЭЛГЭЭРЭЭ ХЭВТСЭН ЭРЧИМ ХҮЧНИЙ СЭРГЭЛТ
“Монгол Улсын эрчим хүч хэцүү байдалд байгаа. 2023 онд Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх эхлэл тавигдана” гэв. Эцэггүй хүүхдийн амьдрал шиг энэ тэндээс эрчим хүч гуйж явахаа болино гэнэ. Эрчим хүчний сайдаар томилогдохдоо Б.Чойжилсүрэн алдарт “Аргална даа” гэдэг үгээ дахиж хэлэхгүй болох нь. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас болоод улс төр дотроо бүү хэл хил дамнаад хагарчихаа шахсанаа Ерөнхий сайд энэ удаад засаж чадлаа. Энэ мэт төрийн том төслүүдийг урагшлуулах нь хаа, хаанаа хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд өчигдөр, өнөөдөр ч хэллээ.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭДИЙН ЗАСАГ
“2023 он Аялал жуулчлалын тухай хууль батлагдсанаар Монгол Улс түүхэндээ хамгийн их жуулчныг хүлээн авсан жил байх болно”. Нэг хэсэг 40 сая жуулчин хүлээн авна гэсэн үгээсээ болж нэлээд баалуулсан Ерөнхий сайд энэ тухай хуулиа батлуулж авч санаа амарлаа. Ноднин соёлын том эвентүүд зохион байгуулсан нь ирэх жилүүдийн жуулчдын тоог өсгөх том алхам болсон. гэвч үйлчилгээний чанараа сайжруулахгүйгээр жуулчдын мөнгийг “саах” боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.
ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ
-“Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно”. Энэ үг дээр нэлээд анхаарал хандуулах нь зүйтэй. Учир нь оны өмнөхөн МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, тогтолцооны өөрчлөлтийг хийх эрхийг Ерөнхий сайдад олгосон. Ер нь түүнээс өмнө Ерөнхий сайдын захирамжаар жижиг намуудын оролцоотой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын хэсэг байгуулсан. Тэгэхээр энэ онд МАН тэргүүтэй улс төрийн намуудаас тогтолцооны өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал орж ирэх нь гарцаагүй болж байх шиг байна.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )