УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар /2023.01.05/ Орхоны хөндийд хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Энэ үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо шинэ хот байгуулах ажлын явцын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрээр "Бид аливаа хот байгуулах гаднын улс орнуудын туршлагыг судалсан. Яг энэ хот байгуулалтын барилга бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө цаасан дээр хот байгуулах, бэлтгэл ажлыг хангах нь үндсэн ажлын 30 хувь нь гэж гаднын улсууд үздэг юм билээ. Сүүлийн үеийн туршлагаар үзэхэд нийтдээ хот байгуулахад 20 орчим жил зарцуулдаг. Бэлтгэл ажил нь 5 орчим жил зарцуулдаг.
Бид Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулах цаасан дээрх бэлтгэл ажлуудыг хийгээд явж байгаа. УИХ-ын тогтоол гарч, Засгийн газарт үүрэг өгөгдөөд шинэ хот байгуулах ажил албан ёсоор үргэлжлээд явна.
Цаашдаа хамгийн түрүүнд бид тухайн байршилд оноогдсон байгаа газрыг Улсын тусгай хэрэгцээнд авна. Ингэсний дагуу ТЭЗҮ боловсруулах, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулаад Засгийн газраас батлуулна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдсаны дараа тухайн хотын концевцтой тааруулаад хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулаад явна.
Бидэнд хот байгуулж байсан туршлага гэвэл хамгийн сүүлд 1980 онд Багануур хотыг байгуулж байсан. Тухайн үед ОХУ-ын дэмжлэгтэйгээр Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийгдээд, хот байгуулалт баригдсан.
Энэ удаа бид өөрсдөө зохион байгуулж байгаа. Бага зэргийн туршлага байгаа гэж болно. 2020 оны тавдугаар сард УИХ-ын тогтоол гаргаад Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах тогтоолын дагуу бид өнгөрсөн 2 жил хагасын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд ажиллахад газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг багтааж зохион байгуулж чадсан. Яг энэ туршлага дээрээ үндэслээд хэлэхэд бид УИХ-ын тогтоол гарвал газрыг Улсын тусгай хэрэгцээнд авах, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, ТЭЗҮ боловсруулах ажлыг энэ хурдаараа явбал хоёр жилийн хугацаанд хийж чадна гэж бодож байна.
Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулсны дараа ТЭЗҮ, санхүүгийн нарийн тоо гарч ирнэ. Түүнд санхүүжилтээ хэрхэн яаж шийдвэрлэхээс эхлээд хот байгуулалтын хурд нь тодорхойлогдоно” гэв.
Сэтгэгдэл ( 2 )
Та нар цаасаан дээр ч хот байгуулж чадахгуй!
daanch ta nat chadaxgyi dee gadnaas zaaval mergejilten avakh xeregtei