УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Сайд нар тангараг өргөлөө

2023 оны 01 сарын 06

Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгов

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2023.01.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох асуудлаар үргэлжилсэн.

Энэ талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлснийг мэдэгдлээ.

Нэр дэвшигч Л. Мөнхбаатар нь 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006-2008 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2015 оноос МУИС-ийн төгсөлтийн дараах докторантад суралцсан. 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна гэв.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад,  хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨХ, ТОМИЛОХ ТУХАЙ  ТАНИЛЦУУЛГЫГ СОНСЛОО

Дараа нь  Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсов.

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлж, шинээр томилох нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдээд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан гэж байлаа.

Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилуулахаар танилцуулсан.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдуудын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлүүдийг харгалзан Эдийн засгийн хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээв.

Тэрбээр 1968 онд Увс аймагт төрсөн, 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байна.

Хүрэлбаатарын Булгантуяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад томилуулахаар танилцуулсан.

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг авто замаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуун сухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээ хүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх, нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзсанаа онцлов.

Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн, 1998 онд 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуулийг эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрийн зэрэгтэй төгссөн. 2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд, зөвлөх, төслийн удирдагч, 2010-2012 онд “Оюу толгой” ХХК-д төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн газрын дарга, 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.

 

Бэгзжавын Мөнхбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Цэрэнпилийн Даваасүрэнг томилуулахаар  танилцуулсан.

Орхоны хөндий болон Хөшгийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг хөгжлийн шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзэж энэхүү томилгоог хийж байна хэмээв.

Тэрбээр 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн, 1983 онд тус аймгийн Мөрөн сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга,  2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

 

Сэрээжавын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Содномын Чинзоригийг томилуулахаар танилцуулав.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд улс төрийн туршлага нь бүрэн нийцнэ  хэмээн үзсэн гэж байлаа.

Тэрбээр 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 1982 онд тус аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн. 1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын Нийгмийн бодлого, хөгжлийн газрын  дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.

Ерөнхий сайдын танилцуулга болон шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдээс  Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Туваан, Ш.Адьшаа, Г.Амартүвшин, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нарт, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэхийн зэрэгцээ нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, нүүрсний хулгай нүүрлэсэн эл салбарт зоримог шийдвэртэй ажиллахыг захиж байлаа. Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, тус салбарын техник тоног төхөөрөмж, боловсон хүчний бодлогод онцгой анхаарах, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн  олгох, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжихэд тодорхой шийдэл гаргаж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байв.

 

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД УЛСЫН ИХ ХУРАЛД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Содномын Чинзоригийг томилсоноо мэдэгдлээ.

Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэж байна гэв.

Түүнчлэн сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллана гэдгээ тэмдэглээд 2023 он цар тахал бүрэн дуусаж, эдийн засаг сэргэсэн жил байх болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.

Дараа нь сайд нар “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.

Үргэлжлүүлэн Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, холбогдох журамд заасны дагуу тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулав. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсэн.

Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсөнтэй холбогдуулж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тангараг өргөсөн гишүүддээ баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө зүтгэж, төрийн хуулийг биелүүлэх ажилд нь өндөр амжилт хүсэв.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (103.57.92.65) 2023 оны 01 сарын 06

Нэг хэсэг хулгайчыг өөр хулгайчуудаар солиод ямар ч нэмэргүй

1  |  0
Зочин(66.181.186.106) 2023 оны 01 сарын 06

Энэ саран ижий яачив сайд блохгүй\n

0  |  0
х(122.201.23.219) 2023 оны 01 сарын 06

Айл гэр болж тоглож байгаа юм шиг санагдчихлаа.

0  |  0
МАН(103.57.94.121) 2023 оны 01 сарын 06

Дух Цэцэгийн хэлдгээр салтаагаан угааж чадахгүй байж сайд болоод ч яахав.10%-н Даваасүрэн арай барих барилгаас маань бас 10% - г нь шаагаад байхгүй байгаа .Энэ нэг хэдэн хөгшин төгцөгнүүд/Тогтохсүрэн.Баттөмөр. Даваасүрэн нар/. Хусран хүүхний хошууг гөөмөн их долоолоо нэртэйгээр нь өмдийг нь шувтлаад бөгсийг нь долооцгоохгүйдээ.

0  |  0
Top