Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг өчигдөр (2023.01.27) Төрийн ордонд зохион байгууллаа.
“Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ, хэлэлцүүлгийн гол зорилго бол улс орон даяар явагдаж байгаа “Зөвлөлдөж шийдье” Зөвлөлдөх санал асуулгад тусгах асуудлыг тодорхойлоход чиглэж байгаа хэмээн юм онцолж байлаа. Мөн өнөөдрийн хэлэлцүүлгээр хүн амын нягтаршил ихтэй томоохон суурин хотууд, нутаг дэвсгэр, засаг захиргааны бие даасан нэгж болоход саад болж буй зүйл, тэрхүү асуудлын гарц шийдэл, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дагалдах хууль, органик хуулиудад ямар нэмэлт, өөрчлөлт оруулж болох талаар төлөвлөх, түүнд тусгах асуудлыг хэлэлцэж нэгдсэн нэг ойлголттой болох зорилготой гэлээ.
Хэлэлцүүлэгт “Дархан-Уул аймаг, Дархан хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, “Монгол Улсын Үндсэн хуульд Хотын статусыг тусгах талаар санал, танилцуулга”-ыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн орон зайн төлөвлөлт шийдлийн зураглал, суурь концевц” сэдвээр Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана, “Дархан хотын нийгэм, эдийн засгийн нөлөөлөл-таталцлын кластер бүс тодорхойлох судалгаа” сэдвээр Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант П.Цэенханд, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулах зарчим, арга зүйн асуудал” сэдвээр Удирдлагын академийн багш Г.Жаргал нар танилцуулга хийж асуулт хариултаар хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгийн үеэр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тухайн бүс нутгийн хүн амын нягтаршил, дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан статусыг өөрчлөх, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж бие даасан шинэ хотын статусыг эрх зүйн хүрээнд бий болгох нь Монгол Улсад тулгамдаад байгаа түгжрэлийг бууруулж төвлөрлийг сааруулах нийгэм эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг оролцогчид илэрхийлж байлаа.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Барилга, хот байгуулалтын яам, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон Шинжлэх Ухааны Академийн төлөөлөл оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )