Авлигачдыг авлах “А” төлөвлөгөө буюу “5Ш” ажиллагаа

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Манай улсад урьд өмнө нь авлигын эсрэг тэмцэх ийм тууштай, цогц төлөвлөгөө байгаагүй учраас ийн нэрлэсэн гэдгээ юуны өмнө өчих нь зөв байх. Учир нь Монгол Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарлав.

Авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажиллагаа, арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт мөн үүрэг болгосон нь шинэ зүйл байлаа. Яахав хөөрхий, өмнө нь манай улс авлигатай тэмцэх хүчин чармайлт бишгүй гаргаж байсан ч тийм дорвитой ажил хэрэг болж чадаагүй. “Тэмцэнэ”, “Таслан зогсооно” гэсэн уриа лоозонтой дарга нар бишгүй байсан ч үнэхээр хүч нь хүрээгүй юу, эсвэл хүсэл нь төрөөгүй юу гэдэг эргэлзээтэй асуудал.

Харин энэ удаагийн төлөвлөгөө нь нэлээд ул суурьтай, судалгаатай байж мэдэхээр байгаа болохоор олон хүн итгэл тавин хүлээж байна. Мэдээж, сүүлийн жилүүдэд манай улсад олон улсын байгууллагуудаас өгдөг гол зөвлөгөө, анхааруулга нь авлигын гэмт хэрэг. Дээр, дооргүй ярьдаг ч авлигын индексээр жил ирэх бүрд ухарсаар байгаа нь олны итгэлийг мохоосоор байгаа билээ. Тиймээс Засгийн газраас дэвшүүлж буй Авлигатай тэмцэх таван ажиллагаа буюу “5Ш”-ыг аль болох ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ.

ШҮГЭЛ АЖИЛЛАГАА

 

Авлигатай хийх тэмцлийн хамгийн чухал нь ч энэ байж мэдэх юм. Учир нь авлигын гэмт хэрэг дандаа бусдын нүднээс далд, бусдаар зуучлуулах хэлбэрээр, цөөхөн оролцогчдын дунд явагддаг. Тиймээс авлигын гэмт хэргийн талаар шүгэл үлээх байдлыг эрчимжүүлэхэд юуны түрүүнд Засгийн газраас анхаарахаар болсон нь энэ. Тиймээс Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар яаралтай батлуулахыг зорьжээ.

Энэ хуулийг баталснаар авлигын гэмт хэргийн талаар олон нийт “Шүгэл үлээх” сэдлийг бий болгож, оролцоог нэмэгдүүлнэ гэж харж болно. Мэдээж гэмт үйлдлийг илчилсэн нөхрийн аюулгүй байдлыг төр бүрэн хариуцаад ирэхээр итгэл төрөх нь дамжиггүй. Олон нийтийн дэмжлэг энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд асар их хэрэгтэй байдгийг олон улсын туршлагууд нотолдог юм. Мөн төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд, хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлд ч онцгой анхаарахаар тусгажээ.

 

ШҮҮР АЖИЛЛАГАА

 

Улс төрд нөлөө бүхий этгээд болон нийтийн албанд ажиллаж байгаа этгээд нь хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй бол “Шүүр”-дүүлэх нь гэж ойлгож болно. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн байна. Ингэхдээ хуулийн хүрээнд, хүний эрхийн зөрчил дутагдал гаргахгүй байхыг ч сануулжээ. Ингэх нь ч зөв. Түүнээс биш төрийн болон, хуулийн нэр бариад хэн дуртайгаа, эсхүл өрсөлдөгчөө намнах байдлаар “Шүүр”-дээд байж болохгүй. Энэ тухай ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр “Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчилдэг” нөхдөөс салах, олон зуун тэрбумын хаус, өчнөөн сая төгрөгийн үнэтэй машинаа нотолж чадахгүй нөхдийг байгаа төрийн болон нийтийн албанаас чөлөөлнө” хэмээн тодорхой хэлсэн.

Дээрээс нь “Улс төрд нөлөө бүхий этгээд” гэдэгт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын болон УИХ-ын гишүүд тэргүүтэй нөлөө бүхий этгээдүүдийг хамруулж ойлгоно гэсэн хуулийн заалт бийг санах хэрэгтэй. Ер нь ч тэгээд одоогийн болон өмнөх жилүүдийн Засгийн газар, УИХ-ын олон гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдлоо гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод сошиал орчноор гарч байсан. Харамсалтай нь чухам яасан нь мэдэгдэхгүй тэгсгээд замхардаг. Харин тэгвэл эдгээр нөхөд нь ямар хэмжээний орлоготой, хэдий хэр зарлагатай гэдэг нь тодорхой, орлогоо нотолж чадахгүй бол асуудал үүсэх аж.

 

ШУВУУ АЖИЛЛАГАА

 

Нэрээсээ эхлээд олон нийтийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нь энэ зүйл. Тэгвэл энэ ажиллагаагаар авлига, албан тушаалын гэмт хэргээ шалгуулалгүйгээр оргон зайлсан, зугтсан, гадаад оронд байгаа, төрийн албан тушаалтнаар ажиллаж байсан нөхдийг нутагт нь буцаан авч ирж, гэм буруутай эсэхийг нь тогтоох ажиллагаа юм. Ингэхийн тулд эрх зүйн тусламжаар харилцан туслан гэрээ болон олон улсын цагдаагийн хамтын ажиллагааг ашиглах аж. Үүнд Гадаад харилцааны болон Хууль зүй, дотоод хэргийн яам нэлээд өндөр оролцоотой ажиллаж таарна.

Олон нийтийн мэдэж байгаагаар Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан, Улаанбаатар хотын менежер асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нар өдгөө гадаад улсад бий. Шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй бол хэнийг ч гэм буруутай гэж үзэж болохгүй нь мэдээж. Гэсэн хэдий ч энэ ажиллагаа сайтар хэрэгжүүлж, эдгээр нөхдийг улс орондоо авч ирээд шударга шүүхээр хэргийг нь эцэслэж, үнэн мөнийг олох хэрэгтэй. Тэгж байж л дараа, дараагийн тохиолдолд асуудал үүсэнгүүт эх орноосоо оргон зайлдаг, гэнэт бие нь муудаж эмчлүүлэхээр явдаг байдал арилж, хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн зүйл заалт хэлбэрлэлтгүй хэрэгжиж эхэлнэ.  

 

ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА

 

Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах ажлыг ийн нэрлэж байгаа аж. Ингэхийн тулд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Үүний тулд эрх зүйн орчныг бүрдүүлэх, хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт танилцуулах үүргийг ч ХЗДХЯ-нд өгсөн байна.

АТГ-аас сүүлийн жилүүдэд нийтдээ 2.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэх бэлэн мөнгө, хөрөнгийг улсын орлого болгож, битүүмжилсэн гэсэн мэдээлэл саяхан гарч байлаа. Харин энэ мэт гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны үед хураагдсан хөрөнгийг бүгдийг нь улсын төсөвт төвлөрүүлэх үү, эсвэл шаардлагатай салбарт нь зарцуулах уу гэдгийг тодорхой болгох юм байна. 

 

ШИЛЭН АЖИЛЛАГАА

 

Төрийн өмчит бүх компанийн засаглалыг оны эхний хагаст багтаан энэ ажиллагааны хүрээнд сайжруулж, солино. Засгийн газраас УИХ-д Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийг өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн. Харин энэ хуулийг яаралтай горимоор батлуулсны дараагаар бүхий л компаниудыг удирдлагыг зөвхөн нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох юм байна. Мөн зарим төрийн өмчит компаниуд дээр гадаадын менежментийн багыг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгохоор шийдсэн байна. Ингэснээр эдгээр компаниудын үйл ажиллагаа бүгд шилэн болох аж.

Үүнээс гадна Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх ажлыг үүний хүрээнд хийхээр болжээ.

Энэхүү “5Ш” ажиллагаа нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгааг Засгийн газрын зүгээс тодотгож байгаа. Мөн хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж үзжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Би(103.26.193.34) 2023 оны 04 сарын 05

Албан тушаалын тодорхойлолтоо тохирохгүй, мэргэжлийн биш хүн эрүүл мэндийн салбарт ажиллах нь зөв үү.

0  |  0
зочин (202.9.46.151) 2023 оны 03 сарын 03

Оросын ”Невский”” гэдэг кино дээр гардаг шиг ”Архитектор” ажиллуулчихгүй юу даа..............тэгээд авилгалчид дуусна...

1  |  0
Top