Засгийн газар 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаад байна. Монголын нийгмийн эд эс бүхэнд нэвчсэн авлигатай тэмцэнэ гэдэг бол хэдхэн хүн хоорондын асуудал биш, бүхэл бүтэн системтэй тэмцэж буй явдал учраас үнэндээ амаргүй. Тийм ч учраас улс орны хөгжлийг, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах бүхий л боломжуудыг шат шатанд нь хумьсан авлигын гинжийг таслах Засгийн зорилт хэн бүхнээс оролцоо шаардана гэдгийг тодотгох нь зүйтэй болов уу.
Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаараа Авлигатай тэмцэх ажлыг хэрэгжүүлэх санал, дүгнэлт боловсруулах шинэ Ажлын хэсэг байгуулсан. Түүнчлэн энэ долоо хоногийн хуралдаанаараа, Авлигатай тэмцэх таван ажиллагааг танилцууллаа.
Таван "Ш" ажиллагааг тодотгоход:
Шүгэл ажиллагаа
Шүүр ажиллагаа
Шувуу ажиллагаа
Шилжүүлэн авах ажиллагаа
Шил ажиллагаа
Уг ажиллагаанууд нь цаг үеийн нөхцөл байдал, иргэд, олон нийтээс тавьж байгаа санал, шаардлагыг шуурхай шийдвэрлэхэд чиглэж байгаагаас гадна хамтран ажиллагсад, найз нөхдөө өмгөөлж хэн нь хэндээ хариуцлага тооцож чадахгүй явж ирсэн буруу тогтолцоог халах, төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөөсөө эхлэн ёс зүйгээр манлайлах жишгийг тогтоох эерэг үр нөлөөг үзүүлнэ гэж Засгийн газраас тодотгосон.
Сануулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ "Миний бие өнгөрсөн долдугаар сард “Авлигатай тэмцэнэ гэдэг бол бид өөрөө өөрсөдтэйгээ, мөн намынхаа журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг” гэж хэлж байсныг санаж байгаа биз ээ.
Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаагүй. Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно.
Энэ агуулгаараа Уул уурхайн биржийн хууль, Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн болгох багц хууль, Баялгийн сангийн тухай хууль, Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хууль зэргийг Монгол Улсын Засгийн газраас ойрын өдрүүдэд Улсын Их Хуралд өргөн барьж, хэлэлцүүлэх болно" гэсэн юм.
Засгийн тэргүүний тодотгосон дээрх хуулиудаас Уул уурхайн биржийн хууль батлагдаад буй. Түүнчлэн онц их хэмжээний авлига, хулгай дагуулсан нүүрсний худалдааг цахимаар зохион байгуулж эхлээд байна. Цаашлаад авлигыг халахад чиглэсэн, үр дүн дагуулах бусад хуулиуд ч гараанаас гарах биз ээ. Мөн эхэнд хэлсэнчлэн авлигын эсрэг тэмцэл иргэн бүрт хамаатай. Төр засгийн зүгээс авлига цэцэглэж буй орчныг хумьсан бодлого, шийдвэрүүд гаргаж буйн нөгөө талд шат шатандаа авлигаас татгалзах шаардлагатай юм.
Сэтгэгдэл ( 2 )
unen bolob uu
Sain baina