Орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компанид Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч/БЭТ/-өөр томилогдон ажиллаж буй ХЗДХ-ийн яамны ТНБД П.Сайнзоригийн “ТВ-8” телевизэд өгсөн ярилцлагыг буулган хүргэж байна.
-Засгийн газраас өөрийг тань орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д БЭТ-өөр томилоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Хамгийн гол тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?
-Засгийн газраас нягталж шалгах, олон нийтийн эргэлзээг тайлах, үүсээд буй нөхцөл байдлыг тодорхой болгох үүднээс тус компанид БЭТ томилсон гэж хувьдаа ойлгож байгаа. Хэд, хэдэн чиглэл байгаа. Өнгөрсөн хугацаанд нүүрсний гэх тодотголтой маш олон хууль бус үйл ажиллагаа явагдсан байж болзошгүй тодорхой мэдээллүүд ирсэн байдаг. Энэ хүрээнд нүүрс олборлогч томоохон аж ахуйн нэгж болох Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийг шалгах үндсэн функцийн дагуу миний бие тус компанид томилогдон ажиллаж байна. Сар гаруй хугацаа өнгөрлөө. Цаг хугацааны хувьд байгууллагын оны төгсгөл болон тайлан баланс гарч, мөн 2023 оны бизнес төлөвлөгөөний тал дээр төвлөрч ажилласан. Энэ хугацаанд нүүрсний зах зээл дээрх Засгийн газрын бодлого өөрчлөгдсөн. Нүүрсийг экспортод ам нөхцөлөөр бус хилийн ханшаар зарах болсонтой холбогдоод тухайн компанийн хувьд тодорхой сорилтуудтай тулгарсан. Мэдээж гол ажил нь эргэлзээтэй асуудлуудыг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж, тодорхойгүй зүйлийг нэг мөр шийдэхэд чиглэгдэж байна.
Одоогийн байдлаар тус компанийн үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн хэрэг үүссэн, холбогдох хүмүүсийг нь шалгаж байгаа. Компанитай холбоотой хэд, хэдэн ноцтой мэдээллүүд явдаг. Тодруулбал, 379 мянган тонн нүүрсний асуудал, 340 мянган тонн нүүрсний хэрэг гэх мэтийг хэлж болно. Өнгөрсөн хугацаанд энэ хэмжээний нүүрс хулгайлагдаад хил гарчихсан юм биш биз гэсэн иргэдийн дунд эргэлзээ үүссэн. Энэ болгон дээр цагдаа болон АТГ-ын ажлын хэсэг ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. Компанийн зүгээс бүхий л талаар хамтарч мэдээллүүддээ өгч байна. Нэг зүйл тодорхой болсон. Тэр нь хоёр “Тавантолгой” бие биенийхээ талбай руу нэвтэрч, орон нутгийн “Тавантолгой” ХК нь “Эрдэнэс тавантолгой”-н талбайгаас нүүрс авснаа хүлээн зөвшөөрсөн юм билээ. Үүнийг нь зөвшөөрөөд тодорхой акт үйлдээд нүүрсийг нүүрсээр нөхөх үйл ажиллагаа явж байсан. Хоёр компанийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байсан. Ингээд 70 гаруй мянган тонн нүүрс өгсний дараа зогссон юм билээ. Харин үлдсэн төлбөр тооцоог нүүрсээр бус бэлэн мөнгөөр төлж дуусгах саналыг миний бие БЭТ-ийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-д тавьсан. Түүний дагуу төлбөр тооцоог ч дуусгасан. Гэхдээ энэ асуудал төлбөр төлснөөр дуусахгүй. БЭТ-ийн хувьд дахиад нягталж шалгах зүйлс гарч ирнэ. Өөрөөр хэлбэл, 340 мянган тонн нүүрсний мөнгө “Тавантолгой” хувьцаат компанид орсон эсэхийг нягталж, ороогүй байвал буруутай этгээдээс нэхэмжлэх үйл ажиллагаа цаашдаа үргэлжлээд явна.
-Уурхайгаас ачигдсан гэж байна. Тэгэхээр тэр нүүрс хаачсан гэсэн үг үү?
-Хууль хяналтын байгууллага шалгасан. Хоёр компанийн талаас ч ажлын хэсэг гарсан. Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компани “Эрдэнэс тавантолгойн” талбайгаас тодорхой хэмжээний нүүрс ачсан. Тодруулбал, 201 мянган тонн эрчим хүчний, үлдэгдэл 220 мянган тонн нь коксжих нүүрс байхаар “Тавантолгой” хувьцаат компани “Эрдэнэс тавантолгой”-той тохиролцож, авч байсан. “Тавантолгой” ХК-ийн хувьд тухайн бүс нутгийнхаа уурын зуух, иргэдийн хэрэглээг хангахаас гадна, нүүрс угаах үйлдвэрүүдэд дотоодын борлуулалт хийдэг компани байгаа. Мэдээж нүүрсээ экспортод л гаргаж байгаа.
-Таны ярианаас 340 мянган тонн нүүрс экспортонд гарчихсан байгаа гэж ойлголоо. Зөв үү?
-Үүнийг хууль хяналтын байгууллагууд эцэслэн шийднэ. Ер нь бол уурхайгаас ачигдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” хувьцаат компани өнгөрсөн хугацаанд уурхайн амнаас нүүрс ачуулаад бусад нь худалдан авагчийн хариуцлага болоод явдаг зарчмаар нүүрсээ борлуулж байсан.
-Энэ 340 мянган тонн нүүрсний мөнгө “Тавантолгой” хувьцаат компанийн дансанд орсон уу гэдгийг нягтална. Хэрвээ ороогүй бол буруутай этгээдтэй хариуцлага тооцно гэж байна. Буруутай этгээд нь хэн бэ?
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа болохоор энэ талаар ярих боломжгүй. Ямар этгээд, ямар тээврийн компани орж ачсан бэ гэдэг мэдээлэл мэдээж компани дээр байгаа. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа бид тодорхой иргэний нэхэмжлэл гаргана.
-Ямар компаниуд ачсан бэ. Нэрийг нь та хэлээч?
-“Тавантолгой” ХК-тай эрх ашгийн холбоотой цөөн тооны компани байсан. Үүнийг нуугаад яахав. “Тавантолгой транс” компани, “Эрдэнэхайрхан Цэций” зэрэг компани яригддаг. Үүнийг хууль хяналтын байгууллага л эцэслэн шийднэ.
-340 мянган тонн нүүрсийг шатсан гэж тайлбарладаг. Үнэхээр тийм шатсан зүйл байсан уу?
-Нүүрсний уурхай дээр тодорхой хэмжээний шаталт явагддаг. Энэ бол зүй ёсны хорогдол. Гэхдээ 340 мянган тонноороо шатаад алга болсон зүйл бол байхгүй юм билээ.
-УИХ-ын гшүүн асан Б.Энхболд гишүүн байхдаа энэ талаар шүгэл үлээж, тухайн үедээ гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Р.Сэддорж гэдэг хүнээс асуухад шатсан гэж хэлсэн гэдэг юм билээ?
-Энэ бол багагүй хэмжээний нүүрс. “Тавантолгой” ХК жилдээ 2.5 тонн нүүрс л олборлодог. Үүнийг бодоод үзэхээр 340 мянган тонн нүүрс гэдэг бага нүүрс биш шүү дээ. “Тавантолгой” хувьцаат компани орон нутгийн өмчит бирж дээр бүртгэлтэй, цөөнгүй хувьцаа эзэмшигчтэй. Иймээс БЭТ-ийн хувьд орон нутагтайгаа ойлголцох, хувьцаа эзэмшигчидтэйгээ ойлголцох шаардлага үүсэж байна. Миний хувьд үйл ажиллагааны тайлан, бизнес төлөвлөгөө зэргээ яг л компанийн засаглалын дагуу ном ёсоор нь ТУЗ-өөр нь ороод хэлэлцүүлээд явж байна.
-340 мянган тонн нүүрсний мөнгө компанийн дансанд орж уу, үгүй юу гэдгийг тийм их шалгаад удаад байх зүйлгүй биз дээ. Дансны хуулгаар нь хараад л хяначихаж болдоггүй юм уу?
-Шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагууд тайлан мэдээнүүд дээр нь тодорхой засварууд байгаа эсэхийг ч хянаж байна. Эргэлзээтэй тодорхойгүй зүйлүүд байна. Өнгөрсөн цаг хугацаанд миний ажигласан зүйл бол тус компани дээр тодорхой хэмжээний санхүүгийн сахилга бат болон бусад зүйл стандартын дагуу явагддаггүй байсан нь одоо харагдаж байгаа юм. Товчхон дүгнэлт л дээ.
-Та бол ХЗДХЯ-ны ТНБД хүн. Танаас БЭТ-ийн хувьд бус хуульч хүнийх нь хувьд асууя. Хүний юмыг хэлэхгүй авчихаад баригдангуутаа “Уучлаарай төлчихье” гэвэл хулгай мөн үү?
-Баригдангуутаа төлчихье гээд байгаа зүйл биш. Одоогоор “Тавантолгой” ХК “Эрдэнэс тавантолгой”-н хохирлыг барагдуулчихаад байгаа. Гагцхүү 340 мянган тонн нүүрсний мөнгө “Тавантолгой” ХК-д орсон уу гэдэг нь л асуудал. Энэ утгаараа “Тавантолгой” ХК, Эрдэнэс тавантолгойгоос нүүрс хулгайлсан гэхээс илүү өөр зохион байгуулалттай зүйл байна уу гэж харж байгаа. Үүнийг шалгах л ёстой. Энэ компанийн нэрийг барьж, өөр хүмүүс хулгай хийсэн юм биш биз дээ. Өөрөөр хэлбэл, “Тавантолгой” хувьцаат компани өөрөө хохирогч болох вий гэдэг дээр санаа зовж байна.
ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕОГООР ҮЗЭХ
-Тавантолгой транс, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ орон нутгийн Тавантолгой ХК-д нөлөө бүхий хувьцаа эзэмшиж байгаа. Нөгөө талдаа буюу орон нутгийн 51 хувьд нь ч Д.Бат-Эрдэнийн хүмүүс сууж байгаа. Энэ зөв үү?
-Таны асууж байгаа логик зөв. Харин хариултыг би өгөх зохисгүй. Төрд ажиллаж байгаа хүний хувьд санаа зовж байна, ичиж байна. Бид бизнесийг бизнесийн зарчмаар явуулж чадаагүй. Тэнд нь төр засгийнхан, улстөрчид нь хутгалдаж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хуулийг өргөн барьсан. Тус хуулиар Орон нутгийн өмчит компани гэж ямар засаглалтай, ямар шаардлагыг хангасан хүмүүс ажиллах вэ. Улстөрчид ажиллах юмуу. Хамаарал бүхий этгээд ажиллах уу гэдгийг тодорхой болгох ёстой. Тэгэхээр дээрх камбараагүй байдлыг хаасан төслийг л бид өргөн бариад байгаа юм.
Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК дээр улс төрд сонгогдсон хүмүүс нь ТУЗ-даа орчихдог. Мэдээж улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад таны яриад байгаа хүнтэй нэг намын хүн компанийн удирдлагад байсан байна. МАН талаасаа ч байсан юм билээ. Өмнөговийн ИТХ-д сонгогдсон этгээдүүд ТУЗ-д нь ажилладаг. Энэ бол буруу жишиг. Одоо “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль” батлагдах ёстой. Гэхдээ наана нь шийдье гэвэл бололцоонууд байгаа. Би Засгийн газрын БЭТ-ийн хувьд ажлаа тайлагнах байх. Түүн дээр засаглалын асуудлыг сайжруулах хэрэгтэй. Засаглал гэдэг нь улс төрд сонгогдсон гишүүд орох бус тэрхүү 51 хувьд бизнес хийх чадвартай, хариуцлагатай тийм менежерүүдийг ажиллуулах ёстой. Ашиггүй ажиллуулбал чөлөөлөх, ашигтай ажиллуулбал урамшууллыг нь олгодог бизнесийн зарчмыг л баримтлах хэрэгтэй.
-“Тавантолгой” ХК дээр урьд нь хэд, хэдэн ажлын хэсэг гарч шалгаж л байсан юм билээ. Арга хэмжээ яагаад авч чаддагүй юм бэ?
-Шалгалтын мөрийг гүйцээж арга хэмжээ авч байгаагүй. Засаглалын олон алдааг ч гаргаж тавьж байсан юм билээ. Гол нь төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн цоорхойг арилгах хэрэгтэй байна. Орон нутгийн өмч гэдэг бол төрийн өмчийн нэг хэсэг. Улс төрөөс үл хамаарч бизнесийн зарчмаа баримталж ажиллах байсан. Тийм учраас л одоо шалгаж байна. Үе,үеийн ТУЗ-ийн гишүүдийг ч шалгаж байгаа юм билээ.
-Тухайн цаг үед энэ хэргийг прокурор дээр хэрэгсэхгүй болгож байсан юм билээ. Энэ тал дээр та хэр мэдээлэлтэй байна?
-Мэдээж шалгалтын ажиллагаа явуулсан юм билээ. Би тэнд гаргасан шийдвэрийг энд ярих эрх зүйн субьект биш. Ямартай ч Засгийн газрын энэ удаагийн шийдвэр нь тухайн хэргийг сэргээн шалгаж байгаа гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч гэсэн гэмт хэгийн замаар олсон хөрөнгийг хураах ёстой. Энэ бол угаасаа олон улсын зарчим.
-Танд дарамт шахалт ирж байна уу?
-Байгаа. Нэгэнт л төрийн ажлыг хийж байгаа хүн үүний ард гарах ёстой. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор айж ичээд байх зүйл алга.
-Аюулгүй байдлыг чинь яаж хангаж байна?
-Би өөрөө л хангаж байна. Ноцтой байдлаар заналхийлж дарамталбал, цагдаагийн байгууллагаар шалгуулья гэж бодож байгаа. Янз янзын дугаар хаягнаас заналхийлэл ирэх тохиолдол хэд, хэдэн удаа гарсан.
С.БАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )