Одоогоос яг гурван жилийн өмнөх яг энэ өдөр Монгол дахь Японы Элчин сайдын яамнаас “JENESYS-2020” хөтөлбөрт оролцож, Япон Улсад аялах боломж тохиолдох нь хэмээн баярлаж суув.
Харамсалтай нь, дэлхий дахиныг хамарсан Коронавируст цар тахлын улмаас тус хөтөлбөр зогсож, нэгэнтээ гурван хаврыг үдсэн тул миний азтай завшаан талаар өнгөрсөн мэт санагдаж байлаа. Харин Япон Улсын Элчин сайдын яамнаас эргэн нэхэж, “JENESYS-2022” хөтөлбөрт оролцож, Японы эдийн засаг, нийгэм, түүх, соёл, улс төр, дипломат харилцааны талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх хөтөлбөрт хамрагдахыг санал болгож, бидний аялал энэ хүрээд эхлэх болсон юм.
Эндээс хамгийн түрүүнд ойлгосон зүйл бол хэн ч хэзээ ч хэлсэн байж болно. Гэхдээ хэлсэн үг, амласан амлалтандаа заавал хүрэх ёстой гэдгийг ухаж ойлгожээ.
JENESYS хөтөлбөрийн гол зорилго бол Япон, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бэхжүүлэх, Япон улсын нийгэм, эдийн засаг, түүх соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хоёр улсын залуус хоорондоо харилцаж, бие биенээсээ суралцах, нэгнээ дэмжих зэрэгт чиглэж байгаа юм. Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас оюутан сурагчид,сэтгүүлчид, спортын зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй баг 2023.03.07-ны өглөөний 08:00 цагт Япон улсыг зорив. Онгоцонд суусан залуус өөр хоорондоо ярилцаж, зарим нь унтаж, хэсэг нь ном уншсаар 4 цаг гаруй ниссэний эцэст Нарита олон улсын нисэх онгоцны буудалд ийнхүү газардлаа.
50 хүнийг дотор нь Соёл /цэнхэр/, Спорт /улаан/, IT /ногоон/ гэсэн гурван багт хувааж, тус өнгөнүүдээр ялгагдсан нэрийн зүүлт зүүлгэсэн бөгөөд чиглэл, чиглэлийн дагуу тусгай хөтөлбөрт хамрагдах учраас ийнхүү хуваарилсан аж.
Миний хувьд Спортын багт багтсан ба жүдо, хөлбөмбөг, туялзуур сэлэм, снөүвборд зэрэг Монголынхоо нэрийг спортын салбарт цуурайтуулан яваа 15 хүүхэдтэй нэг баг болон аялалаа цааш үргэлжлүүлэхээр болов. Биднийг нисэх онгоцны буудал дээр буухад баг тус бүрийг Монгол, Япон гэсэн хоёр багш угтан авч, баг багаараа автобусанд тусдаа сууж, хөтөлбөрийн талаарх товч танилцуулга хийхээр “Белмонт” зочид буудалд авчирлаа.
Тус Улсын гадаад харилцааны яамнаас “JENESYS 2022” хөтөлбөрийн талаарх танилцуулга болон Японд долоо хоногийн турш аялах хуваарь, ямар газраар орох зэргийг танилцуулгийг хийгээд, үргэлжлүүлэн автобусандаа сууж, 5 хоногийн турш байрлах “Tokyo Prince Hotel” гэх буудалд ирснээр энэ өдрийн хөтөлбөр өндөрлөсөн юм.
Хэд хоногийн турш бидний гэрийг түр орлох буудал 333 метрийн өндөртэй Токио тауэрыг яг хажуунаас тольдон харагдах орчинг бүрдүүлсэн тийм л газар байршилтай гэхээр тохь тухийн тухайд энд дурьдах нь илүүц биз ээ.
Та хэзээ нэгэн цагт Япончууд бол цаг баримтлах тал дээр үнэхэээр “яс” гэж сонсож байсан уу? Яг тэр хатуу үнэнтэй Токиод сэрсэн анхны өдрөөсөө эхлэн нүүр тулсан. Японы цаг манай улсын цагаас нэг цагаар түрүүлдэг бөгөөд өглөө 8:00 цагт гэсэн бол манай цагаар 7:00-д цуглаж байгаа гэсэн үг. Тийм учраас өглөө босч өөрийгөө бэлдэх, цайндаа орох гээд цагаа эмх цэгцтэй хувиарлахгүй бол тэд хоцорсон хүнийг тийм л цагийн менежмэнтгүй, залхуу хүн гэж хүлээж авах магадлал маш өндөр. Тэдний хувьд цаг барих бол хамгийн эхний хувь хүний ухамсарын асуудал. Бусдын цагийг хийгээд өөрийнхөө цагийг хүндэлнэ гэдэг зарчимтай юм билээ.
Бидний энэ өглөөний очих газар бол Японы биеийн тамирын дээд сургууль бөгөөд гадаад, дотоодын гээд 7700 оюутан, 100 гаруй багш, ажилчид гээд Токиодоо нэгдүгээрт бичигдэх Тамирын дээд сургууль юм. Биднийг очиход сургуультайгаа танилцуулахаар дөрвөн оюутан, захиралын хамт угтаж авч, анги танхим бүрээ нэг бүрчлэн танилцуулж, спорт заалныхаа давуу талуудыг үзүүлэв. Тус сургуулиас спортын салбарын тив дэлхийн олон алдартнууд төрөн гарсан бөгөөд алдартнуудын зургаа ханаа дүүргэн бахархалтайгаар өлгөжээ.
Тамирын дээд сургуулийн дурьдахгүй байхын аргагүй онцлог гэвэл тамирчин тус бүртээ сэтгэл зүйч тулж ажилладаг, мэргэжлийн сэтгэл зүйч давхар бэлтгэдэг, дээрээс нь нэг давхартаа эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг байна. Ингэснээр оюутан, тамирчид зөвхөн хичээл, бэлтгэлдээ анхаарлаа хандуулж, амжилтаа ахиулахад чухал үүрэгтэй гэдгээрээ онцлог.
Энд зөвхөн Спортын багийн аяласан газруудыг дурьдаж байгаа бөгөөд Монголоос хөдөлсөн 50 хүний баг бүрэлдэхүүнүүд үдээс хойш хамтдаа Гадаад харилцааны дээд сургууль, JICA буюу Японы засгийн газрын хөгжлийн тусламж, Дижитал улс болохыг зорьж буй Монголд үзүүлэх хувийн хэвшлийн дэмжлэгийн тухай, Японы шинжлэх ухаан ирээдүйн музей, Мүүмин парк, Асакуса буюу Японы эртний худалдааны гудамж, өвөрмөц сүм хийдийг үзэж сонирхсон билээ.
Дараагийн зогсоол бол Сумогийн музей. Монгол хүмүүс Арлын Япон гэхээр л андахгүй мэддэг, сонирхдог болсон шалтгаануудын нэг бол яах аргагүй сумо бөх гэхэд хол зөрөхгүй л болов уу. Үүдээр нь ороход Арлын орныг доргиосон Монгол сумочдын хөрөг харагдана. Тэр дундаа Хакүхо М.Даваажаргал аваргын өсвөр насны монгол бөхийн өмсгөлтэй зураг, 2001 онд Японы мэргэжлийн сумод анх барилдаж байсан үеийн зураг, мөн аав, ээжийнх нь зураг хадгалагдан үлдсэн нь бахархам сэтгэл төрүүлнэ. Музейн тайлбарлагч биднийг элгэмсүү хүлээн авсан нь Хакүхог дэмждэг бөгөөд монгол хүн гэхээр л бахархах сэтгэл төрөн хүндэлдэг гэсэн юм.
Үргэлжлэл бий...
Сэтгэгдэл ( 0 )