Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдрийн (2023.03.28) хуралдаанаараа Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон хуулийн төслүүдийг хэлэлцэн, эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааны талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож, хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх Байнгын хорооны ажлын хэсгийн тайлантай танилцлаа.
Хуулийн төслийг дэмжив
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, А.Адьяасүрэн, П.Анужин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ч.Ундрам нар санаачилж 2022 оны наймдугаар сарын 19-нд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эдийн засгийн хувьд чадавхжуулах нь бизнесийн орчныг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар сайжрах, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах гэх зэрэг нийгмийн олон асуудлуудыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болохыг онцолж, эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоо нэмэгдэх нь хүн амын өсөлт, улс орны ирээдүйн хөгжилд онцгой чухал үүрэгтэйг тэмдэглэв. Тэрбээр, эмэгтэйчүүдийг алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенцын 11-дүгээр зүйлээр олон улсын өмнө хүлээсэн “эрэгтэй, эмэгтэйчүүдэд ажлын хувьд тэгш хандах, ажлын чанарыг адил үнэлүүлэх, банкны зээл авах, үл хөдлөх хөрөнгө барьцаалах болон бусад хэлбэрээр санхүүгийн зээл авах эрхээр хангах тухай” үүргээ манай улс биелүүлэх шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан. Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан хүн амын бүлэг бүрийн онцлогт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан эмэгтэйчүүдэд нийгмийн амьдралын бүх хүрээнд үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах, тэгш боломжоор хангагдах боломж бүрдүүлэх зорилтуудыг хангахад энэ хуулийг зорилго чиглэж буй юм гэлээ.
Хуулийн ач холбогдлын талаар тэрбээр, хүйсээр ангилсан нэгдсэн мэдээллийн сан бий болж түүнд суурилсан бодлого хөтөлбөр хэрэгжинэ. Бодлого хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийх замаар санхүүгийн хөшүүргүүд зорилтот бүлэгтээ хүрнэ. Олон улсын санхүүгийн төрөлжсөн үйлчилгээнүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчид хамрагдах боломж бүрдэнэ. Банк санхүүгийн байгууллагууд эмэгтэй бизнес эрхлэгчдэд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх хөшүүрэг болно гэх мэтчилэн дурдаад, жендерийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлт хэрэгжиж, ижил төрлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хоршоолон хамтарч ажиллах боломжууд нэмэгдэнэ гэсэн юм.
Түүний танилцуулснаар дэлхийн 35 орон “Эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ” гэдгийг тодорхойлсон хуультай байдаг бол манай улсад бизнес эрхлэгч эмэгтэйтэй холбоотой ангилал, тодорхойлолт болон тэднийг төр болон хувийн хэвшлийн зүгээс дэмжих чиглэлийг тодорхойлсон, бодлогын түвшинд шийдвэр гаргахад оролцоог хангах талаарх нарийвчилсан эрх зүйн зохицуулалт батлагдаагүй өдий хүрчээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Б.Бейсэн, С.Чинзориг, Б.Жаргалмаа, Ж.Чинбүрэн, Ц.Идэрбат, Ц.Туваан нар асуулт асуув. Гишүүд, Ковид-19 цар тахлын үед хэрэгжсэн 10 их наяд төгрөгийн болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр, түүнчлэн Засгийн газрын бусад төсөл, хөтөлбөрт эмэгтэйчүүд хэрхэн хамрагдаж байгаа, мөн Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөлд Үндсэн хууль болон Жентерийн тэгш байдлын тухай хуульд заасан хүнийг үл ялгаварлах тухай заалтуудыг зөрчиж байгаа эсэх, нийт эмэгтэйчүүдийн бус зөвхөн аж ахуй эрхэлдэг хэсгийн тухай хууль гаргах нь зохимжтой эсэх, мөн албан бус сектор, мал аж ахуй газар тариалангийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг хэрхэн хамруулах зэрэг өргөн хүрээний асуудлуудаар асуулт тавьж байлаа. Мөн, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог, банкнаас зээл авахад шаардагддаг барьцаа хөрөнгийн дутагдалтай байдлыг шийдвэрлэх, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Засгийн газрын болон олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх зээлийн хөтөлбөрүүдэд хамрагдах эмэгтэйчүүдийн квотыг зааж өгөх, дагалдан гарах хуулиудыг бүрэн гүйцэт, иж бүрнээр боловсруулах зэрэг асуудлуудаар саналаа хэлж, хуульд заасан давуу байдал, дэмжлэгт хамрагдах зорилгоор бүх компаниуд маань эмэгтэй захиралтай болох зохиомол нөхцөл үүсэхээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.
Хуулийн төсөлд, зөвхөн эмэгтэй бизнес эрхлэгчийг илүү дэмжих, тэдэнд давуу тал олгох асуудал огт байхгүй хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл гишүүдийн асуултанд хариулахдаа онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын эвлэлдэн нэгдсэн олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийг хангах зорилготойг дахин дурдаад, Азийн хөгжлийн банкны судалгаагаар, улс орон эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлснээр нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 16.1 хувиар нэмэгдсэн гэсэн үр дүн гарч буйг жишээлэв. Мөн тэрбээр, хуулийн хамрах хүрээг бизнес эрхлэлт гэх хэмжээгээр хязгаарлахгүй бөгөөд хуулийн үйлчлэлд бүх эмэгтэйчүүд хамрагдана гэсэн юм.
Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн зээлийн хөтөлбөрт 2019 онд нийт хамрагдагсадын 234 буюу 52 хувь, 2020 онд 107 буюу 43 хувь, 2022 онд 74 буюу 47 хувь нь эмэгтэй бизнес эрхлэгч, эмэгтэй захиралтай аж ахуй эрхлэгчид байсныг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан танилцуулсан юм. Тэрбээр, томоохон аж ахуйн нэгжүүдэд эмэгтэй бизнес эрхлэгчдийн оролцоо бага байдаг бол жижиг, дунд бизнес эрхлэгчдийн ихэнх хувь нь эмэгтэйчүүд, эмэгтэй захиралтай аж ахуйн нэгжүүд байна. Зээлийн эргэн төлөлтийн үзүүлэлтээс дүгнээд үзэхэд эмэгтэй бизнес эрхлэгчид харьцангуй хариуцлагатай, зээлээ зориулалтын дагуу зарцуулж, үйл ажиллагаа явуулахдаа ч илүү үр ашигтай ажилладаг нь харагддаг. Өнөөдрийн байдлаар Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн чанаргүй зээлийн 30 хувь нь эмэгтэй, 70 хувь нь эрэгтэй зээлдэгчдэд хамаарч байна гэсэн юм.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2022 онд Аж ахуй эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 21.3 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл, дэмжлэгийг 11.8 мянган иргэнд олгосны 55 хувь нь эмэгтэйчүүд байсан талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар танилцуулав. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухайлсан хөтөлбөрт 2021-2022 онд хэрэгжүүлж байгааг тэрбээр дурдаад, үүнд нийт 3482 эмэгтэй хамрагдаад байна гэв. Дэлхийн банкны одоо эх үүсвэртэй арилжааны банкаар дамжуулж 4.4-8.8 хувийн хүүтэй олгох зээлийн хөтөлбөрт 1439 иргэн хамрагсаны 52.2 хувь нь бизнес эрхлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүд байжээ.
Жендерийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өмнө тулгамдаж байгаа жендерийн асуудлыг тэгш хангахын тулд тодорхой урамшууллын буюу хөшүүргийн дэмжлэг хэрэглэж болох хуулийн зохицуулалт байдаг бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан ялгаварлан гадуурхахыг хориглох тухай заалттай зөрчилдөхгүй. Энэ эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлж байгаа жишээ бол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд заасан квот юм гэсэн тайлбарыг гишүүдийн асуултад өгөв. Мөн Ажлын хэсгийн гишүүн, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми компани, нөхөрлөл, хоршоо зэрэг аж ахуйн бүхий л хэлбэрээр үйл ажиллагааг эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг аж ахуй эрхлэгч эмэгтэй гэж хуулийн төсөлд тодорхойлсныг танилцуулаад, эмэгтэйчүүд, тэр дундаа малчин эмэгтэйчүүд хамтарч нэгдэн, хоршоо, нөхөрлөл байгуулаад энэхүү хуульд заасан давуу нөхцөл, дэмжлэг, бололцоог хүртэх боломжтой гэсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг дагалдуулан зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна олон хуульд өөрчлөлт оруулах ёстойг сануулаад, хэлэлцэж байгаа хоёр хуулийн төслийн хүрээнд зээлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой эсэхийг асуухад Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Боломжгүй” гэсэн хариулт өглөө. Иймд нийгэмд, ялангуяа эмэгтэйчүүдийн дуд багагүй хүлээлт үүсгэсэн энэ хуулийг бүрэн гүйцэт, батлагдсан даруйдаа хэрэгжих боломжтойгоор чамбай боловсруулж батлах нь зүйтэй гэсэн саналыг хэлэв.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжиж, санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүн М.Оюунчимэг танилцуулахаар боллоо.
Холбогдох хуулийн төслүүдийг хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх чиглэлийг өгөв
Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийн явц, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг сайжруулах төсөв зардлыг жил тутам улсын төсөвт нэмж суулгаж байгаа боловч эмийн үнэ өссөөр байна. Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах хяналтын тогтолцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд их олонлогоор хянах зэрэг аргачлалыг нэвтрүүлсэн хэдий ч одоогоор нийт нэхэмжлэлийн 15 орчим хувийг хянаж байна. Цаашид хяналтын тогтолцоог бас бэхжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авах ёстой. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг гүйцэтгэлийн санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж давхардлыг арилгах, салангид байсан эх үүсвэрийг нэгтгэх ажлыг хийж байна гэлээ. Түүнчлэн тэрбээр, эмч, эмнэлгийн мэргэжилтний цалинг ажлын гүйцэтгэлтэй уялдуулсан тогтолцоонд шилжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буйг дурдаж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үндсэн эмч, ажилтны үндсэн цалинг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Эрүүл мэндийн сайд цааш хэлэхдээ, лавлагаа шатлалын эрүү мэндийн байгууллагуудад програм хангамжийн ачаалал өндөр, хэрэгтэй мэдээлэлийг бүртгэдэггүй, шаардлагагүй хэвтэлт өндөр хэвээр байгаа, нөөцийн илүүдэл нь эмнэлгийн үр ашгийг бууруулдаг, өртгийг нэмэгдүүлэх шаардлагатай, яаралтай тусламж, жирэмсний хяналт, өдрийн мэс заслын журмууд зөрчилтэй зэрэг тулгамдсан асуудлууд байгааг дурдаж, эдгээрийг яаралтай тусламж, үйлчилгээний эрэмбийг тодорхой болгох, эрчимт эмчилгээний тусламж, үйлчилгээ ЭМБ-уудад шатлалын зөрүүтэйгээр нэхэмжилэх тохируулга хийх, зарим оношийн хамраалтай бүлгийн өртгийг дахин тооцоолох, бууруулах, шаардлагагүй хэвтэлтийг мөн буурулах, эмнэлгийн орны тоог цөөрүүлж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг шинэчлэх замаар шийдвэрлэх боломжтой гэлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар эмнэлгийн 42000 ор байгаа нь дэлхийн дунджаас дөрөв дахин, өндөр хөгжилтэй орнуудынхаас хоёр дахин их байгааг тэрбээр хэллээ.
Сайдын мэдээлэлд дурдсанаар анхан шатын эрүүл мэндийн байгууллагуудад хүн ам цөөн зарим сумдууд болон урьд нь зардал өндөр байсан сум дундын эмнэлгийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас санхүүгийн хүндрэлд орсон, тусламж, үйлчилгээний төрөл, жагсаалт тодорхой бус, програм хангамжийн хөгжүүлэлт анхан шатанд тохироогүй, зохиомол ачаалал үүсгэж буй зэрэг хүндрэлтэй асуудлууд хуримтлагдсан байна. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ашглаж байгаа программ хангамж нь хүн төвтэй бус үйлчилгээ төвтэйгөөр хийгдсэн нь асуудал үүсгэж байгаа аж. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын программ хангамжийг илүү оновчтой, тодорхой, хүн төвтэйгөөр хийж сайжруулах, тусламж үйлчилгээний жагсаалтыг нэмэгдүүлж шинэчлэх, зарим сумдын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд коэффицентоор тохируулга хийх, ялангуяа газар нутгийн хэмжээ, алслагдсан байдлаас нь хамааруулаад коэффицент гаргаж тохируулах шаардлагатайг сайд С.Чинзориг тайлбарлав.
Түүнчлэн тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын санд тулгамдаж байгаа асуудал бол тус сангийн тэнцэл алдагдсан явдал болохыг онцлов. Тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжихэд чөлөөт үлдэгдэл нь 600 орчим тэрбум төгрөг байсан, одоо үндсэндээ үлдэгдэлгүй болох байдалтай байгааг сайд мэдээлэлдээ тэмдэглэв. Мөн эрүүл мэндийн даатгалын хяналт хийхэд шаардлагатай маягтуудыг өөрчлөөгүйн улмаас нэхэмжлэлийг бүрэн хянаж чадахгүй байгаа, шаардлагагүй хэвтэлт буурахгүй байгаа, өвчний түүх цахимжаагүйн улмаас хяналтыг бүрэн хийж чадахгүй байгаа зэрэг бэрхшээлтэй асуудлууд Эрүүл мэндийн даатгалын санд хуримтлагджээ. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд өвчний түүхийг нэн тэргүүнд цахимжуулах, өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний маягтуудын загварыг баталж, мөрдүүлэх, зарим оношийн хамааралтай бүлгийн өртгийг дахин тооцоолох, бууруулах, сангийн тэнцлийг хангах нэмэлт сонгон шалгаруулалт хийх шаардлагатайг тэрбээр дурдав.
Өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад олгож байгаа санхүүжилт өнөөдөр 2020 оныхоос үндсэндээ гурав дахин, сумын эрүүл мэндийн байгууллагад олгож байгаа санхүүжилт хоёр дахин нэмэгдсэн хэдий ч хүрэлцэхгүй байна, үйл ажиллагаа хэвийн явуулахад боломжгүй, цалин хөлс бага байна гэсэн асуудал гарсаар байгааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ танилцуулаад, санхүүжилт хүндрэлтэй байгаа 26 сумын эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд 5.6 төгрөг тэрбум төгрөг нэмж тохируулга хийх шаардлагатай байгааг хэллээ.
Засгийн газрын тогтоолоор салбарын онцлог гүйцэтгэлд суурилсан үр дүн гаргасан үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг тухайн жилийн батлагдсан төсвийн багцынхаа хүрээнд зохицуулж, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасныг сайд мэдээлээд, үүний хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав. Мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дансны үлдэгдлийг татан төвлөрүүлэхгүй байх чиглэлээр Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг хэллээ. 2022 онд сумын болон өрхийн эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцож олгох санхүүжилтийг хоёр дахин нэмсэн. Гэтэл даатгалын сангаас авах санхүүжилтийн хэмжээ нь буураад, төсвөөс авах санхүүжилт асар их болсон. Иймд төсөв санхүүжилтийн тохируулга хийхээр ажиллаж байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэлдээ дурдлаа.
Түүнчлэн тэрбээр, эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийг дэмжих, хувийн эмнэлгүүдэд оногдож буй ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийн даатгалын сан болон эмчлүүлэгчийн хамтын төлбөрийн тогтолцоог шийдвэрлэх, хөнгөлөлтийн санхүүжилт нь нэмэгдсээр байтал улам муудаад байгаа эмийн чанар, хүртээмжийг сайжруулах зэрэг олон асуудлаар мэдээлэл өглөө. Тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд Эрүүл мэндийн тухай, Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиуд, Засгийн газрын 2022 оны 107 дугаар тогтоол, журам, маягт, үйлчилгээний жагсаалт баталсан Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалууд, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг тэрбээр дурдаж, эм ханган нийлүүлэлтийн болон импортын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажил хийж байгаагаа дуулгав. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг боловсронгуй болгох, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг дурдсан юм. Түүнчлэн тус салбарын цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Эрүүл мэндийн байгууллагад 4000 гаруй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэсэн цахим шилжилт, аюулгүй байдлыг зохицуулах Эрүүл мэндийн мэдээллийн төв байгуулах хэрэгцээ шаардлага тулгамдаж буй талаар тэмдэглэв.
Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин үг хэлж, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаарх Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэгээр ахлуулан байгуулсныг мэдээлж, Эрүүл мэндийн яамтай хамтран эрчимтэй ажиллаж, С.Чинзориг сайдын дурдсан тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг боловсруулж танилцуулахыг Ажлын хэсэгт даалгав.
Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсоод Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, М.Оюунчимэг, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа, Б.Бейсэн, Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Д.Сарангэрэл нар салбарын хэмжээнд боловсон хүчний хомсдол хэр байгаа, үүнийг цалин хөлсний асуудалтай хэрхэн уялдуулах, резидент эмч нарын бодлогыг хэрхэн сайжруулах, ахмадын сэргээн засах эмчилгээний төв буюу Геронтологийн төвийн хөрөнгө оруулалтын асуудлыг хэзээ, яаж шийдвэрлэх, хавдрын өвчлөлийг бууруулж, эмчилгээний өртөг зардлыг багасгах ямар бодлого явуулах, эмийн салбарт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хангах, эм шинжлэх лабораторийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломжтой эсэх, хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмнүүд эмийн сангуудад өөр өөр үнэтэй байгааг яаж зохицуулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлого, санхүүжилт ямар байгаа, эрт илрүүлгийн ажил аль шатандаа явагдаж байгаа, хэвтэн эмчлүүлж буй хүмүүс өөрсдөө гаднаас эм, тариагаа авдаг байдлыг яаж зогсоох, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гүйцэтгэж буй үүргийн санхүүжилтийг нэмэгдүүлэх боломж байгаа эсэх, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв яамд, агентлагийн дунд орхигдсон байгааг хэрхэн цэгцлэх зэрэг салбарын тулгамдсан асуудлуудаар асуулт асууж, санал хэллээ. Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн хамгийн чухал зүйл бол үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо бөгөөд энэ нь сайн ажилласан, хүмүүсийг сайн эмчилсэн эмнэлгүүд санхүүжилтээ авна гэсэн концепц болохыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбрэн сануулж, уг конпепцыг хэрэгжүүлэх нэг хүчин зүйл нь эмнэлгүүдийн чадамжид тулгуурлан тухайн бүтээгдэхүүний гэрээг хийх явдал гэдгийг хэллээ. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, гүйцэтгэлийн санхүүжилтэд болохгүй зүйл байгааг дурдаж, санхүүжилтийн тохируулгыг энэ оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа дурдав. Улсын Их Хурлын гишүүд гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо томоохон эмнэлгүүдэд тохироод байгаа хэрнээ анхан шатны эмнэлгүүдэд тохиромжгүй байгааг шийдвэрлэх үүднээс эдгээр шатуудад өөр өөр арга аргачлал хэрэглэх тухай Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх чиглэлийг өгөхөөр тогтлоо.
Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны есдүгээр тогтоолоор байгуулагдсан Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Тус Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, бүрэлдэхүүнд Ж.Ганбаатар, Б.Жаргалмаа, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нар ажилласан юм. Ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойшхи 11 сарын хугацаанд нийслэл, есөн дүүрэг, Завхан, Өвөрхангай, Архангай аймгийн болон Төв аймгийн Баяндэлгэр, Сэргэлэн сумдын Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн үндэсний комисс, түр хамгаалах байр, ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байр, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан зэрэг соёл, хөгжлийн байгууллагууд, сургалт хүмүүжлийн тусгай байгууллага дээр газар дээр нь очиж үйл ажиллагаатай танилцсан талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан тайлан илтгэлдээ дурдав.
Тэрбээр тайландаа, төрөөс хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах салбар хоорондын уялдаа холбоог хангах, төр, хувийн хэвшлийн харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж, шаардлагатай төсөв, хууль тогтоомжийг батлан хэрэгжүүлсэн байна. Гэвч эрх нь зөрчигдсөн, хүчирхийлэлд өртсөн, зам тээврийн осолд орсон, гэмтэж бэртсэн, амь насаа алдсан хүүхдүүдийн тоонд дорвитой өөрчлөлт гарсангүй. Хийгдсэн ажлууд төдийлөн үр дүнтэй биш байна гээд, өнөөдөр Монгол Улсын хүүхэд хөгжил, хамгааллын бодлого алдагдсан, хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгааг хэд хэдэн статистик статистик мэдээллээс харж болороор байна гэсэн юм.
Манай улсад жил бүр дунджаар зам тээврийн ослын шалтгаанаар 2000, ахуйн хүрээнд 35000 хүүхэд гэмтэж бэртэж байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд 110 гаруй мянган дуудлага ирж байна. Жил бүр 300 гаруй охид бэлгийн хүчирхийлэлд өртөж, өсвөр насандаа жирэмсэлж үр хөндүүлж буй охидын тоо 600-д хүрч байгааг Ажлын хэсгийн ахлагч тайландаа дурдав. Мөн УИХ-аас 2018-2022 онд жил бүр 8.0 тэрбум төгрөгийг хүүхэд хөгжил, хамгаалал, гэр бүл, залуучуудад зориулахаар улсын төсөвт тусгаж баталсан. Хүүхэд хөгжил хамгааллын зардлыг 2016 онтой харьцуулахад найм дахин нэмэгдүүлсэн боловч Засийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажлын үр дүн тодорхойгүй байгааг тэрбээр онцлон тэмдэглэлээ.
Түүнчлэн Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг хорооны хамтарсан багаар дамжуулан үзүүлдэг. Гэвч хамтарсан багт ажиллаж байгаа нийгмийн ажилтны цалин хөлс ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны цалингаас хоёр дахин бага байна. Үүнээс шалтгаалж манай улс мэргэжлийн хүний нөөцийн дутагдалд ороод байгаа ба нийгмийн ажилтнуудын 268 буюу 38.4 хувь нь л мэргэжлийн, 429 буюу 61.1 хувь нь мэргэжлийн бус байна. Хүүхэд гэр бүлийн чиглэлээр мэргэшсэн нийгмийн ажилтан, хуульч, өмгөөлөгчид сэтгэл зүйч бэлтгэх орон тоог зохистой түвшинд хүргэн нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хамтарсан багийн ажлын ачаалал их, материаллаг нөөц дутагдалтай, төсөв байхгүй, мөн тэдний албан тушаалын тодорхойлолт ч үгүй байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний дараа гэр бүлтэй нь ажиллах үйлчилгээ тодорхойгүй, уг салбарт мөн л хүний нөөц дутагдалтай, үүнээс шалтгаалж хүүхэд хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхэд, түүний гэр бүлд нь дахин хяналт хийж чадахгүй байна. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд үзүүлэх хөгжил хамгааллын үйлчилгээ тодорхойгүй, төсөв хөрөнгөгүй, гэрч, холбогдогчдод чиглэсэн үйлчилгээ дутагдалтай байна. Ялангуяа бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдэд урт хугацааны хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх тэдгээрийн сэтгэл санааны гэм хорыг тооцох арилгах бодлого, стандарт аргачлал байхгүй байна. Нэг цэгийн үйлчилгээний төвд түр хамгаалах байрны үйл ажиллагаа явагдаж байгаа боловч үйлчилгээний чанар хангалтгүй, хүүхдийн бие махбод болон сэтгэл зүйн үндсэн хэрэгцээг хангахгүй, хөгжил боловсролын үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Тусгай хэрэгцээтэй болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэх бодит нөхцөл бүрдээгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, тусгай хэрэгцээтэй болон сэтгэцийн өөрчлөлтөд орсон хүүхдүүдэд эмчилгээ хийх үйлчилгээ үзүүлэх хүний нөөц, материаллаг бааз дутагдалтай байна хэмээн тайлагнав.
Тэрбээр үргэлжлүүлэн, Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ерөнхий газрын харьяа сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын барилга нь 1970 онд ашиглалтад орсон, барилгын насжилт газрын онцлогоос шалтгаалж барилгын зарим хэсэг нурсан байна. Үүнтэй хамааралтайгаар үйл ажиллагааг зогсоосны улмаас халуун усанд орох бие засах зэрэг хүүхдийн ариун цэвэр эрүүл ахуйн наад захын хэрэгцээ хангагдахгүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн актаар тус барилгад үйл ажиллагаа явуулахыг зогсоох шийдвэр гарсан ч өдийг хүртэл асуудлыг шийдвэрлэх дорвитой алхам хийгдээгүй байна. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүдийн үндсэн эрх хангагдахгүй маш хүнд нөхцөлд хүмүүжиж байна. 18 насанд хүрч, халамж асрамжийн төвөөс гарч байгаа хүүхэд залуусын 40-50 хувь нь мэргэжил эзэмшиж, ажлын байртай болж чаддаггүй. Өөрийн гэсэн өмчгүй, орон гэргүй, хамаатан садны дэмжлэггүй, төрийн үйлчилгээ авч чаддаггүй эдгээр хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд холбогдох, хараа хяналтгүй байдлаар амьдарч байгаад анхаарал хандуулж аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар одоогийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байна гэсэн юм.
Ажлын хэсгийн тайланд, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төв Хүүхдийн зуслан зэрэг хүүхдийн гэсэн соён гэгээрүүлэх хүүхэд хөгжлийн чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих шаардлагатайг мөнхүү онцолсон байлаа. Эдгээр байгууллагуудад барилга байгууламж, засвар үйлчилгээ, хүний нөөцийн асуудал тулгамдсаар байгааг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан тайландаа тэмдэглээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт, байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар тусгасан. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд хамгааллын бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж гаргаж байгууллагуудад хүргүүлэх ажил хэт удааширч байна гэв.
Хүүхдүүд сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт хүчирхийлэлд өртөж цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол маш их байгааг тэрбээр онцгойлон анхааруулж, тиймээс Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг олон улсын сайн туршлага, жишигт тулгуурлан боловсруулах, нэн яаралтай батлуулах хэрэгтэйг санал болгов. Мөн төрөөс тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, өргөн нэвтрүүлгийн цаг болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулгатай, бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэрэглэх, жендерийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол хүнс, сурталчилсан контент, кино, зар сурталчилгааны сөрөг нөлөөллөөс хүүхдийг хамгаалах, зарим төрлийн контентыг хязгаарлах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгааг дурдлаа. Түүнчлэн цахим орчин, телевизээр гарч байгаа нэвтрүүлэг, нийтлэлийн нийгэмд үзүүлэх нөлөөнөөс гадна хүүхдийн зан төлөвшилд үзүүлж байгаа нөлөө ихээхэн сөрөг байгаа учраас үүнийг бодлогоор нэн даруй зохицуулах шаардлагатай гэсэн юм.
Энэ бүхний зэрэгцээ эцэг, эх болон хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх бодитой механизм бүрдүүлэх шаардлагатайг тэрбээр тэмдэглэж, өнөөг хүртэл манай улсад байхгүй байгаа Нийгмийн ажлын тухай хуулийг нэн даруй батлуулахыг Байнгын хорооны гишүүдэд уриалсан юм. Түүнчлэн, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудад нэн яаралтай нэмэлт, өөрчлөлт оруулах, Эрүүгийн хууль Зөрчлийн тухай хуулиудад заасан хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилд оногдуулах ялын бодлогыг чангатгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв.
Монгол Улсын Засгийн газраас гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн. 2025 онд Монгол Улсад хүүхдийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой болно гэдгийг тэрбээр сануулаад, өчигдөр 20 гаруй төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзахад хүүхдийн зан чанарын төлөвшил, доголдол, эцэг, эхийн хүүхдээ үл хайхрах байдал, мөн тэдний зан чанарын төлөвшил, эцэг, эх байх хариуцлага, ёс суртахууны асуудлаар нөлөөллийн ажлууд хэчнээн хийгээд үр нөлөөгүй байна гэж байсан. Иймд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн асуудлаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хяналтын сонсгол зохион байгуулах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2016-2022 оны санхүүгийн тайланд аудит хийлгэж, илэрсэн зөрчилд хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж Ажлын хэсэг үзэж байна гэлээ.
Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаарх Байнгын хорооны Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, М.Оюунчимэг, Ц.Туваан, Д.Сарангэрэл, Б.Баярсайхан нар асулт асууж, үг хэллээ. Байнгын хорооны хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Соёлын дэд сайд М.Батбаяр, ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албанүүргийн түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Өлзийхутаг, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Т.Бадрахбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн, Цахим хөгжил харилцаа холбооны яам Хуулийн хэлтсийн дарга Л.Нямдорж болон бусад холбогдох байгууллага, цагдаагийн байгууллагын төлөөлөл оролцож Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулсан юм. Хүүхэд харах үйлчилгээний зардал, санхүүжилт буурсан, аутизмтай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багшлах боловсон хүчин дутагдалтай, хүүхдийн эрхийн байцаагчийн ажлын байрны асуудал тодорхойгүй, тогтвор суурьшилгүй, хангалтгүй байгаа, хүүхдийн хүчирхийлийн шалтгаан нөхцөлийг судалж тогтоох ажил хийгдэхгүй байгаа, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэх хариуцлагыг чангатгах асуудал удаашралтай байгаа, иргэд, олон нийт, эцэг, эхчүүд рүү чиглэсэн соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажил огт хийгдэхгүй байгаа зэрэг олон асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засал хөгжлийн төв дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам хамтраад салбар хоорондын уялдааг хангасан аргачлал боловсруулж байгааг үр дүнтэй зохион байгуулах, мөн тус төвийн цалин хөлсний асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ улс төрийн томилгооноос шалтгаалсан удирдлага, менежментийн бэрхшээл байгааг шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм. Түүнчлэн, хүүхдүүдийг дэлгэцийн хамаарлаас гаргаж, дугуйлан секцэнд явуулах, хөгжим, номоор хүмүүжүүлэх талаар ямар бодлого хэрэгжүүлж байгааг болон цэцэрлэг, сургуулийн хоолны хангамж, түүний хувьсах зардлын хүрэлцээгүй байдлыг эцэг, эхийн оролцоотой шийдвэрлэх нь зөв эсэх, сум, багийн сургуулийн номын сангийн хангалт, шинэ ном худалдан авах санхүүжилтыг нэмэгдүүлэх тэлээр хэрхэн ажиллах зэрэг өргөн хүрээний олон асуулт тавьж, хариулт авсан юм. Энэ 2023 онд хүүхэд харах үйлчилгээний төсөв өмнөх жилийнхээс 500 гаруй сая төгрөгөөр багасаж батлагдсан ч хамрагдах хүүхдийн тоо буураагүй хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тайлбарлалаа. Улсын хэмжээнд одоогийн байдлаар 17 аймаг, долоон дүүрэгт хүүхэд харах 213 төв ажиллаж, тэдгээрт 2392 хүүхэд хамрагдаж байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах талаар Сангийн яамтай хамтран судалгаа, тооцоолол хийж байгаа юм байна. Түүнчлэн, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нийт 215 байцаагч ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын бүтцэд ажиллаж буй эдгээр албан хаагчдын 80 орчим хувь нь эмэгтэй хүмүүс байна. Тэдний 40-50 хувь нь 1-2 жилийн хугацаанд өөрчлөгдөж, өөр ажил, албан тушаалд томилогддог хэмээн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хариулсан юм.
Байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг хэлэлцээд, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Тогтоолыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар дэмжи, батлав. Тогтоолоор, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлд тусгагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, мөн Нийгмийн ажилтны тухай хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх, гэр бүл, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг бэлтгэх орон тоог шинээр бий болгож, цалинг ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны жишигт хүргэх, цалингийн санд шаардагдах 17.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт шат дараатай тусгах, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорыг үнэлэх тооцох аргачлалыг яаралтай боловсруулж, хохирогчийн нийгэм сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээнд үзүүлэх стандартыг тогтоон, хэрэгжүүлж ажиллах асрамж, халамжийн дөрвөн төв, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд ажиллах орон тооны сэтгэл зүйч сэтгэл засалчийг ажиллах нөхцөлөөр ханга, мөн дохионы хэлний мэргэжилтэн энд саяын энэ сэтгэл зүйч гэдгийн ард дохионы хэлний мэргэжилтэн нөхцөлөөр хангах онлайнаар тус үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгов. Мөн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын, Боловсрол, шинжлэх ухааны Болон Эрүүл мэндийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамтран баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал маягт шинэчлэн батлах тухай” тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдийн эрт дэмжлэгийн нөхцөл байдлын үнэлгээ, хүүхэд бүрийг хүчирхийлэлд өртөхөөс өмнө хийх багш, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтанд суурилсан хүчирхийлэлд өртөж болзошгүй байдлын үнэлгээг боловсруулах ажлын хэсгийг эдгээр яамдын төлөөллийг оролцуулан байгуулж, үнэлгээг 2023 оны гуравдугаар улиралд багтаан боловсруулах, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцийн хурц эмгэг өөрчлөлттэй хүүхэд, эцэг эх асран хамгаалагч нь тогтоогдохгүй байгаа хагас, бүтэн өнчин хүүхдэд үйлчилгээ үзүүлэх бүтэц, орон тоог нэмэгдүүлэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэд бүтцэд холбогдсон ерөнхий боловсролын сургуулийн төлөвлөлтийн дүрэмд нийцсэн шинэ барилгад үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардагдах төсөв хөрөнгийг 2024 оноос эхлэн улсын төсөвт тусгаж, барилгыг 2025 онд ашиглалтад оруулах, шинээр ашиглалтад орох барилгад нүүж орох хүртэлх хугацаанд тус сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад шаардлагатай урсгал засварын зардлыг шийдэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх түр хамгаалах байр нь хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлагад тусгагдсан хүний үндсэн болон тусгай хэрэгцээг бүрэн хангах, хүүхдэд ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэх, шаардагдах хөрөнгө санхүүжилтийг нэмж тусгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн эрх, эрх чөлөөг зөрчихгүй байх, хүүхдээс мэдүүлэг авахад зориулж тусгайлан бэлтгэсэн өрөө бий болгох, хүүхдийн эрхийг хамгаалсан бодлогыг хэрэгжүүлж ажиллах, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдээс мэдүүлэг авахдаа хохирогчтой ижил хүйсийн байцаагчийг ажиллуулах, хамтарсан багийн ажиллах үйл ажиллагааг санхүүжүүлэх журмыг нийгмийн хамгааллын хууль зүй эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд яаралтай шинэчлэн батлах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хэрэгжилтийг сайжруулах хөтөлбөр, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, зэрэг асуудлыг “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолд тусгалаа. Түүнчлэн тогтоолоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх заалтын хэрэгжилтийг хангуулах хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уг бодлого, түүний боловсруулалтын талаар зөвлөмж гаргаж тэдгээр байгууллагад хүргүүлэхийг чиглэл болгов.
Мөн уг тогтоолоор, хүүхэд хөгжлийн чиг үүргийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга байгууламжийг шинэчлэх зардлыг улсын төсөвт шат дараатай тусгаж шийдвэрлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлчилгээг бүсчилсэн хэлбэрээр ажиллуулах, хүүхдийн хөгжил төлөвшилд хүрч үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нэр төр, алдар хүндэд халдах, гутаан доромжлох, залилах, хүчирхийлэлд уриалах, садар самуун явдлыг сурталчлах зэрэг гэмт хэрэг зөрчлийн үйлдлүүдийг таслан зогсоох, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн яаралтай авах, хүүхдийн эрхийн байцаагчийн ажил үүргийн чиглэлийг боловсронгуй болгож нийгэмд таниулах ажлыг зохион байгуулах, хүүхдийг сэрүүн байх цагаар хүмүүжил төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх аливаа төрлийн контент нэвтрүүлэхийг хориглох агуулгатай харилцан ойлголцлын санамж бичгийг Боловсрол, шинжлэх ухааны болон Соёлын яамд, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах, үр дүнг тайлагнах, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2016-2022 оны санхүүгийн тайланд аудит хийлгэх, цаашид жил бүр хөндлөнгийн хяналтыг оруулж байх, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн цогц үнэлгээ хийж хэрэгжихгүй байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох хэрэгжилтийг хангах зөвлөмж боловсруулж танилцуулахыг Байнгын хороонд Улсын их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахыг Засгийн газарт үүрэг болголоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл ( 0 )