“Louis Vuitton” брэндийн эзэн дэлхийн тэргүүн баян хүнээр тодров

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Францын “LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton)” тансаг зэрэглэлийн брэндийг эзэмшигч Бернар Арно “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтыг тэргүүлж, Илон Маскийг ардаа орхижээ.

Түүний хөрөнгө 211 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн онд 158 тэрбумаар үнэлэгдэж байжээ. Тэрбээр энэхүү жагсаалтыг тэргүүлсэн анхны франц хүн юм.

Жагсаалтын хоёрт Илон Маск орсон байна. Түүний хөрөнгө 2022 онд 219 тэрбумаар үнэлэгдэж байсан бол энэ онд 180 тэрбум болж буурчээ. Илон Маскийн хөрөнгийн хэмжээ буурсан нь өнгөрсөн онд “Twitter” компанийг худалдан авснаас үүдэн түүний “Tesla” компанийн зах зээлийн үнэлгээ буурахад хүрсэнтэй холбоотой.

Жагсаалтын гуравт “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос бичигджээ. Энэ онд түүний хөрөнгө 114 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол өнгөрсөн жил 171 тэрбум ам.долларт хүрч байжээ.

Манай гарагийн тэрбумтнуудын нийт хөрөнгө 12.2 их наяд ам.доллароор үнэлэгдсэн нь 2022 оны үзүүлэлтээс 0.5 хувиар буурсан байна. Түүнчлэн тэрбумтнуудын тоо 2668-аас 2640 болж цөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top