Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2023.04.06/ үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нараас 2022 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр танилцуулсан. Төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа, Энэхүү анхдагч хуулийн төсөл нь Монгол Улсад гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулж байгаагүйгээрээ онцлог гэдгийг тодотгоод Монголын ард түмэн засаглах эрхээ өөрийн төлөөлөгчөөрөө уламжлан хэрэгжүүлнэ гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим байдаг. Энэ утгаар уг хуулийн төслийг боловсруулагчид нь манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгмийн байгууллага болох “Азтай савар” төрийн бус байгууллагын залуучууд гэдгийг тодотгов.
Өнөөдөр манай улсад 320 мянган эзэнгүй муур, нохой байна. Сүүлийн 100 гаруй жилийн турш эзэнгүй нохой, муурыг буудаж устгаж ирсэн. Улаанбаатар хотын хувьд жилдээ 100 мянган нохойг буудаж устгах төлөвлөгөө гарган ажилладаг. Үүнд жилдээ 1.8 тэрбум төгрөг төсөвлөдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад нохой, муурын үржлийн хурд нь буудаж устгаж дуусах ч боломж, нөхцөлийг олгодоггүй гэлээ. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хийсэн судалгаагаар хөрсний бохирдол, эзэнгүй муур, нохойг устгаж, хөрсөнд булж байгаа зэрэг нь халдварт өвчин дэгдэх үндсэн шалтгаан болж байна гэсэн дүгнэлт гаргасныг онцолсон.
Тэрбээр, “Дэлхийн 120 гаруй оронд гэрийн тэжээвэр амьтны хуультай. Хуулийн цаана нийгмийн эрүүл мэндийн шалтгаан, нөхцөл байна. Судалгаанаас үзэхэд орон сууцад амьдарч байгаа иргэдийн 12 хувь, гэр хорооллын өрхийн 50 гаруй хувь нь муур, нохойтой гэсэн дүн гарсан гэж байлаа.
Монгол Улсад мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбоотой харилцааг Амьтны тухай хуулиар, мал, тэжээвэр амьтан (гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан), зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулж байна. Харин гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үлджээ. Иймд гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулахаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг 9 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулсан. Хуулийн төслийн зорилго нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулахад оршино гэж төслийн танилцуулгад дурдсан байлаа.
Хуулийн төслийг дагалдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулсан байна.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Хууль санаачлагч гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тэдгээртэй адилтгах бусад амьтантай холбогдох харилцаа, тэдний асран хамгаалагчийн үүрэг, хариуцлага, зоонозын халдварт өвчин, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулсныг онцлоод хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгааг дурдлаа.
Мөн гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хуралдаанд “Азтай савар” төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, гишүүдийн асуултад хариулсан.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, Ц.Идэрбат, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Г.Амартүвшин, М.Оюунчимэг, Ц.Туваан нар асуулт асууж, хариулт авсан. Үг хэлсэн гишүүдийн олонх хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төсөл батлагдсаны дараа хууль хэрэгжүүлэхэд шаардагдах эдийн засгийн зардлын тооцоолол болон тэжээвэр амьтдаа хүчирхийлсэн асран хамгаалагчдад нь тооцох хариуцлагын зохицуулалтыг илүүтэй лавлаж байлаа.
Ажлын хэсгээс, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалын дагуу зардлын тооцоолол, үр нөлөөний судалгаа хийсэн. Төрийн байгууллагад чиг үүрэг болон алба байгуулах зэрэг асуудал гарахгүй. Харин Мал эмнэлгийн ерөнхий газар, цагдаагийн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засаг даргын Тамгын газрын ажлын ачаалал нь 0.4-0.6 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Ажлын ачаалал нэмэгдэхээр тухайн хүний цалин хөлс, техникийн зардал гарна. Төрийн байгууллагад нийт 26.1 сая төгрөгийн зардал гарах магадлалтай хэмээн хариулав.
Мөн гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүргийг зөрчиж байгаа этгээдэд тооцох хариуцлагын зохицуулалтыг уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, төслийн 7.19 дүгээр зүйлд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг торгох арга хэмжээ авахаар зохицуулсан. Цаашлаад хүзүүвчийг нь зохих ёсоор зүүлгээгүй, үржил хязгаарлаагүй гэх зэргээр тодорхой хэмжээний ялгамжтай байдлаар торгуулийг зохицуулсан гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.
Үүгээр хуралдаан өндөрлөж, баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалтыг явуулахаар боллоо
Сэтгэгдэл ( 0 )