Индонез: Шинэ Зеландын нисгэгчийг аварч байгаад зургаан цэрэг амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 17


Индонезийн Папуа мужид олзлогдсон Шинэ Зеландын нисгэгчийг аврах ажиллагааны үеэр зургаан цэрэг амиа алдаж, 30 цэрэг ор сураггүй алга болсон тухай Австралийн АВС суваг мэдээлжээ.

Индонезийн салан тусгаарлагч “TPNPB-OPM” бүлэглэл хоёрдугаар сарын 8-ны өдөр Индонезийн иргэний агаарын тээврийн “Susi Air” компанийн нэг моторт онгоц газардсан даруйд Шинэ Зеландын иргэншилтэй нисгэгч Филлип Марк Мейртенс гэгчийг барьцаанд авчээ. Тус онгоц Ндуга дүүрэгт эрүүл мэндийн төвийг барьж байсан 15 барилгачныг авах ёстой байжээ.

Үүнтэй холбогдуулан Индонезийн аюулгүй байдлын хүчнийхэн Баруун Папуа дахь салан тусгаарлагч бүлэглэлийн эсрэг тусгай ажиллагаа эхлүүлсэн байна. Ажиллагаанд тус улсын Зэвсэгт хүчний 36 алба хаагч оролцсон гэх мэдээлэл гарчээ. Тэд Баруун Папуаг чөлөөлөх армийн халдлагад өртөж, зургаа нь амь үрэгдэж, 21 нь ширэнгэд нуугдсан хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.

Хэдэн цэрэг амиа алдаж, хэд нь шархадсан тухай одоогоор тодорхойгүй байна гэж Индонезийн зэвсэгт хүчний төлөөлөгч Герман Таряман мэдэгджээ. Аадар бороо, манан болон харилцаа холбоогүй бүс нутагт эрэл, хайгуул явуулахад хүндрэл гарч байна гэж тэрбээр тодруулсан байна.

Шинэ Гвиней арлын баруун хэсэг Индонезийн бүрэлдэхүүнд багтдаг байна. Ингэхдээ арлын зүүн хэсэгт Папуа Шинэ Гвиней улс оршдог. Бүс нутагт олон арван жилийн турш салан тусгаарлагч бүлэглэлүүд Индонез улсаас салан тусгаарлахын төлөө тэмцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top