Пентагоны дуулиан: Яагаад 21 настан улсын нууцад нэвтрэх эрхтэй байв?

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Тагнуулын нууц мэдээлэлд нэвтрэх нь үнэндээ бодож байснаас тийм ч ховор тохиолдол биш аж. 

Өнгөрсөн баасан гарагт /2023.04.14/ шүүхийн өмнө очсон Жек Тейшейра АНУ-ын Үндэсний гвардийн нисэх хүчинд тээврийн цахим систем хариуцсан мэргэжилтнээр ажилладаг байжээ. АНУ-ын Нисэх хүчний цахим хуудсан нийтэлснээс үзвэл тус албан тушаалд маш энгийн шаардлага тавьдаг байна. Тухайлбал, бүрэн дунд боловсролтой байх, намтрыг нь бүрэн шалгах. Гэхдээ шинжээчдийн ярьснаар, энэхүү шалгалт нь хангалттай нарийн аж. Нэр дэвшигчийн боловсролын түвшин, санхүүгийн түүх, харилцаа холбоог шалгахаас гадна нэр дэвшигчийг таньдаг хүмүүстэй ярилцлага хийдэг байна. 

Нууцын зэрэглэлтэй мэдээлэлд 21 насандаа нэвтэрч болно гэсэн үг. “Түүний насны хүмүүс нууц мэдээлэлд нэвтрэх нь энгийн зүйл” хэмээн Шинэ Америкийн аюулгүй байдлын судалгааны “Технологи, үндэсний аюулгүй байдал” төвийн  ажилтан Александриа Сеймур ярьжээ. 

Пентагоны статистикаас үзвэл, АНУ-ын Зэвсэгт хүчинд цэргийн жинхэнэ алба хааж буй алба хаагчдын тал орчим хувь нь 25 ба түүнээс доош насныхан байдаг. 

Тейшейрагийн алба хаасан тухай нарийн мэдээлэл одоогоор гараагүй байгаа ч тэрбээр олон тооны тагнуулын мэдээлэлд нэвтрэх ажил үүрэг гүйцэтгэж байсан байж магадгүй хэмээн Сеймур үзэж байна. Түүний түвшний ажилтнууд дээд албан тушаалтанд баримт бичиг эсвэл хэвлэлийн мэдээ бэлтгэхэд нь эдгээр мэдээлэл шаардагдсан байж болзошгүй аж. Баримт бичгүүдийн гэрэл зургийг авч, интернэтэд тавихаас өмнө хэвлэсэн байжээ. 

Есдүгээр сарын 11-ээс хойш мэдээлэл алдагдах нь ихэсжээ 

АНУ-ын цэрэг, тагнуулын албанд ийм эрхтэй олон мянган хүн бий гэж Лондонгийн Брунелийн их сургуулийн тагнуул, аюулгүй байдлын багш Дэн Ломас ярьжээ. Шинжээчид дүн шинжилгээ хийхийн тулд аль болох их хэмжээний мэдээлэл ашигладаг. Ингэснээр алдагдаж болох нууцын зэрэглэлтэй мэдээллийг нээж байна гэсэн үг. Түүний ярьснаар, энэхүү практик 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны дараа эхэлжээ. Тухайн үед Засгийн газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үеэр төрийн байгууллага хооронд тагнуулын мэдээлэл солилцоо нь дутагдалтай байсныг илрүүлж байжээ. 

Тейшейра нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хэрхэн хэвлэж, цэргийн баазаас цахим эсвэл хэвлэмэл хэлбэрээр авч гарсан нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Ломасын онцолсноор, нууцын зэрэглэлтэй материалтай харьцах дүрмийг өмнө нь зөрчиж байсан тохиолдлоос үзвэл аюулгүй байдлын зөвлөмжийг тэр бүр чандлан хэрэгжүүлдэггүйг харуулжээ. Тухайлбал, Эдвард Сноуден, Чэлси Мэннинг нарын хэрэг үүнийг илтгэж байна. 

Албан тушаалын ангиллаас нь үзвэл Тейшейра Дэлхийн тагнуулын харилцаа холбооны нэгдсэн систем /JWICS/-д нэвтрэх эрхтэй байсан гэж үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэргэшсэн өмгөөлөгч Марк Заид ВВС агентлагт өгсөн тайлбартаа онцолсон байна. Тейшейра эл системийг “мэдээллийн номын сан” хэмээн нэрлэсэн байна. Эрүүгийн хэргийн материалуудаас үзвэл, Тейшейра нууц зэрэглэлтэй мэдээлэлтэй хэд хэдэн удаа ажиллаж байжээ. Нууц баримтууд олон нийтийн анхаарал анх татах үетэй зэрэгцэн тэрбээр “мэдээлэл алдагдах” гэсэн үгээр хайлт хийжээ. 

Баримт бичигт гаднын гүрнүүдийн Украины цэргүүдийг сургаж буй талаарх тайлан дэлгэрэнгүй орсон байв. 
 


Системийн цоорхой 

Энэ дуулиантай холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин тагнуулын мэдээлэлд нэтрэх асуудлыг дахин авч үзнэ хэмээн мэдэгдсэн. Хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр АНУ-ын цэргийн алба хаагч бүр, нууц мэдээлэлд нэвтрэх эрх бүхий Пентагоны ажилтан нууцын зэрэглэлтэй мэдээллийг хамгаалах, сэжиг бүхий үйл ажиллагааны тухай мэдээлэх эрх зүйн болон ёс зүйн үүрэг хүлээдэг хэмээн мэдэгдэв. 

Харин Ломас АНУ-ын тагнуулын албадыг хүнд үе хүлээж байна гэж үзжээ. Учир нь тус хэрэгтэй холбогдуулан нэвтрүүлсэн хязгаарлалтууд мэдээлэл солилцоог багасгана гэж үзэж байна. Түүний хэлснээр, мэдээлэлд нэвтрэхэд тавигдах шаардлагыг чангатгаснаар “мэдэх шаардлагатай” гэсэн уламжлалт хатуу зарчимд шилжинэ гэсэн үг. 

Эцсийн бүлэгт тагнуулын систем нь нууц мэдээлэлтэй ажилладаг хүмүүсээс шалтгаалдаг. Тиймээс нууцын зэрэглэлтэй ажиллах хүмүүсийг хэрхэн сургаж байгаа тухай асуулт урган гарч байна. Энэ хэрэг систем дэх цоорхойг илрүүлсэн. Үүнийг судлах шаардлагатай. Энд мөн итгэлцлийн асуудал тавигдана хэмээн Сеймур үзэж байна. 

Тейшейра эл албан тушаалд очихын тулд нууцын зэрэглэлтэй мэдээллийг чандлан хадгалах үүргийг бүх насаараа хүлээх гэрээнд гарын үсэг зурсан байх ёстой. Тиймээс тэрбээр нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулснаар эрүүгийн хэргээр яллагдахад хүргэдэг болохыг ойлгож байсан. Тэр л эрүүгийн хэргийг түүнд өдгөө тулгаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top