Томоохон банкуудын гэмт үйлдлийг илчилсэн БАРИМТ ил болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


Дэлхийн хэд хэдэн томоохон банк 1999-өөс 2017 оны хооронд нийт хоёр их наяд ам.доллартой тэнцэх бохир мөнгийг дэлхий даяар угаах боломжийг гэмт этгээдүүдэд олгосон  гэж АНУ-ын мэдээллийн “BuzzFeed” портал мэдээлжээ.  

Тус цахим мэдээллийн хэрэгслийн эрэн сурвалжлах алба АНУ-ын Сангийн яамны санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тусгай тасгийн /FinCEN/ материалуудыг олж авч, Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумд /ICIJ/ илгээсэн байна. Энэхүү байгууллага 88 орны 108 мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг эгнээндээ нэгтгэдэг.

Энэ нь Панамын болон Диваажингийн баримт бичигтэй дүйцэхүйц орчин үеийн мөнгө угаах схем, санхүүгийн гэмт хэргийг илчилж буй ээлжит томоохон баримтууд юм гэж ВВС агентлаг онцолжээ.

“FinCEN” баримт бичигт нийт 2500 баримт багтаж байгаа бөгөөд ихэнх нь  2000-оос 2017 оны хооронд холбогдох хуулийн дагуу банкнуудын АНУ-ын Сангийн яаманд илгээсэн тайлангууд байгаа аж. Тайланд банкнууд хэрэглэгчдийнхээ сэжигтэй мөнгөн гуйвуулгын талаарх мэдээллүүд багтсан хэдий ч эдгээр нь хууль зөрчсөнийг нотлох баримт биш гэнэ.

Олон зуун сэтгүүлчид асар их хэмжээний баримтуудыг судалж, банкнуудын нуун дарагдуулсан үйлдлүүдийг ил болгосон байна.
 

Илчлэгдсэн мэдээллүүдээс
 

  • Их Британийн “HSBC” банк АНУ-ын мөрдөгчдөөс тухайн схем луйврынх болохыг мэдсэн ч гэмт этгээдүүдэд олон сая ам.долларыг эргэлдүүлэх боломж олгож байжээ.
     
  • АНУ-ын “JP Morgan” банк нэгэн компанид Лондон дахь өөрийн салбараар дамжуулан нэг сая ам.долларыг шилжүүлэх зөвшөөрөл олгож байжээ. Ингэхдээ тус банк тухайн компанийг хэн эзэмшдэг болохыг шалгаагүй байна. Хожим нь “JP Morgan”  банк тус компани АНУ-ын эрэн сурвалжлагдаж буй 10 “онц” гэмт хэрэгтнүүдийн нэгний эзэмшлийнх болохыг олж мэджээ.
     
  • Баримт бичгүүдээс үзвэл, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хамтран зүтгэгч барууны орнуудын ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээнээс зайлсхийх үүднээс Лондонгийн “Barclays” банкийг ашиглаж байжээ.
     
  • “FinCEN” тусгай тасаг Их Британийг өндөр эрсдэлтэй орноор нэрлэжээ. Учир нь Их Британийн гурван мянга гаруй компани SAR буюу сэжигтэй ажиллагааны тухай тайланд дурдагджээ.
     
  • Арабын Нэгдсэн Эмирт Улсын Төв банк сануулгыг үл харгалзан Иранд хориг арга хэмжээнээс зайлсхийхэд нь тусалж байсан нэгэн компанийн талаар шаардлагатай арга хэмжээ аваагүй байна.
     
  • Германы Төв банк алан хядагч, хар тамхины наймаачид, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой этгээдүүдийн бохир мөнгийг шилжүүлж байжээ.


“FinCEN”-ий алдагдсан файлууд нь өмнө ижил төрлийн хэргээс олон орны банкнуудын файлыг илчилснээрээ ялгаатай. Баримтуудыг илчилснээр юуны учир дурдагдсан банкнууд сэжигтэй мөнгөн гуйвуулга, ажиллагаанд саад хийгээгүй вэ гэдэг асуултыг гаргаж тавьж байна гэж ВВС онцолсон байна.

АНУ-ын Сангийн яам алдагдсан баримт бичгүүдийг нийтэлсэн нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах, мөрдөн шалгалтад саад учруулах, сэжигтэй мөнгөн гуйвуулгын талаарх тайлан ирүүлдэг байгууллага, хувь хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлж  болзошгүй гэж мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 09 сарын 22

ugaasaa hamgiin ih gemt hereg hiideg bankuud amerik angliih l baidag shdee

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 09 сарын 21

End bol yuuch boloogui met dunkuu maanag tsarailaal suujiidag yuuch medehgui hend hereggui baahan hujaanuud l bn

0  |  0
Top