Пентагоны нууц материалууд юу өгүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Эх сурвалж: ВВС

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр олон нийтийн сүлжээгээр АНУ-ын Батлан хамгаалах яамны нууцын зэргэлэлтэй хоёр багц материал цацагдсан билээ. Сүүлд Украин төдийгүй Хятад, Ойрх Дорнодтой холбоотой нууц баримтууд ил болсон тухай “New York Times” сонин мэдээлсэн. Үүнээс өмнөхөн тус сонин Украины сөрөг довтолгооны бэлтгэлтэй холбоотой Пентагон болон НАТО-ийн нууцын зэрэглэлтэй баримтууд задарсан тухай мэдээлж байв.

Баримтуудтай холбогдсон орнуудын эрх баригчид мэдээлэл задарсны улмаас учрах хохирлыг үнэлэхээр ажиллаж байгаа ба ил болсон материалууд яагаад ийм удаан хугацаанд анхааралд өртөөгүйд гайхаж байна хэмээн “Washington Post” сонин онцолжээ.

Хэдэн арван маш нууцын зэрэглэлтэй баримтуудын гэрэл зураг анх хоёрдугаар сарын 28-нд болон гуравдугаар сарын 2-нд “Discord” платформд нийтлэгдсэн байна. Гэтэл эрх баригчид “New York Times” сонинд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан нийтлэлээс энэ тухай олж мэджээ.

Баримтууд юу өгүүлэв

Хоёр дахь багц материал нь Украин, Ойрх Дорнод, БНСУ, БНХАУ-тай холбоотой 100 гаруй баримтаас бүрдсэн байна. Баримтуудаас үзвэл АНУ Оросын эрх баригчид төдийгүй Украин болон холбоотон орнуудын өндөр албан тушаалтнуудыг тагнадаг байсан нь илт байна хэмээн “New York Times” мэдээлжээ.

АНУ нь Оросын тусгай алба бүрээс ямар нэгэн аргаар мэдээлэл авдаг байна. Тухайлбал, “Маш нууц” гэсэн тэмдэглэгээтэй баримтад Оросын Жанжин штаб НАТО-ийн Украинд нийлүүлсэн танкийг хэрхэн эсэргүүцэх талаар хэлэлцсэнийг дурджээ. Үүнээс гадна, АНУ-ын тусгай албад Оросын зүгээс цохилт өгөх цаг, цохилт өгөх объектуудын талаар Киевт мэдээлж, ингэснээр Украинд хамгаалах арга хэмжээ авах боломж өгч байжээ. “Washington Post” сонинд бичсэнээр, АНУ-ын тагнуулын алба ОХУ-ын батлан хамгаалах яам Украины цэргүүдийн байршил, эрчим хүчний объект болон гүүр зэрэг дэд бүтцийн объектод хэзээ цохилт өгөхийг урьдаас мэдэж байжээ. АНУ Украины эрх баригчдыг тагнадаг байсан нь тагнуулын албадын тайлангаас илт байна. Ингэснээр Вашингтон Украины цэргийн стратегийн талаар нарийн мэдээлэл авахыг эрмэлзэж байсныг илтгэж байна хэмээн “NYT” бичжээ.

Эдгээр мэдээллээс гадна АНУ-ын холбоотнууд, тухайлбал БНСУ-ын талаарх мэдээлэл мөн ил болжээ. Өмнөд Солонгосыг тагнасан нь БНСУ-тай холбоотой материалуудад тус улсын албан тушаалтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд тусламж үзүүлэх асуудал дээр БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлд шахалт үзүүлнэ хэмээн болгоомжилсон тухай дурджээ. Үүнийг АНУ-ын тагнуулын алба радио техникийн тагнуулын тайлангаас мэдсэн байна. Өөрөөр хэлбэл АНу-ын тал холбоотныхоо утасны яриаг чагнан, цахим захидлыг уншдаг байсан гэсэн үг хэмээн “New York Times” тодруулжээ. БНСУ Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байгаа билээ. Гэхдээ Өмнөд Солонгос Польш болон АНУ-д зэвсэг нийлүүлж байгаа. Польш БНСУ-аас “К-9” өөрөө явагч их буу болон “К-2” танк худалдан авч байгаа ба Украинд “Krab” өөрөө явагч их буу болон “Т-72” танк нийлүүлсэн. Гуравдугаар сарын эхээр Сөүл Солонгост үйлдвэрлэсэн сэлбэг хэрэгсэл бүхий “Krab” их бууг Украинд нийлүүлэхийг зөвшөөрсөн.

Мэдээлэл алдагдсан нь ямар аюултай вэ

Пентагоны нууцын зэрэглэлтэй мэдээлэл алдагдсан нь Москвад мэдээллийнхээ эх үүсвэрийг хааж, Украинд бодит хохирол учруулж болзошгүй.

Үүссэн нөхцөл байдал АНУ, холбоотон орнуудын харилцаанд сэв суулгаж, АНУ-ын нууцаа хадгалах чадварт эргэлзээ төрүүлээд байна гэж “NYT” онцолжээ. Холбоотон орнуудын эрх баригчид тэднийг тагнаж, чагнаж байсанд бараг гайхахгүй ч ийм материалыг ил тод болгосноор Украиныг зэвсгээр хангахад тусламж нь хэрэгтэй БНСУ зэрэг гол түншүүдтэй харилцах харилцаанд нь сэв суулгах аюултай.

Нууцын зэрэглэлтэй материалууд алдагдсан нь тагнуулын мэдээлэл солилцох зорилго бүхий “Таван нүд” эвслийн хувьд “хар дарсан зүүд” болсон хэмээн “NYT” бичиж байв.
 


Эхний багц материал юу өгүүлэв

Хамгийн түрүүнд алдагдсан багц материалд АНУ болон НАТО-ийн Украины армийг сөрөг довтолгоонд бэлтгэх төлөвлөгөөг тусгажээ. Гэхдээ эдгээр баримтад сөрөг довтолгооны тов болон газрын байршлыг заагаагүй байна. Үүний оронд Украины хэдэн анги, нэгтгэл сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа, хэдий хэмжээний техник авах талаар дурджээ.

“NYT” болон “Reuters” агентлагийн эх сурвалжуудын үзэж буйгаар, Оросын хохирлыг багасгах, Украины хохирлыг эсрэгээр нэмэхийн тулд баримтуудыг засварласан байж болзошгүй. Учир нь Оросын хохирлын хэмжээг 16-17 мянга, Украиныхыг 71.5 мянга гэсэн нь Оросын хохирол хэтэрхий бага байгаагаас харагдаж байна.

Баримтуудыг засварласан нь Орост ашигтайгаар худал мэдээлэл цацах гэсэн оролдлого байх магадлалтай. Учир нь алдагдсан баримтууд Оросыг дэмжигч сувгуудаар гарсан. Тиймээс энэхүү хэргийн ард Орос болон Оросыг дэмжигчид байж магадгүй хэмээн Ройтерс агентлаг эх сурвалж дурдан онцолсон байна. “New York Times” сонин үүнийг “дайн эхэлснээс хойш Оросын тагнуулын анхны амжилт” хэмээн нэрлэжээ. Харин Украин эдгээр баримтыг хуурамч хэмээн үзэж байна. Москва Украины сөрөг довтолгоог нураахыг хүсэж байна. Харин жинхэнэ төлөвлөгөөг оросууд дайны талбарт харах болно хэмээн Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Михаил Подоляк мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.46.178) 2023 оны 04 сарын 12

Пентагоны нууц материалууд задарсан талаарх мэдээллийг манай барууны сайтууд яагаад мэдээллэхгүй бна вэ?

0  |  0
Top