ШИЛЭН | "Соёл урлагийг дэмжих сан"-гаас санхүүжүүлсэн "СОДОН" ТӨСЛҮҮД

2023 оны 05 сарын 10


Засгийн газраас авлигатай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй "5Ш" ажиллагааны нэг болох "Шилэн ажиллагаа"-аар энэ удаад Соёлын яаманд харьяалагддаг "Соёл урлагийг дэмжих сан"-ийн санхүүжилтийн мэдээллийг ил болголоо.

Тус сангийн санхүүжилт 2021 оноос эхэлсэн бөгөөд жил бүр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Улсын төсвөөс олгодог. Энэхүү сангийн нэг онцлог нь эргэн төлөгддөггүй нөхцөлтэй байдаг.

“Шилэн ажиллагаагаар” "Соёл урлагийг дэмжих сан"-ийн 2021 онд 1,6 тэрбум, 2022 онд 1,2 тэрбум төгрөг буюу нийт 2,8 тэрбум төгрөгийн зарцуулалтын мэдээллийг ийнхүү ил боллоо.

Дээрх хугацаанд тус сангаас санхүүжилт авсан нийт 73 санхүүжилт авагч байгаа бөгөөд үүнээс 58 хуулийн этгээдэд 2,5 тэрбум (2,552,000,650₮), 15 иргэнд 325,3 сая (325,289,830₮) олгожээ.

СОДОН ТӨСӨЛ

  • Намхай Даваасүрэн гэх эцсийн өмчлөгчтэй "Марчаахай" ХХК-ийн "Цаатан хүүгийн аялал" төсөлд 50 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
     
  • "Цахим соёл соёлын өвийн эрэл хайгуулчид"-ын "Элбэс ширэг төсөл: Эх амаржих, хүүхэд өсгөхтэй холбогдсон Монгол домын соёлыг баримтжуулж, цахим контентоор дамжуулан сурталчлах" төсөлд 40,140,000₮
     
  • "Монгол хөгжим төв" ТББ-ын "Монгол үндэсний өв уламжлалаа урлаг соёлоор дамжуулан хүүхдийг эхийн хэвлийд ураг байхаас нь үндэсний бахархалтай, эх оронч иргэн болгож хүмүүжүүлэх нь" төсөлд 40 сая₮
     
  • "Бичиг соёл боловсролын төв" ТББ-д 35 сая төгрөг олгожээ. Гэвч тус байгууллагын эцсийн өмчлөгч болон ямар төсөлд санхүүжилтийг зориулсан нь тодорхойгүй байна.  -Батаа Золбаяр гэх хувь хүний "Шинэ үе" төсөлд 10 сая төгрөг олгожээ.


60 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ САНХҮҮЖИЛТ АВСАН БАЙГУУЛЛАГА

Тухайлбал, өндөр дүнтэй санхүүжилт авсан байгууллагуудаас Чулуунбат Даваасүрэн гэх эцсийн өмчлөгчтэй “Монголын маркетингийн судалгааны ассоциаци” 2021 онд "Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал" төслөөр 79,930,000₮-ийн санхүүжилт авчээ.

Дараагийн санхүүжилтийг 2021 онд Уртнасан Ганбаяр гэх эцсийн өмчлөгчтэй “Байгаль зэрлэг амьтан хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ-ын “Хүрээлэн симфони сюит & Монголын орон зай мультимедиа” контент бүтээх төсөлд 78,980,000₮ олгожээ.

Мөн Ганбат Хишигжаргал гэх эцсийн өмчлөгчтэй “Монголын үзэсгэлэнт байгаль түүхэн дурсгалт газрууд” нэртэй газар нь 2022 онд “Соёлын өвийн дурсгал хүүхдийн нүдээр” төслөөр 77,500,000₮ авсан байна.

Есдүгээрт Болдбаатар Батболд гэх эцсийн өмчлөгчтэй “Монгол Улсын сонсголгүй иргэдийн үндэсний холбоо” ТББ 2021 онд “Сонсголгүй иргэдийн соёл урлаг, уран бүтээлчдийн түүхэн замнал, Олон улсын дохионы хэл” төслөөр 61,100,000₮ авсан байна.  Аравдугаарт, “Нүүдэл балет” 2021 онд “Долоон бурхан одны домог” төслөөр, “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ “Уухай хамтлаг” төслөөр, “Гэрэгэ дижитал технологи” ХХК нь “Зэв дижитал музей интерактив тайлбартай AR, VR контент”-оор тус тус 60 сая төгрөгийн санхүүжилт авчээ.

 

"СОЁЛ, УРЛАГИЙГ ДЭМЖИХ САН"-ААС САНХҮҮЖИЛТ АВСАН ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top