Н.Учрал: Нийгмийн захиалгаар газар олголтын мэдээллийг ил болголоо

2023 оны 05 сарын 15

Нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг Shilen.gov.mn сайтад нээлттэй байршуулж байгаа талаар өнөөдөр /2023.05.15/ Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хурлын танхимд сайд Н.Учрал мэдээлэл өгч байна. Засгийн газрын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “Шилэн” ажиллагааны хүрээнд хэдэн онд, хэн, хэнд, хэр хэмжээний газар, ямар зориулалтаар олгосон тухай 36,985 мэдээллийг шилэн болголоо.


Тэрээр "Хот бол бага газар дээр олуулаа амьдрах дээд зэргийн зохион байгуулалт, инженерийн төлөвлөлт. Гэтэл өнөөдөр та бид дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод дээд зэргийн зохион байгуулалтгүй шахалдан амьдарч байна.

Улсынхаа газар нутгийн 0,3 хувьд хүн амын 50 хувь нь оршин суудаг ийм хот дэлхий дээр бараг байхгүй. Нийгмийн захиалгаар, иргэдийн хүсэлтээр хотын газар олголтын мэдээллийг ил болгож байна.

Аливаа түүх бүхэлдээ цагаан эсвэл хар байдаггүй. Нэг талаасаа Улаанбаатарын газар олголтын түүх түгжрэл, цементэн ширэнгэ, ус агаар, хөрсний бохирдлын түүх. Харин нөгөө талаасаа Монголын үе үеийн барилгачид, инженерүүд, хувийн хэвшил, компани, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдийн хөлс, хөдөлмөрөөр боссон барилга бүтээн байгуулалтын эх суурь. Гэр хорооллоос орон сууцанд орсон айлуудын нүүдэл суудлын уг сурвалж гэж томьёолохыг хүсэж байна.

Үүнийг улс төрийн өнцгөөр харж болохгүй. Түүх бол түүх, баримт бол баримт” гэв.

Түүнчлэн "Нийслэлийн Засаг Дарга нар хэнд, хаана, хэзээ ямар хэмжээ зориулалтаар газар олгосон талаарх 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг shilen.gov.mn сайтад ил тод болголоо.
 

  1. Газар эзэмших, ашиглах эрх олгосон 14,954
  2. Эрхийн гэрчилгээний талбай, зориулалт өөрчилсөн 6,329
  3. Эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8,525
  4. Эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7,150 гээд нийт 36,958 захирамжийг нээлттэйгээр байршуулсан гэсэн үг. 

Регистрийн дугаараар нь хайвал бүх мэдээллийг нэг дор авч болно. Нийслэлийн аль дарга тухайн үед ямар компани, аж ахуйн нэгжид газар олгосон, түүнийг нь ямар компани, ААН худалдаж аваад, өөр ямар дарга зориулалтыг нь өөрчилсөн бэ гэдэг бүх мэдээлэл харагдана. 

2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өнөөдрийг хүртэлх хугацааны нийслэлийн газар олголтын мэдээллийг дүүргийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгээд, зургаадугаар сарын 1-нээс өмнө байршуулна.

Нийслэлийн хувьд 20 жилийн хугацааг хамрах 36,000 гаруй захирамжийг ил болгож байна" гэдгийг тодотголоо. 
 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top