Манай хоёр хөршийн удирдагчид өнгөрсөн гуравдугаар сард дэлхий нийтийн анхаарлыг татсан уулзалт, хэлэлцээг хийсэн билээ. Ер нь бол Ши Жиньпин, Владимир Путин нарын өмнө хоёр улсын эдийн засгийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэлэх шаардлага хэзээ хэзээнээс илүү нэмэгдчихсэн цонх үе яг одоо тохиогоод буй юм. Түүнчлэн одоогоос хоёр жил гаруйн өмнө бол гарахааргүй байсан шийдвэрүүд өдгөө гарч байна. Тухайлбал, ирэх сарын 1-нээс эхлэн Хятад улс Оросын Владивосток боомтыг өөрийн дотоод боомтоор ашиглаж эхлэх аж.
Тэгэхээр хоёр хөрш ийнхүү тохиролцоо хийн урагшилж буй цаг үед манай Монгол Улс ч далай гатлах төлөвлөгөөгөө ахиулах тал дээр нүүдэл хийхэд анхаармаар юм.
Үүнийг тодотгохын учир нь манай тухайд БНХАУ-ын Тяньжин хотын Дунзян гаалийн баталгаат боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаагаар Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр 2013 онд гарсан ч, өнөөдрийг хүртэл бодит ажил хэрэг болоогүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотод ажиллах үеэрээ 10 гаруй жил дамнасан энэ сэдвийг дүрмийн дагуу үргэлжлүүлэн хөндсөн л дөө.
Үүх түүхийг нь сануулахад, БНХАУ-ын зүгээс манай улсын далайд гарах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тяньжин хотын Дунзян боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар болон тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулж байсан юм. Үүнээс дөрвөн жилийн дараа 2013 онд тус 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглах шийдвэр албан ёсоор гарч байв.
Улс төрийн хүрээнд тохиролцсон уг асуудал урагшлахгүй олон жил болсон нь манай тухайд танил хэв маяг гэхэд болно л доо. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, экспортын төрөлжилттэй зэрэгцэн яригддаг сэдэв бол далайд гарах гарцыг хэрхэн ойртуулах вэ гэдэг асуудал байсаар ирсэн. Энэ чиглэлээр ярьж, хийгдсэн судалгаанууд бийгийн сацуу улс төрийн түвшинд тохиролцсон ч, урагшлаагүй удсан нь аливаа тохиролцооны дараа бид “гэрийн даалгавар”-аа хийдэггүйтэй, оролцогч байгууллагуудын уялдаа холбоог хангадаггүйтэй холбоотойг Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн гүйцэтгэх захирал хэлж байсан.
Хүлээлгийн өрөөнд 10 жил гацсан 10 га газрыг ашиглах тухай асуудал 2018 оноос арай ахицтай чимээ дагуулсаар 2019 оны долдугаар сараас Дунзян боомт дахь тус газарт тээвэр ложистикийн төв барих ажлыг эхлүүлэхээр болсон тухай яригдаж байсан юм. 2018 оны хоёрдугаар сард хоёр улсын зам тээвэр хариуцсан сайд нар 2009 онд байгуулсан санамж бичгийг “Талын зам”, “Хөгжлийн зам”, Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулан, шинэчлэх нь зүйтэй гэж тохиролцон, 2018 оны тавдугаар сард шинэчлэн байгуулж байв.
Тухайн үед “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлэхдээ: “Бараг бүх бараа бүтээгдэхүүн Тяньжин порт дээр боловсруулагдаж, төмөр замаар Монгол Улсад ирж байгаа. Тяньжин боомт Монгол Улсын ачаа тээвэр, ложистикийн хувьд үнэ цэнэтэй хэвээр байх болно. Бид Тяньжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр ложистикийн төв анх удаа байгуулах гэж байна. Монгол Улс далайд гарцтай болох, далайгаар дамжаад гуравдагч зах зээл рүү гарах боломж нөхцөлийг БНХАУ бүрдүүлж өгч байна. Зөвхөн ложистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон гуравдагч зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Манай улс БНХАУ-тай хамтран 2017-2067 он хүртэл 50 жилийн хугацаанд ашиглах 10 газар дахь тээвэр ложистикийн төвийг байгуулахад 124.362 сая ам.доллар шаардлагатай юм гэж байсан.
Гэвч тээвэр логистикийн төв барих ажил эхлээгүй байхад ковид дэгдэж, улмаар уг ажил бүр гацсан. Нийслэлийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар бол, “Тээвэр логистикийн төв” төслийн хүрээнд боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн орчинд бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүнийг стандарт агуулахад хадгалах, талбай түрээслэх, тээвэр зууч, логистикийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тэгэхээр төслийг яаралтай урагшлуулах, 10 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалт хийх тал дээр дэмжихээ Тяньжин хотын удирдлага илэрхийллээ гэсэн байсан.
Мөн "Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон" гэж байгаа юм.
Дашрамд сануулахад, цар тахлын улмаас дэлхий нийтийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд үүссэн асуудлууд манай эдийн засагт амаргүй сорилтууд дагуулсан билээ. Тухайлбал, манай худалдаа эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн 4000 гаруй чингэлэг БНХАУ-ын Тяньжин боомтод саатаж, бөөгнөрөл үүсгэсэн талаар “Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо”-ноос 2021 оны зургадугаар сард мэдээлэл хийж байв. Түгжрэл, бөөгнөрлийн улмаас Хятадын тал зардлаа нэмж, манай тээврийн компаниуд, худалдаа эрхлэгчдийн халааснаас нэмж гарах зардал өдрөөр биш цагаар нэмэгдэж байсан тэр үед боомт дээр илүү төлсөн зардал эцсийн дүндээ иргэд, худалдан авагчдын халааснаас гарах нь ойлгогдож байсан. Ер нь бол манай улс БНХАУ, ОХУ-аар дамжуулан бараа таваар татахдаа өмнө нь ч саад бэрхшээлүүдтэй тулгарсаар ирсэн. Ковидын үед нөхцөл байдал бүр илүү хүндэрсэн юм.
Өнөөдрийн тухайд ковид айдас дагуулахаа больсон ч дэлхийн улс орнуудын геополитикийн нөхцөл байдал, нүүдлүүдийг харахад дайн дажин гэдэг сэдэв улам эрчээ авч болзошгүй. Тиймээс Монгол Улс дэлхийн улс орнуудын харилцааны цонх үеүдийг анзаарч, хэрхэн яаж үр ашигтай байдлаар ашиглаж болох вэ гэдэгт анхаарах л хэрэгтэй болов уу.
Сэтгэгдэл ( 3 )
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
ухаан хүрэхгүй эргүү сайд нартай худлаа бүлтэрдэг ерөнхийлэгчтэй ярихаас цаашгүй ерөнхий сайд гээд нэг бацаантай ийм төр байгаа цагт бид хөгжил яриад урагшаа харах ямарч боломж харагдахгүй байна даа
Бид харин орос зэрлэг, хужаа муухай гэсэн феодалын үзэл суртлаасаа салж чадахгүй байсаар байтал\nбаруун талаар станы улсууд төмөр замаа эхэлчихлээ торгоны замыг утгаар нь, \nмакроны цахилгаан станцын амлалтыг хүлээнэ, джо өвгөн хэзээ доллар зээлэх бол гэж горьдоно,\nцаг үеэ дэлхий биднийг хүлээхгүй нь лав ...