"Турк хоолны өдөр"-өөр Хатай мужийг онцоллоо

2023 оны 05 сарын 26

БНТУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор, Туркийн Соёл, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр жил бүрийн тавдугаар сарын 21-27-ны өдрүүдэд “Турк хоолны өдрүүд” арга хэмжээг дэлхий даяар болон Турк Улсад нэгэн зэрэг тэмдэглэдэг.

Турк үндэстний хоолны эрүүл мэндэд ээлтэй, хог хаягдалгүй болоод эртнээс уламжилж ирсэн тогтвортой байдлыг олон улсад танилцуулах зорилготой тус арга хэмжээг энэ жил "Тогтвортой Турк хоол: Хог хаягдалгүй, уламжлалт, эрүүл мэндэд ээлтэй " хэмээх сэдвийн дор зохион байгуулж байна.

Турк улс энэ жилийн олон улсын хоолны арга хэмжээндээ Хатай мужийн үндэсний хоолыг онцоллоо. Тус муж нь хоолны өвөрмөц соёлоороо бусад мужуудаасаа ялгардаг бөгөөд гастрановын чиглэлээр Юнескогийн бүтээлч хотуудын сүлжээнд байдаг аж.

Тэгвэл "Турк хоолны өдөр"-ийг энэ жил Улаанбаатар хотноо БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийн гэргий Хатагтай Айла Атеш онцлон танилцууллаа.

Тэрээр, хоолны өдрийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Турк үндэстний гал тогоо нь олон зуун жилийн түүхтэй. Орчин үеийн Турк үндэстний гал тогоо нь Сэлчукийн болон Османы эзэнт гүрний үеийн гал тогоо болон өнөөгийн Туркийн өнцөг булан бүрийн үндэстний гал тогооноос үүсэлтэй ба энэ нь Турк үндэстний хоолыг өнөөгийн хэлбэрт оруулах боломжийг олгосон. Тийм ч учраас Турк үндэстний хоол нь дэлхийн хамгийн баян гал тогооны нэг юм.

Турк үндэстний хоол нь амт чанар, төрөл зүйлийн хувьд баялаг төдийгүй эрүүл, тэнцвэртэй хооллолтод ч тохиромжтой. Турк хоол нь бидний хувьд сайхан зассан ширээнд сууж, хоолоо зооглоод босох төдийхнөөс илүүтэйгээр гэр бүлийн эв нэгдэл, сайхан яриа өрнүүлж, өөрт байгаагаа хуваалцах гэсэн утга учрыг ч мөн агуулдаг.

Манай ард түмний соёлыг төлөөлөх тал дээр маш чухал байр суурь эзэлдэг үндэстний гал тогоо нь бидний мөн чанарыг илгэдэг юм" гэв.

Хатагтай Айла Атеш энэ өдөр Элчин сайдын өргөөндөө УИХ-ын дарга Г.Занданшатарын гэргий, хатагтай Г.Отгонгэрэл, Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын гэргий, хатагтай Ч.Мичидмаа болон Монгол Улсад суугаа Элчин сайд нарын гэргий тэргүүтэй найз нөхдөө урин, хамтдаа хоол хийлээ.

Тэд хамтдаа Туркийн Элчин сайдын яамны тогооч, ноён Энгин Бэйгийн заавраар Хатай мужийн алдартай хоолнуудын нэг "Татсан махтай кибаб", "Амталсан булгур будааны холиг" гэх хоёр хоол хийж, амталсан юм.

Хатагтай Айла Атешаас "Турк хоолны өдөр"-өөр Хатай мужийг онцолсон нь тус мужид болсон газар хөдлөлтийн гамшигтай холбоотой байж болох талаар лавлахад "Хатай муж нь Турк хоолны соёлоороо алдартай. Хоёрдугаарт манай улсад байгалийн гамшиг болсон. Тэр ч утгаараа Хатай мужийн соёлыг олон нийтэд танилцуулах зорилгоор БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонголтоор Хатай мужийг онцолсон. Хатай муж нь гал тогооны маш олон төрөл зүйлтэй арвин баялаг хот гэж болно. Мөн ЮНЕСКО-ийн бүтээлч хотуудын сүлжээнд багтсан хот юм. Нийтдээ 650 орчим хоолны төрөлтэй. Түүнээс гадна маш олон төрлийн хоол амтлагчаар баялаг муж учраас энэ жилийн арга хэмжээнд онцолж сонгосон" гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top