ФОТО | Жаргалтай харц, цовоо инээдээр бялхсан ХҮҮХДИЙН БАЯР

2023 оны 06 сарын 01

2023.06.01 | Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр.

Энэ өдрийг Монгол Улс “Нэгдүгээрт хүүхэд” уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна. Жил жилийн энэ л өдөр аав ээж, эмээ өвөө, ах эгч нар нь энхрий бяцхан үрсээ аль чадахаараа баярлуулахыг хичээнэ. Тиймдээ ч томчууд "Бяцхан дарга" нарынхаа аясаар үйлчилж, цагийг зугаатай өнгөрөөнө. Энэ л агшинд Монголын өнцөг булан бүрд хүүхдүүдийн баяр хөөр, цовоо гоёхон дуу цангинаж байгаа даа.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг төр засаг ч бодлогоор анхаарахын зэрэгцээ улсын ирээдүй болсон хүүхдүүдээ ая тухтай, тоглож наадах, хөгжилдөж зугаацах таатай орчныг бүрдүүлэн урлаг, спортын олон арга хэмжээ зохион байгуулж байна.

Тухайлбал, Улсын нийслэл Улаанбаатарт өнөөдөр “Монгол хүүхдүүд” арга хэмжээ 500 орчим хүүхдийн парадаар эхэллээ. Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгарсан нь үзэгч хүүхдүүдэд тун ч сонирхолтой.

Энэ жилийн тухайд нийслэлд хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааг 14 байршилд зохион байгуулж байгаа юм. Сүхбаатарын талбайд спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулж, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас хүүхдүүдэд хэрхэн зөв аялах талаар мэдээлэл өгөхөөс гадна 20:00 цаг хүртэл соёл, урлагийн арга хэмжээ болно.

Мөн Соёлын төв өргөөнд “Хөгжлийн харандаа” танин мэдэхүй, инновацын үзэсгэлэн, Монголын хүүхдийн ордонд “Хүүхдийн ертөнц” фестиваль, Хүүхдийн урлан бүтээх төвд “Бүтээлч хүүхэд” өдөрлөг, түүнчлэн дүүрэг бүр нутаг дэвсгэртээ арга хэмжээ зохион байгуулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top